2016 оны 01 сарын 15

ХХ зуунд Монголын хурдан морины уралдааны хөгжилд оруулсан их хувь нэмрийг нь үнэлж тухайн үедээ одоогийн Манлай уяач цолны болзол хангасан 13 уяачийн гал голомтод Монголын морин спорт уяачдын холбооноос Хардэл бэйсийн "Нууцаас нууц далдаас далд шулуун журамт" хэмээх хурдан морины уяа засалын судрыг мөнгөөр урлан бүтээж, үеийн үед үүрд хадгалуулсан билээ. Дусгалын мөнгөн судар гардсан эдгээр уяачид нь одоогийн Манлай уяач цолтон юм. Эдгээр эрдэмт уяачдын товч намтарыг уншигч та бүхэндээ хүргэе.

Сэцэн бэйл Цэрэнсандив: 19-р зууны сүүл үед Боржигон хошууг захирч байсан Сэцэн бэйл Цэрэнсандив бол Сэцэн хан Шолойн угсааны хүн юм. Нутаг нь аймгийн баруун зах бөгөөд Түшээт хан аймгийн нутаг руу ихэд цөмрөн орсон болой. /Одоогийн төв аймгийн Баянцагаан, Баянжаргалан, Дундговь аймгийн Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан сумд, Говьсүмбэр аймаг бүхэлдээ, Дорноговь аймгийн Даланжаргалан, Их хэт сумд, Хэнтий аймгийн Дархан сум/ Энэ ноён тухайн цагт өндөр боловсролтой өөрийн бодолтой Манжийн төрийн бодлоготой үе үе тэрсэлдэг, төр нийгмийн нөлөөтэй зүтгэлтэн, гүн ухаантан байжээ. Ийм боловсролтой сэхээтэн  өөрийн аймгийн бараг зэргэлдээ хошууны ноён, улс төрийн үзэл бодол нэгтэн Хардэл жанжин бэйс Пүрэвжавын хурдан удмын адуу өсгөж үржүүлэх, уяж уралдуулах талаар хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг ажиглан харж, судлан суралцаж, тэр хүний жишээгээр их зүйл хийсний тодорхой үр дүн нь 19-20-р зууны заагт Боржигон угшлын адууг буй болгож, Даншигийн наадмын хурдан морины уралдааны нэгэн гол өрсөлдөгчийн хэмжээнд хүргэсэн явдал болно. Түүний шадар уяач нь Ононмөр байсан бөлгөө. Энэ хоёр хүн хамтын оюун бодлоороо боловсруулсан бодлогынхоо дагуу, ноёны хөрөнгөний зохих хэсгийг хөдөлгөн, албат зарц, адууч хүлэгч нарын хүчийг нарийн зохион байгуулан, адууны аж ахуйг ихэд эрхэмлэн, зэргэлдээх хошуу нутгаас адууныхаа цусыг сайтар сэлбэсний учир энэ шинэ сайн угшлын адууг бий болгожээ. Сэцэн бэйл Цэрэнсандив 1860-аад оны сүүлчээс 1890-ээд оны дунд үе хүртэл үндсэндээ 30-аад жил адууныхаа чанарыг сайжруулж, уяаны зөв дэгийг анхаарч нийтээр эзэмших явдалд анхаарч ирсэн байна. Энэ хугацаанд түүний шадар уяач Ононмөр Хаван Халхын нэрт сайн уяачдын тухайлбал Хардэл бэйс Пүрэвжавын зиндааны уяач болтлоо өсчээ.

