2016 оны 01 сарын 15

Монгол наадмын түүхэнд дахин давтагдашгүй, давтадах хэцүүхэн тэр л гайхамшигт амжилтыг үзүүлсэн хүлгүүдэд Төрийн цол олгодог бөгөөд одоогоор Монгол улс төрийн цолтой найман хүлэгтэй болоод байна. Уншигч та бүхэндээ төрд данслагдсан эдгээр түмэн эхүүдийн гэрэл зургийг танилцуулганы хамт хүргэе.

 

XX зууны эхээр Халх монгол даяар дуурссан алдар нь дахин давтагдаагүй нэгэн хурдан хүлэг байсан нь VIII богд Жавзандамба хутагтын түмний эх хээр алаг морь юм. Түмэн баяр цогцлоосон амгалант хүлэг цолтой. Нэртэй зохиолч, өвгөн партизан Ж.Дамдины 1975, 1976 оны бичгийн мэдээгээр жасын хөх Дондог уяач хээр алаг даагыг малын зах дээрээс эсвэл Да захирагчийн адууны бэлчээрээс 10 лан мөнгөөр худалдан авсан гэсэн хоёрдмол санаа бичигджээ. Нэг найраглалд нь Хараа, Бороогоос хойхнуур нутагтай хээгүй Гунгаа гэдэг хүнээс Гэлэгяримпил ламд барьцаанд өгсөн алаг даага Да захирагчид зарагдсан гэжээ. Нөгөө нэг өгүүлэлд нь Сэцэнханы Өндөрхаан буюу Хэнтийн Мөрөнгийн их шавийн Тавнангийн отгийн Самидын Гунгаагийн унаган адуу 1894 онд төрсөн, эзэн нь голоод малын зах дээр зарсан гэх мэт ажгуу. Даншиг наадмын хурдан морины уралдааны бичгийн сурвалжтай тулган үзвэл мөн зөрүү буруу зүйл байна. Ер нь энэхүү найраглалд гарч байгаа Гунгаа, Гэлэгяринпил, Да захирал нар нь зохиомол уран сайхны дүр бололтой юм. Ж.Дамдин 1898 оны шар нохой жил соёолон хээр алаг үрээ Сэцэнханы буурал соёолонтой ач тач үзсээр сугаран зугатаж Магнаг толгой энгэр Шар орны өмнө тасархай түрүүлсан гэжээ. 1898 оны бичгийн мэдээ олдоогүй юм. Тэр онд хязаалан настай хээр алаг үрээ л түрүүлсэн байж болох тул зөрж байна. Тэгвэл Ж.Дамдины нэг мэдээнд хязааландаа түрүүлсэн гэсэн байдаг. Хэрэв хязааланд түрүүлсэн бол Түмний эх хээр алаг соёолон гэх байсан биз ээ. Харин бичгийн сурвалжаас үзвэл 1899 оны Шарагчин гахай жил Жавзандамба хутагтад хуучин журам болон басхүү луут шүхэр түшлэгээр шагнасны учир Халхын таван газраас Баторшил давхарлан өргөөд таван насны 1229 морь уралдуулжээ. 315-н Соёолон уралдуулж 105-ыг барьсныг тэргүүн нь их шавийн сүргийн хээр алаг байлаа. Ийнхүү хамбын отгийн уяач Дондог хээр алаг соёолонгоо Богд эзэндээ өргөн барьж, шадар хүлэгч болжээ. Тэр цагаас хойш Богд эзний нэрийн өмнөөс уралдагч хээр алаг Түмэн эх баттай дархлагдаж 1902, 1904, 1906, 1907 онуудад тус бүр нэг, 1908 онд 2 удаа, нийт 7 удаа их наадамд түрүүлжээ. Бичгийн сурвалж олдоогүй 1903, 1905 онуудад мөн түрүүлсэн байж болох юм. Ардын аман болон бичгийн мэдээ, олдоогүй он цагийг тооцвол 1898-1908 оны хооронд 10 түрүүлсэн байна. Их сүргийн хээр алаг Түмэн эхийн дээрх амжилтыг өнөө хир улсын том наадамд эвдэж чадаагүй байна. Энэхүү алдарт хүлгийн цол гуншингаас зөвхөн 1906 онд түрүүлэхэд нь Сүргийн бадарсан шинжин бататгасан, мөнх төрийн баясгалант энэ их баяр наадмын өмнө эрхийн цогийг бадруулагч, чандманийн сорыг оргилуулагч, эрдэнийн тун ч торойгч, санаснаар сонин бардаад ирэгч, онц идэр түмэн эх ТҮМЭН БАЯР ЦОГЦОЛСОН АМГАЛАНТ ХҮЛЭГ хэмээн цололсон бичгийн сурвалж үлдэж хоцорчээ. Амгалант хүлэг түмэн эх хээр алаг морь бол биеэр өндөр, өвчүү өргөн, согоон чихтэй, дэл сүүлний ширхэг нарийн шингэхэн, үс торгомсог, арьс нимгэн, ташаа өргөн, ханхар цээжтэй, халтар амтай, сайхан хар бор хээр гэмээр зүстэй, дөрвөн шийр цагаан, зөв талын хаан дээр алаг дарам хир хэсэг цагаан үстэй, духандаа том сартай ажгуу.

