2016 оны 01 сарын 15

Монгол төрийн наадмын их насны түрүүг хүртэж их говийн нэрийг цуурайтуулж явсан "хөдөөний хөх уяач"-ийг Монголын морь сонирхогчид андахгүй сайн мэднэ. Тэр хүн бол Монгол улсын Манлай уяач Дамбадаржаагийн ЭРДЭНЭЧУЛУУН. Нэгэн мянга есөн зуун ерэн долоон он. Энэ бол түүний том наадмын өм нээгдсэн жил. Монголын их сэтгэгч номч лам Зава Дамдин гавжийн мэндэлсний 130 жилийн ой, говийн бүсийн даншиг наадам Дундговь аймагт болоход Эрдэнэчулуун манлай хээр даагаа түрүүлгэж байсан түүхтэй. Манлайн төрсөн нутаг Луус сумын "Салхит"-ын овооны тахилга наадамд түрүүлсэн хээр даагаа сумынхаа түмэн адууны баярт уралдуулалгүй /1997 онд Луус сумын түмэн адууны баяр болсон юм/ даншиг наадмыг зорьсон нь тийнхүү түрүү хүртэх ерөөлтэй байж. Говийн бүсийн даншигт түрүүлсэн тэрхүү хээр даага "Даншиг хээр" хэмээх нэртэй болсон бөгөөд хойтон жил нь аймагтаа дахин түрүүлж, хязаалан үрээ анхны Говьшанхад 10-т хурдалсан гэдэг. Тэр жил улсын наадмын долооны сунгаанд сайн байсан /зургаалсан/ ч улсад мордуулалгүй Говьшанхыг зорьсон ба үзэгчдийн үзүүрлүү таваар орж ирээд 10-т баригдсан байдаг. Ажнайн Бат-Эрдэний санаачилгаар 1999 онд өмнийн шаргал говьд зохиогдсон "Говьшанх 1999" говийн бүсийн анхдугаар уралдаанд Эрдэнэчулуун манлай соёолон хонгор морио аман хүзүүдүүлсэн нь хожмоо говийн бүсийн даншигт гурвантаа айрагдсан хурдан ажнай болсон юм. Уншигч та бүхэндээ тэрхүү "их говийн хурдан хонгор" морины талаар товчхон хүргэе.

Эрдэнэчулуун манлай нэгдэл адуунаас хязаалан насны хонгор байдас худалдан авч "Их хүрэн" хэмээх азаргандаа хураалгаснаар 1995 оны хавар хурдан хонгор морь нь гарсан юм. Дааган насандаа уягдаагүй хонгор ажнай 1997 оны Луусын түмэн адууны баярт шүдлэн насандаа есөөр хурдалсан. Энэ бол хурдан хонгор морины их амжилтын эхлэл. Хонгор морьтой нас чацуу, эцэг нэгтэй бага халтар /Том халтар хэмээх хурдан халтар морь нь 2001 онд Дундговь аймгийнхаа наадамд түрүүлсэн ба том жижиг олон уралдааны асрын өмнө алтан жолоо өргүүлсэн хурдан ажнай бий. "Өдгөө 25 настай морь адуундаа бий" хэмээн Манлай маань хуучилж байна лээ/ морь нь бас л айргийн архнаар зургаалж байсан юм. Харин хойтон жил нь буюу 98 оны Дундговь аймгийн баяр наадамд хязаалан, шүдлэн хоёр хээр үрээ /Даншиг хээр, Бага халтар/ нь түрүүлж байхтай зэрэгцээд Өлзийт сумын наадамд хязаалан, шүдлэн хоёр хонгор /хурдан хонгортой эцэг нэгтэй бас нэг хурдан хонгор морь байсан/ үрээ нь түрүүлж байсан бахдам түүхтэй. 99 онд хоёр хээр үрээгээ улсад уралдуулж, Даншиг хээрийгээ мордуулалгүй авч үлдээд Бага халтар морь нь соёолон үрээ 100 гаргаж хурдалсан. Наадмын өмнөх сунгаануудад тун хурдан байсан ч уралдахын урд орой нь бог идүүлээд өлдүүлчихсэн гэдэг юм. Харин тэр жил Адаацаг сумын 40 жилийн ой болж хязаалан, соёолон хоёр хонгор нь үрээ нь түрүүлсэн байдаг. Манлайнх Баян-Өнжүүлийн Бараатын уулын урдхан талаар зусч байгаад нутаг нүүх замдаа гэр ачаатай "ЗИЛ 130" машинаа наадмын талбайд зогсоочихллд Адаацагийн 40 жилд наадаад гарсан нь тэр. Бас нэг буурал шүдлэн айрагдсан байдаг. Малын бэлчээр даган жилийн дөрвөн улиралд нүүж явдаг Манлай зуны гурван сардаа бол наадсан шиг наадна. Адаацагийн наадмын дараа соёолон хонгор морьтойгоо Говьшанхад очиж уралдаад Тод манлай уяач Г.Сандуйжавын дүү зээрдийг арайхан дийлэлгүй аман хүзүүджээ. Наадмын дараа "Миний хонгор морь ч алдаараа л харайж байна, ход нь арай хүрсэнгүй дээ" гэж байсан гэдэг.

