2016 оны 01 сарын 15

Хөвсгөл аймгийн "Дэлтэй цэнхэр" МСУХ-ны нарийн бичгийн дарга, ААУяач Түдэндоржийн БОЛДБААТАР. Энэ хүнийн хурдан халиун үрээгээр нь Монголын морь сонирхогчид хэзээний андахаа байсан биз ээ. Нутгийнхан нь бол "Замын Болдоо" л гэнэ. Учир нь тэрээр "Хөвсгөл зам" ХХК-ний ерөнхий захирал хүн. Одоо бол холбооныхоо нарийн бичгийн хажуугаар Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргын албыг хажиш байгаа. Түүнийг халх даяар нэрд гарсан хурдан халиун үрээ нь Сүхбаатар аймгийн Халзан сумын ААУяач Я.Буйрын унаган адуу. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ААУяач "шонх" Мөнх-Эрдэнэ уяж таван аймгийн нутагт цоллуулаад байна. Үүний гурав нь Засгийн газрын тогтоолтой бүсийн наадам, нөгөө хоёр бараг л бүсийн наадам гэж болохоор аймгийн тэгш ой. 2011 онд шүдлэн насандаа Хөвсгөл аймгийн 80 жилийн ойд аман хүзүүдэж, Өвөрхангай аймгийн 80 жилийн ойд айргийн тавд хурдалсан. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, зүүн бүсийн даншигт айргийн гуравт хурдалж, өнөө жил Дүнжингаравт дөрвөөр хурдалж, давхар уяагаар "Эрдэнэт хурд 2013" хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдлээ. Ийнхүү таван аймгийн нутагт тоосоо өргөхдөө тав айрагдаад байгаа энэ хурдан хүлэг ирэх жилийн улсын наадмаар Хүй мандалын дэвжээнээ хурд сорих биз ээ.

Халиун үрээний томоохон амжилт гэвэл дээрх тав. Үүнээс гадна Сүхбаатар аймгийн аварга хүлгийн уралдаанд өнгөрсөн жил түрүүлж, өнөө жил аман хүзүүдсэн. Ер нь тэгээд унаган нутаг Сүхбаатартаа болон эзнийхээ нутаг Хөвсгөл аймагт олон уралдааны түрүү магнайгаар цоллуулсан цуутайхан ажнай.

Сэтгэгдэл