Төв аймгийн Баян сумын уугуул Жамцын Шийтэрийн зээрд азарга. Засаг төрийн зандан ширээ цолтой. Энэ азарга нь Ардын төрийн их баяр наадамд азарга болсон хойноо буюу тухайн үед ид хурдалж байсан Гомбосүрэнгийн туулай хээр, Даваанээрэнгийн хүрэн халзан, Галын хээр, дулаан Дамдинжавын хонгор, Даваасүрэнгийн хонгор, Галшарийн домог болсон Бөгөн хул, Одон улаан мэтийн олон азарганы эрин үед гайхам амжилт үзүүлэн 1956, 1958, 1960, 1962 онуудад улсын наадамд 4 түрүүлсэн бөгөөд 1954, 1957, 1959 онуудад аман хүзүүдсэн байдаг. Ийнхүү төрийн их баяр наадамд 4 түрүүлж 3 аман хүзүүдсэн амжилтаар Монголын хурдан морины түүхэнд Төрийн цол хүртсэн хоёрдахь хүлэг болсон юм. Зээрд азарга нь Төв аймгийн Авдарбаян сумын уяач О.Санжаабүүрэгийн улсын наадамд 3 түрүүлж, 4 айрагдсан хурдан цавьдар азарганы үр. О.Санжаабүүрэгийн цавьдар азарга нь Даншиг наадамд 2 аман хүзүүдсэн Боржигин цэцэн вангийн хошууны уяач Баастын ногоон азарганы угшил гэгддэг. Мөн зарим номонд Баянцагаан сумын Нэрэмжимээгийн адууны удам ч гэж тэмдэглэсэн байдаг. Зээрд азарга нь жижигхэн биетэй, цэвэрхэн хийцтэй, их догшин азарга байжээ. Бага насандаа айхтар хурдлаагүй боловч нас гүйцсэн хойноо ийнхүү түүхэн амжилт үзүүлсэн байна.