Говь нутагт төрсөн гайхам хурдан ажнай гэдгээ нэгэнт баталсан хурдан хонгор морио зургаан настайд нь уялгүй өнжөөж, долоон настай морь Луус сумынхаа наадамд аман хүзүүдүүлсэн. Нийлсэн жил нь Дундговь аймгийн 60 жилийн ой, говийн бүсийн даншигт дахин айрагдуулж, есөн настай морь улсад 16-аар орж давхар уяандаа Хулд сумын наадамд түрүүлээд "Говьшанх - 2" уралдаанд хоёрдахиа айрагдсан. 2004 онд 10 настай идэрхэн хүлэг Долоон худгийн дэнжид тоосоо өргөхдөө газрын цээжинд гартал зарлагдсаар 80 гаргаж орсон гэдэг. Харамсалтай нь тэр жилийн улсын наадмаар уралдаж ирээд эндчихсэн гашуун түүхтэй.

Дашрамд дуулгахад Д.Эрдэнэчулуун манлай 1997 онд бүсийн наадмын анхны түрүүгээ хүртсэнээс хойш 2009 оны Очирвааны хурд баруун бүсийн даншигт зээрд даагаа айрагдуулах хүртэл улс, бүсийн наадмаас 3 түрүү, 10 айраг хүртсэн байна. Тодруулбал:...

1. 1997 оны Зава дамдины 130 жилийн ой, говийн бүсийн даншигт "Даншиг хээр" даага түрүү

2. 1999 оны Говьшанхад хонгор морь аман хүзүү

3. 2002 оны Дундговь аймгийн 60 жилийн ой, говийн бүсийн даншигт хонгор морь айргийн дөрөв

4. 2002 оны Дундговь аймгийн 60 жилийн ой, говийн бүсийн даншигт загал хязаалан айргийн дөрөв

5. 2003 оны Говьшанхад хонгор морь айргийн тав

6. 2003 оны Говьшанхад загал соёолон айргийн дөрөв

7. 2003 оны Говьшанхад хээр соёолон айргийн тав

8. 2007 оны Говьшанхад хар морь түрүү

9. 2007 оны Говьшанхад хүрэн соёолон айргийн тав

10. 2008 оны "Их мандал" говийн бүсийн хаврын уралдаанд хар морь айргийн дөрөв

11. 2008 оны "Их мандал" говийн бүсийн хаврын уралдаанд хавчиг хүрэн азарга айргийн тав

12. 2008 оны АХ-ын 87 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хар морь түрүү

13. 2009 оны "Очирвааний хурд" баруун бүсийн даншигт зээрд даага айргийн гурав

МУМУяач Д.Эрдэнэчулуун говийн бүсд гурвантаа айрагдсан хурдан хонгор морио 1999 оны Говьшанхын хурдад аман хүзүүдүүлээд байгаа нь. Унаач нь түүний дунд хүү Э.Пүрэвсүрэн. Өдгөө сумын алдарт уяач цолтой. Дундговьд хамгийн анх зайдан морь унасан хүүхэд гэдэг ба 1997 оны Зава дамдины 130 жилийн ойгоор Даншиг хээр даагаа зайдан унаж түрүүлж байсан. Эрдэнэчулуун манлай бүсийн наадмын анхны түрүүгээ хүртсэн тэрхүү наадмынхаа тухай "Анхны бүсийн наадмын түрүү 1997 Заваа Дамдины мэлмий гийсний 130 жилийн ойн даншиг том наадам болж газар газраас хурд цуглаж байлаа. Тэр үед бүсийн наадамд айраг түрүү авч үзээгүй, аймагтаа л цөөн хэдэн айраг түрүүтэй байлаа. Гэтэл хээр даагаа харахаар нэг л айрагдчих юм шиг санагдаад болдоггүй. Ээждээ нэг харуулчих санаатай дүүдээ “Ахын чинь морь айрагдах гээд байна. Ээжийг аваад ир” гэсэн чинь “Газар газраас ийм олон сайхан хурд цуглачихаад байхад тэр жижигхэн даага яаж багтахав” гээд тоох юм биш. Минийхээр бол уяа сойлго нь жигдрээд хурдтай байгааг өөрөө мэдрээд байсан болохоор хүнд яримаар байдаг ч нэрэлхүү зан дийлээд байдаг. Тэгээд багынхаа найз Чулуунбаатартаа “Миний даага баттай айрагдана даа” гээд үзүүлсэн чинь “Ийм жижиг даага энэ том наадамд багтах уу” гээд бас л ойшоосонгүй. Дараа нь найз Дэлгэрцогт сумын адуучин Эрдэнэбаяр нартай уулзаад яриад суутал энэ зүүн хойд Дэрэнгийн сунгаан дээр улсын Алдарт уяач шар Цэрэндагвын долоон угсраа даага орсон гэнэ. Би ч бодлоо. “Нэг хүний долоон даага угсарч байхад нэг даагатай айрагдана гэж бодож л байдаг. Газар газраас олон аавын хүү азаа үзэх гээд өчнөөн сайхан даага шандас шалгахаар ирчихсэн байхад надад тээглэхгүй ч юмуу” гээд зүрх алдаж байсан. Даага мордоход 150 гаруй даага эргэсэн юм. Тухайн үед Дундговь аймагт зайдан морь уралддаггүй дан эмээлтэй унадаг байсан. Манай унаач хүүхэд томдох талдаа орчихсон, даага нь жижигхэн болохоор зайдан мордууллаа. Удалгүй “хангай зүгээс ирсэн байх, цагаан хувцастай эрэгтэй хүүхэд зайдан унасан хээр даага холдлоо, тасарлаа” л гээд зарлагдаад эхэлсэн. Хаана ирж суудаг бол доо гээд түгшиж байтал тэр чигтээ явж байгаад түрүүлчихсэн юм" хэмээн ярьсан байна

Сэтгэгдэл