Онон мөр хаван: Боржигин Цэцэнвангийн хошуу ноён Сэцэн бэйл Цэрэнсандивын шадар туслах нь Онон Мөр хаван болох талаар дээр өгүүлсэн. Онон мөр бол одоогийн Хэнтий аймгийн Дархан сумын уугуул хүн юм. Нэг жил өвгөн ноён Пүрэвжав хошуу ноёныг наадамд урихдаа “Чи тэр Онон Мөрийг авч ирээрэй” гэжээ. Наадмын урьд орой ноён Онон Мөрийг дууд гэсэн байна. Залуу шадар ноёны дуудсанаар хүрч очив. Тэдний хооронд ийм яриа болжээ. Ноён
     - За Онон Мөрөө чи хэдэн түрүү авах вэ?
     - Ноёнтоон би хоёр гурван түрүү л хүртэх болов уу.
     - Чи арай их морь түрүүлүүлэхгүй байхаа. Чиний хонгор зээрд морь аман хүзүүлнэ. Харин азарганы түрүү чи авнаа гэв.
Ноён морь үз хар гэсэнгүй. Онон Мөр ноёны гэрээс гараад явж байтал хоёр морины авлагатай хүнтэйгээ яв цав таарав. Тэгээд мэнд амраа мэдэлцэн
     - Чи энд юу хийж яваа юм бэ? гэвэл
     - Би ноёны адууг хариулдаг хүн болсон гэв. Онон Мөр
     - Чи надад ноёны Орлой нутгаас авчирсан хурдан морийг нь харуулж чадах уу? гэсэнд Адуучин
     - Орой нар жаргах үеэр адуу энэ урагшаа гарна. Тэр үед очиж үз гэв.
Онон Мөр уяач орой цагаан гэгээ татарч байх үеэр очоод нөгөө хээр морийг бариулж хэлийг нь татаж харчихаад
     - Хэ, цэгяа тархи хурдан морь юмаа гээд тавьчихаж. Тэгснээ адуучнаас
     - Үгүй хө, би нэг мордоод хагас тойроод буучихъя гэсэнд адуучин эс зөвшөөрөв. Онон Мөр хэлж
     - За хө, хоёулаа өр цайръя. Би мордоод л бууна. Хоёулаа тэгээд өргүй болъё гэсэнд тохиролцоонд хүрэв. Тэгээд хээр морийг барьж ирэн Онон Мөр эмээлэхдээ буруу талын хавтсанд нь тал хомоол даруулан эмээллэж мордоод адууны нь зүүн талд очоод бууж хээр морийг адуунд нь тавьжээ.
     - Энэ талаар чи бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй шүү гээд буцсан байна.
Маргааш нь наадам болж Онон Мөрийн зээрд азарга түрүүлээд, Их нас мордох гэж байтал өвгөн ноён дуудаж байна гэсэн хэл Онон Мөрд очжээ. Тэр замдаа нөгөө адуучин хэлчихэж дээ, юу гэдэг юм билээ гэж бодсоор ноёны уяан дээр очтол ноён тийм ч муухай зангүй байна гэнэ. Тэрээр
     - Чи хоёр түрүү авчээ. Адуу яахаараа тал мултардаг юм бол гэж асуусанд
     - Мэдэхгүй гэв. Ноён
     - Би чамайг мэдэх юм болов уу гэж дуудсан юмаа. Энэ наадам чинийх болсон
гээд өнгөрч. Тэр наадамд Онон Мөрийн хонгор зээрд морь түрүүлж ноёны хээр морь аман хүзүүлсэн байна. Өвгөн ноён Онон Мөрөөс 40-өөд насаар ах хүн байсан гэдэг. Онон Мөр Арван засгийн наадамд Нялгын Даваанэрэнг начин болох жил “Оонон зээрд” гээч морио түрүүлүүлсэн байдаг.

Дагмид-Очир мээрэн: Өвгөн ноёны албат Дагмид мээрэн гэгч олон жил морь уясан хэдий ч айраг түрүү авдаггүй морины хорхойтон байж. Түүнийг Өвгөн ноён цаашдаа сайн уяач болох хүн гэдгийг шинжиж мэдсэн хэрэг. Өвгөн ноён нэг өдөр Дагмид мээринг дуудан ирүүлж “Чи хө, гайгүй сайн морь уях дөртэй боллоо, чамд хонгор үрээ, зээрд морь хоёрыг өгье. Үүгээр түрүүгээ онгойлго. Хонгор үрээг хоёр түрүүлгээрэй. Түүнээс илүү хэрэггүй биз дээ, цаашдаа адуутай болно биз” гэж хэлжээ. Өвгөн ноёны хайрласан хонгор үрээ, хүрэн морийг түрүүлгэж Дагмид мээрэн анх түрүү авч эхэлсэн түүхтэй. Өвгөн ноёны адууны удмаас уяач, шинжээч Дагмид мээрэнд шилжин очсон хурдны угшлаас Дагмид адуу үүссэн түүхтэй. Ийм адуу биерхүү, эрэвхий богино, хэнхдэг цээж зузаан, омруу уруул элбэг, дэл сүүл өтгөн, ахар сүүл урт, уяа орох тусам галбир нь гоёмсог болдог. Дагмид адууны удам Хэнтийн ихэнх сумдаар тархсан. Ар халхын нэртэй уяач Дагмид-Очир мээрэн Галшарын  хавцал, Жирмээр нутагтай. Бичгийн их боловсролтой намхан шар хүн байсан гэдэг. Эдний угшлийн адуу төлөрхөг чанар хурдан хурцаараа гойд ялгардаг. Энэ их уяачын морьд нь ид хурдлаж байх үеийн улсын наадмын данс их дутуу байдаг тул амжилт нь яг таг тодорхой биш. Тодорхой мэдэгдэж байгаагаар 1934 онд цавьдар соёолон гурвалж, зээрд шүдлэн тавалсан байдаг. 35 онд цавьдар азаргаа дөрөвт давхиулж  шүдлэн цавьдар үрээгээ түрүүлгээд, буурлийг нь аман хүзүүдүүлсэн байдаг. Мөн хонгор даага гуравт давхиулсан байдаг. Дагмид-Очир мээрэнгийн Цоохор хонгор гэж хурдан азарга байсан ба хожмоо Уулбаяны Баян Совд гэдэг хүнд очсон гэдэг. Дурсгалын мөнгөн судар гардагсадын нэг болох Өвгөний Батбуян гуайн хонгор халзан азарганы дээд тал нь Дагмид-Очир мээрэнгийн тэрхүү цоохор хонгор азарга гэдэг.