Төв аймгийн Баянжаргалан сумын харъяат Залуугийн Даваанэрэн начны хүрэн халзан азарга. Мөнх төрийн мөнгөн магнай цолтой. Халзан азарга 1952 оны улсын наадамд хязаалан түрүүлж, 1955, 1959, 1961 онуудад азарга болсон хойноо түрүүлж 1953 онд соёолон айргийн дөрөвт, 1960 онд азарга айргийн гуравт, 1963 онд азарга айргийн тавд тус тус хурдалсан байдаг. Ийнхүү Төрийнхөө их баяр наадамд 4 түрүүлж, 3 айрагдсан амжилтаар Төрийн цол хүртсэн гуравдахь хүлгээр шалгарсан билээ. Даваанэрэнгийн халзан азарга нь Засаг төрийн зандан ширээ Шийтэрийн зээрд азаргийг дийлж түрүүлсэн гуравхан азарганы нэг нь. Хүрэн халзан азарга З.Давааннэрэнгийн өөрийнх нь хар азарганы төл бөгөөд эх нь Хэнтий аймгийн угшилтай харагч гүү байсан гэдэг. Хүрэн халзан азарга нь эрлийз адуу шиг дээр толгойтой, гоёмсог цэвэрхэн хийцтэй, хурдан адууны бүх л шинжийг цогцлоон төрсөн хурдан хүлэг юм. Халзан азарга өөрөө өндөр амжилтийг үзүүлсэн төдийгүй үр төл нь өнөөг хүртэл үе дамжин хурдалж байна. Тухайлбал, Төв аймгийн Баянцогт сумын н.Цэнддоржийн хүрэн азарга улсын наадамд 1 түрүүлж, 1 айрагдсан ба энэ хүрэн азарганы төл хүрэн морь мөн улсын наадамд 1 түрүүлж, 1 айрагджээ. Түүнчлэн улсын наадамд 1 түрүүлж, 5 айрагдсан О.Маарын хээр азарга бол хүрэн халзан азарганы үрийн үр юм. Мөн улсын наадамд 3 түрүүлж, 1 айрагдсан Дархан түмэн эх Д.Ганбаатарын хүрэн халзан, Их хурд, Улс, Бүсийн наадамд айрагдсан Б.Мөнгөн-Оньсийн бөмбөг халзан морьд хүрэн халзан азарганы удамтай билээ. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач Ц.Сандагдоржийн түмэн эх хар азарганд ч хүрэн халзан азарганы цус шингэсэн гэсэн мэдээ байдаг. Хүрэн халзан азарганы үр удам нь эдгээрээс гадна Монгол даяар хамгийн өргөн тархаж, жигд сайн хурдалж байгаа юм. Тодотгол: Ж.Шийтэрийн зээрд, З.Даваанэрэнгийн халзан азарга хоёрын түрүүлсэн, айрагдсан амжилт нь яг ижилхэн боловч амжилтыг нь цааш нь гүнзгийрүүлэн авч үзвэл чанараараа зээрд азарга нь давуу юм. Адилхан дөрөв дөрвөн удаа түрүүлсэн, үүнд ялгаа зөрөө бага бий. Мөн адилхан гурав гурван удаа айрагдсан үүнд харин ялгаа их бий. Зээрд азарга нь гурван удаа айрагдахдаа дандаа аман хүзүүнд давхисан бөгөөд нас нийлсэн хойноо айрагдсан. Харин халзан азарга нь мөн гурван удаа айрагдахдаа нэг удаа гуравт, нэг удаа дөрөвт, нэг удаа тавд давхисан бөгөөд нас нийлсэн хойноо хоёр, соёолон байхдаа нэг айрагдаж байжээ.

Төв аймгийн Баянжаргалан сумын нэрт уяач Доноодойн Галбадрахын хүрэн морь. Засаг төрийн зандан хүрэн цолтой. Хүрэн морь Ардын хувьсгалын 35, 37, 38 жилийн ойн наадмуудад түрүүлж, 36 жилийн ойн наадамд аман хүзүүлсэн хурдан хүлэг. Энэ морь Доноодойн Галд төрөх л гэж төрсөн юм. Нэгэн өвөл Баянжаргалангийн адуу Хэрлэнбаян-Улаанд оторт гарчээ. Тэнд цаг хатуурвал олон газрын мал очиж онд ордог билээ. Тэр өвөл малын тоо арай эхлээгүй айлууд идшээ идэж байв. Гал дүү Цэрэндагвыг адуу руугаа явахад нь манайхаас нэг идэшний байдас аваад ирээрэй гэж захижээ. Цэрэндагва ахынхаа адуунаас бөгтрөгтэй хээр байдас барин хөтөлж буцах замдаа даалуу тоглоод хоёр хоножээ. Мэдээжийн хэрэг эмнэг байдас хүлээтэй байсан байж таарна. Ингээд хоёр бөөр нь нийлэх шахсан хээр байдсаа хөтөлсөөр давхиж хүрэхэд ээж нь ийм амьтны амийг хэлтлээд яахав гэв. Тэгээд хээр байдсыг адуунд нь тавьжээ. Унагалаад төл нь тогтдоггүй. Амийг нь гуйсан учир иддэггүй. Бөгтөр Хээр гүү Доноодойн адууны угшлын цагаан азарганд явдаг байв. Энэ гүүний төлөөс хүрэн морь, минжин бор хэмээх азарга, бас нэг их догшин бор морь гурав л мал болсон гэдэг. Гал хүрэн морио даага байхад нь хараад л За нэг сайн адуу гарлаа гэж байсан гэдэг. Тэр зунаа тэмээ хариулж байсан цэргээр сургуулсанд арай чангадаж өвөл хавар нь тэжээж онд оруулжээ. Хатуу гарын гор гарч өгөхгүй соёолон болтлоо уяж болохгүй хөхөрчихөөд байж. Тэгээд нас нийлсэн жил нь уяж 1956 - 1969 оны хооронд төрийн наадамд дөрөв уралдахдаа тийнхүү 3 түрүүл, 1 аман хүзүүдсэн байна. 1960 оны наадамд нэр цууд гарсан Д.Галын хүрэнтэй уралдахаар 1954 оны улсын баяр наадамд түрүүлсэн Хонгорморьтын Цэндийн зээрд иржээ. Наадамчин олон ч ихэд сонирхож морь ирэхийг шимтэн хүлээж байв. Тэгтэл ч морьдын тоос босоход аргагүйл Галын хүрэн, Цэндийн зээрд хоёр зуузай холбон зээрд нь зөв талдаа хүрэн нь буруу талд нь хөл нь арай сулавтар гарч ирэхэд Гал гуайн шар нь хөдөлсөн бололтой хүүхэдээ: Буруу талын амыг нь татаад гуядаад гарга гэж хэлэхэд хүүхэд нь яг хэлснээр нь буруу талынх нь амыг татаад нэг сайн ороолготол хүрэн морь нэг огло хайрагаад үсрэн унасан билээ. Монголын цуут хурдан хүлэг Галын хүрэн ингэж л баяр наадмын хурдан морины уралдааны замд ижил олон сүргийнхээ тоосон дунд халин одсон эмгэнэлт түүхтэй. Галын хүрэн морь мэлтэгнэсэн их roё том хүрэн нүдтэй ясан толгойтой, магнай өргөн дөрвөн мөч бахим, цээж бөгс тэнцуү, уяа орсон үед хойноос нь харахад сүвээний хавирга ташаан толгойгоо давж харагддаг, салтаа уужим, явж байхыг нь харахад сайн бөхийн явдал мэт сүрлэг хурдны олон шинж бүрдсэн морь байсан ажээ.

