2016 оны 01 сарын 15

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, ААУяач Цэндсүрэнгийн Ганхуягийн босоо хээр үрээ 1999 оны улсын их баяр наадамд шүдлэн насандаа түрүүлж, хойтон жил нь Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн наадамд аман хүзүүдсэн байдаг. Босоо хээр үнэхээр босоогоороо төрсөн унага. Босоо төрсөн адуу хурдан гэдэг үнэн буюу. Алдарт их Маарын хээр азаргыг бас босоо төрсөн гэлцдэг. Ц.Ганхуягийн дүү МУМУяач Ц.Онгуу хаврын нэгэн өглөө адуугаа дурандаад сууж байтал хоёр улаан гүү зэрэг унагаласан гэдэг юм. Нэг улаан гүүнээс нь бараан унага урд хоёр хөлөөрөө шууд газар тулан ухасхийгээд босоогоороо тэнцсэн байна. Хээр унага тэр дороо адуу усруу ороход эхийгээ дагаад явсан гэдэг.

Ийнхүү босоо төрсөн хээр унага 1999 оны улсын их баяр наадамд тоосоо өргөхөөр болж. Тэр жил сунгааны үзүүр дээр хөдөлгөхөд 50 милл хүрч байсан гэдэг. Тэр сунгаанд улсад түрүү, аман хүзүүнд давхисан шүдлэнгүүд байлаа. Ийнхүү Хан-Уулын ард халхын хурдан хүлгүүдтэй хурд хуваан хол тасархай түрүүлсэн Босоо хээр үрээ хойтон жил нь Өвгөнноёны наадамд аман хүзүүдсэн түүхтэй. Босоо хээрийг зүүн бүсд түрүүлэхийн өмнө буюу 2000 оны улсын наадмаар Ц.Ганхуягийн халтар хязаалан /босоо хээртэй чацуу/ түрүүлж, дүү Онгуугийнх нь шарга даага айрагдсан байдаг. Манлай уяач Ц.Онгуу тэр жилийн /2000 оны/ улсын наадамд хонгор, шарга зүсмийн хоёр даагатай ирсэн. Наадмын өмнөх Налайхын сунгаанд хонгор нь хурдан байлаа. Сунгаа бүрт л түрүүлээд байв. Харин улсын наадмаар арайхан айрагдаж чадалгүй 8-аар орчихсон гэдэг. Шарга даага нь байдаггүй ээ. Онгуу манлай даагаа тосч авахаар давхисан боловч олсонгүй, сураг ч гарсангүй. Яав ийв болтол Онгуу манлай хамт явсан хүмүүстээ гэнэт "хүүе нөгөөдөх чинь хашаан дотор орчихсон юм биш биз дээ" гэхэд "юмыг яаж мэдэхэв" гээд очтол шарга даага айрагдчихсан хашаан дотор зогсож байсан гэдэг.

Сэтгэгдэл