2016 оны 01 сарын 15

Хорвоод алдар нь түгсэн
Ховор эрдэнэ Монгол адуугаа мялаая
Алс тэртээх Завхан нутгийн уяач
Аюушийн Ширнэнгийн шарваа хээр
Халх даяар дурсагдах сайхан ажнай хүлэг
Хаа ч ахин тодрохгүй сайхан буян

1960-1963 онуудын аймгийн баяр наадамд завсаргүй дөрөв түрүүлсэн тэрхүү хурдан хүлэг бол Ширнэнгийн шарваа хээр буюу. 1952 он Усан луу жилийн хавар малчин ард Ширнэнгийн Цагаан шилт хэмээх хээр гүүнээс эр хээр унага гарсан нь хожмоо Шарваа хээр хэмээх шандаст хурдан хүлэг болсон юм.  Шарваа хээрийн эх Цагаан шилт хээр гүүнээс бас нэгэн эр халтар унага гарсан нь Чимэддоржийн хурдан халтар морь юм. 1959 оноос хойш Шарваа хээр, Чимэддоржийн халтар хоёр аймгийнхаа наадмыг хэдэн жил ноёлосон бөгөөд хил залгаа Говь-Алтай аймгийн сумд болон Алдархаан сумыг тойрсон нутгуудаар уралдах бүртээ түрүүлж, аман хүзүүддэг байсан гэдэг. Ингэхдээ Шарваа хээр нь түрүүлж, дүү халтар нь аман хүзүүддэг байж.

1972 оны Усан хулгана жилийн өвөл Шарваа хээр нас ахисаны улмаас турж эцсэн талаархи мэдээг Монгол Улсын ууган нэгдэл Партизан Чойбалсан нэгдлийн дарга Жанчивт мэдэгдсэнээр түүнийг тэжээж онд оруулах, эс чадвал чихмэл хийх тул тэр хэвээр нь авч ирэх даалгаврыг холбогдох хүмүүст нь үүрэг болгосон гэдэг. Ийнхүү авч явхаар болсон хүмүүс эзнийд нь очтол "Улаан хайрханы өвөрт адуундаа байгаа өглөө аваад яв" гэсэн гэнэ. Өглөө нь босоод адуун дээр нь яваад очтол Шарваа хээр байсангүй. Ойр хавиар нь хайсан боловч олсонгүй. Ингээд хэд хоногийн дараа нутгийн малчин Дэмиддагва гэдэг хүн "Морь чинь Бор хайрханы оройд босоогоороо үхсэн байна" гэсэн сураг дуулгажээ. Шандаст хурдан Шарваа хээрийнхээ сургийг сонссон хүмүүс Бор хайрханы оройд очиж үзвэл үнэхээр босоогоороо хальсан байжээ. Хээр морины нэг талыг хээрийн амьтан идчихсэн байсан тул чихмэл хийх боломжгүй болж аман хүзүү, толгойг нь аваад тэнд нь оршуулсан түүхтэй юм гэдэг.

Сэтгэгдэл