Төв аймгийн Баянцагаан сумын харъяат МУАУяач Мөнхийн Данзаннямын хүрэн азарга. Ажнай хүрэн цолтой. Хүрэн азарга анх 1980 онд соёолон улсын наадамд түрүүлж түүнээс хойш 1986, 1988, 1989 онуудад түрүүлж 1985 онд айргийн гуравт хурдалж улмаар Төрийн их баяр наадамд 4 түрүүлж 1 айрагдсан амжилтаар Ажнай хүрэн хэмээх төрин цол хүртсэн. Хүрэн азарга нь Төв аймгийн Баянцагаан сумын харъяат Монгол улсын алдарт уяач Мөржавын Тожилийн унаган адуу юм. М.Тожил уяачийн хадам эцэг нь нэрт уяач Маарамбын Баяр бөгөөд түүний зөвлөгөөгөөр Тожилын ах нүдэн хэмээх Бат нэгэн хүрэн үрээ худалдан авч дүүдээ өгчээ. Энэ хүрэн азарга нь аймаг сумын наадамд олон түрүүлсэн ба түүний үр удам нь улсын наадамд олон айрагдсан байна. Эдний дундаас нэгэн хүрэн даага 1972 оны улсын наадамд түрүүлж, том болоод азарга болсон. Энэ азарганы үр хүрэн хязаалан үрээг М.Тожил уяач Дархан аварга Ж.Мөнхбатад бэлэглэж, аваргын хүсэлтээр М.Данзанням гуай соёолонд нь уяж, 1980 оны улсын наадамд түрүүлгэжээ. Дараа жил нь М.Данзанням гуай Ж.Мөнхбат аваргаас худалдан авсанаар Мөнхийн Данзаннямын Ажнай хүрэн хэмээх цуут хурдан буян болсон түүхтэй. Ажнай хүрэн азарга нь жижгэвтэр биетэй, номхон дөлгөөн зантай, хурдан адууны олон шинжийг цогцлоон төрсөн хүлэг байсан юм. Их уяач М.Данзанням гуай хүрэн азаргаа холын уяагаар уйсган уяж, нарийн заслуудыг хийдэг байж. Хүрэн азарга нь Морин тойруулгын Тогоруу халтар, Солонгой цавьдар халзан, Алтан гадас хүрэн халзан, Манлай уяач Д.Дашийн хонгор, Алдарт уяач О.Маарын хээр, Г.Даваасүрэнгийн хонгор, Р.Сэмжидийн хонгор, н.Нямжавын хул зэрэг хурдан хүлгүүдийг ид үед нь хамт уралдаж дийлж байсан хурдан ажнай. Ажнай хүрэн азарганы үр төлүүдээс маш олон үрээ зарагдаж азарга болон олон уяачийн адууг сэлбэсэн байдаг. Түүний үр төлүүдээс хамгийн их хурдалсан нь Зууны манлай уяач, Хөдөлмөрийн баатар Д.Даваахүүгийн Манлай түмэн эх цолтой Цолмон халтар азарга юм. Цолмонгийн төлийн төл хоёр үрээ өнгөрсөн жилийн улсын наадамд айрагдаж байсныг уншигч та бүхэн санаж байгаа байх. Мөн энэ жилийн Дүнжингаравт айрагдаж, Эрдэнэтийн бүсд түрүүлсэн Ц.энхбатын цавьдар үрээ Ажнай хүрэн азарганы гуравдахь үеийн төл билээ.

Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн шарга азарга. Амгалан төрийн ажнай шарга цолтой. Шарга азарга нь Морин тойруулгын Тогоруу халтар азарганы үр болох халтар азарганы төл, Хэнтий аймгийн Галшар сумын харъяат зузага хэмээх Доржийн адууны гаралтай цагаан гүүний унага бөгөөд Тогоруу угшилаас тодорсон онц хурдан хүлэг. 2000 онд шүдлэн насандаа анхлан түрүүлж, хязааландаа айргийн дөрөвт хурдалж, соёолондоо хоёрдахиа түрүүлсэн. Зургаан настай хавчиг азарга 2003 оны улсын наадмаар айргийн дөрөвт хурдалж, домтой уралддаг долоон насандаа түрүүлж, 2005, 2006 онуудад уралдалгүй өнжсөн. Улмаар хоёр жил өнжсөний дараа 2007 - 2009 онуудад дараалан гурван жил түрүүлсэн. Ийнхүү улсын их баяр наадамд 6 түрүүлж, 2 айрагдсан ба үүнээс гадна шүдлэндээ Тамирын хурдад түрүүлж, Өвгөн ноёны наадамд айрагдсан. Хязааландаа шувуун саарлын наадамд түрүүлж, соёолондоо Дундговийн 60 жилд мөн түрүүлсэн. 2004 онд долоон настайдаа улсад түрүүлснээс гадна Их хурд, Алтан овоонд тус тус түрүүлсэн. 2007 онд шигшмэл морьдын Их хурд уралдаанд аман хүзүүдсэн. Ийнхүү уралдсан цагаасаа хойш улс, бүс, их хурд уралдаанаас нийт 10 түрүү, 4 айраг хүртсэн байна. Тодотгол: Шарга азарганы энэхүү зургийг хурдан морины түүхэн ном бүтээж буй П.Дашдэмбэрэл зурсан билээ.

Ховд аймгийн Дарви сумын уугуул МУМУяач Д.Түвдэнгийн хилэн хар азарга. Эрхэм төрийн идэр түмний эх цолтой. Хар азарга дааган цагаасаа соёолон болтлоо дөрвөн жил дараалан улсад айрагдсан. Гэхдээ жил болгон урагшаа ахиж байлаа. Даагандаа тавд, шүдлэн, хязааландаа дөрөвт, соёолондоо аман хүзүүдсэн. Ийнхүү бага дөрвөн насандаа улсад айрагдаж аргагүй хурдан хүлэг болохоо харуулан Түвдэнгийн хилэн хар гэж алдаршисан юм. Түвдэн манлай 1981 оны АХ-ын 60 жилийн ойгоор төрийн наадмын 3 түрүүг хүртэж байсан бол 10 жилийн дараа АХ-ын 70 жилийн ойгоор хар азарга нь зургаад хурдалж байсан түүхтэй. Эрхэм төрийн идэр түмний эх энэхүү алдарт хурдан энэ хүлгийг улсын наадамд нэг айрагдаж, гурван удаа зургаад давхиад байсан хурдан хүрэн морь, хоёр үрээний хамт 1997 оны намар 9 сард хулгай авч явсан гунигт түүхтэй. Түвдэнгийн хар азарга сэрвээ богино, сүүл бөгс сайтай, нүд их сайхантай адуу байв. Уяа ороод ирэхээрээ хөлс авахад хойшоо ухраад, огло үсрээд явдаггүй сонин зантай адуу байсан гэдэг. Энэ тухай Түвдэн: Би нутгийн зуун адуун дунд Галшарын ганц адуу байхад л нүдийг нь хараад алдалгүй олно. Миний хар азарга аргагүй Галшарын тэр тусмаа Дагмид адуу юм шүү дээ гэсэн гэдэг. Түүний хар азарганы дээд удам нь Хэнтийн Галшарт хамаарагддаг юм.

Гачуурт дүүргийн уяач Дармаагийн Болдбаатарын /өмнө бид Чимэдийн Болдбаатар гэж ташаа мэдээлсэн бөгөөд нутгийнхан нь бол Надмидын Болдбаатар гэдгээр нь андахгүй сайн мэднэ. Надмид гэдэг нь Болдбаатар уяачийн ээж бөгөөд МУ-ын хөдөлмөрийн баатар хүн/ халтар хээр үрээ бага дөрвөн насандаа төрийн наадамд 1 түрүүлж, 3 айрагдсан. Болдбаатарын халтар хээр нь 89 онд даага гуравлаад, 90 онд шүдлэн гурав, 91 оны 70 жилээр хязаалан түрүү, 92 онд соёолон гуравт давхисан хурдан буян. Ид насандаа буюу улсын наадамд завсаргүй дөрвөн жил айраг түрүүнд хурдалсныхаа дараа харамсалтай нь хулгайд алдагдсан түүхтэй. Урт гартууд ийнхүү хорлоогүйсэн бол халтар хээрийн амжилт дахиад ч үргэлжлэх байсныг үгүйсгэх аргагүй юм. Энд бас нэгэн сонирхолтой түүхийг "хачир" болгон өгүүлэхэд: Болдбаатарын аав Гачууртын САА-н Шар хоолойн бригадын малчин Дармаа гуай нилээд панз үсэргэдэг эр байж. Тэрбээр жараад оны эхээр Дорнод аймгийн Матад сумаас жороо хүрэн морь худалдаж авчээ. Хүрэн морийг түүний эхнэр “хөдөлмөрийн баатар” саалчин Надмид гуай унаж наадам үздэг байсан гэнэ. Надмид гуай наадам тараад Дамбадаржаагаас Сэлбийн эхэн дэхь зуслан хүрэх замдаа хүрэн морио жороогоор нь дүү Жигжиддавгын унаж яваа хөнгөрүүлж хоносон хээр морьтой ухасхийлгэхэд зам дахь айлын ноход хөөгөөд, гүйцэлгүй алддаг байсан гэдэг. Тухайн үед улсын наадамд жороо морины уралдааныг орхигдуулж байсны улмаас хүрэн морь цаашид алдаршаагүй боловч унаж үзсэн хүмүүсийн яриагаар бол ямарч алдаагүй, хүзүү сунган маш эрчтэй жороолдог морь байсан гэнэ. Хожим Дорнод нутаг руугаа хоёр ч удаа гүйхэд нь буцааж авчирсан аж. Харин гурав дахь удаагаа нутаг гүйх замд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Бүдүүн гэдэг газар чононд идүүлсэн тухай Надмид гуай хуучилсан байдаг.

рхангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн дөлгөөн хар азарга. Эрхэт төрийн идэр түмний эх цолтой. Эх тал нь Жаргалант удмын хээр гүү байдаг бол эцэг нь Тод манлай уяач С.Ганхуягийн Станбул хэмээх Англи Кадердин үүлдрийн азарга. Дөлгөөн хар азарга нь Бандгайн ногоон, Х.Бат-Эрдэнэ манлайн халтар азаргануудтай эцэг нэгтэй. Эрхэт төрийн идэр түмний эх дөлгөөн хар азарга 2009 онд даагандаа улсад таваар хурдалж, шүдлэн аман хүзүүдсэн бол хязаалан, соёолондоо түрүүлсэн. Үүнээс гадна даагандаа Эрдэнэт хурд төвийн бүсийн уралдаанд, шүдлэндээ Дорнод 2009 зүүн бүсийн уралдаанд тус тус түрүүлсэн билээ.

Сэтгэгдэл