Рашийн Лувсанцэнд: Ар халхын нэрт уяач гожгодой хэмээх Раашийн Лувсанцэнд бол Хардэл ван Доржцэрэнгийн уяач. Өндөр нарийн биетэй, сайн барилддаг хүн байсан. ММСУХ-ны Дурсгалын мөнгөн судр-ыг нь түүний үр, морийг нь унаж явсан Өлзийн Ширнэн гуайд хадгалуулсан билээ. Тэрээр 1926 оны Гал бар жил Ардын хувьсгалын 5 жилийн ойгоор их насны хүрэн морио айрагдуулж, 1930 онд хул хязаалан, зээрд даагаа тус тус айрагдуулж, цавьдар шүдлэн түрүүлгэсэн, 1933 онд хүрэн соёолон, цавьдар халзан даага тус тус түрүүлгэсэн, 1934 онд халиун хязаалан түрүүлгэсэн байдаг. 34 онд хязаалан түрүүлсэн халиун морь нь Лувсанцэндээс Галшарын "монхор" Халтар гуайд очиж түүний Босоо улаан гэдэг нэрд гарсан морь болсон. Нэг хэсэгтээ Хэнтий аймгийн тэргүүлэх их морь байсан гэдэг. Лувсанцэнд гуай 1935 онд Дамар хонгор азаргаа мөн айрагдуулсан ба энэхүү хонгор азарга нь "монхор" Халтар гуайн унаган адуу. Босоо улааны арилжаагаар Лувсанцэнд гуайд ирсэн гэдэг. Дамар хонгор 1936 онд аман хүзүүдэж, Лувсанцэнд гуай соёолон, хязаалан хоёроо мөн айрагдуулсан. 37 онд мөн л улсын наадмаас хоёр айраг хүртсэн бол 38 онд улаан хээр даага айрагдуулсан. 1939 онд их нас айрагдуулсан зэрэг нь наадмын цуваанд тэмдэглэгдэн үлджээ.

"Дулаан" хэмээх Ж.Дамдинжав: Жанцангийн буюу Дулаан хэмээгч Дамдинжав бол Ар халхын нэрт уяач. 1940-өөд оны дундуур цэргээс халагдаж Сүхбаатар аймгаас дандаа хонгор зүстэй азарга адуу тууж ирэн Төв аймагт суурьшсан. Д.Дамдинжав гуай Төв аймгийн Баянжаргалан, Баян сумаар бүртгүүлж байсан ба улсын наадмаас 4 түрүү, 13 айраг авсан байдаг. 1962 онд дөрвөн хонгор адуутай ирээд 2 нь түрүүлж, 2 нь айрагдсан байдаг. Энэ бол Дулаан Дамдинжав гуайн хамгийн сүүлчийн наадам байсан юм. Дэлтэй хул хонгор даага нь түрүүлж ирээд бариан дээр таварцаглаж ойчоод 3-т орсон гэдэг. Мөн Дулааны Хонгор гэдэг алдарт хурдан хүлэг байсан ба эрдэмтэн О.Намнандорж гуай номондоо бичихдээ том бага уралдаанд 19 түрүүлсэн гэж дурдсан байдаг.

Өвгөн ноён Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав: Монголын хурдан морины морины уралдааны хөгжилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол олон түмэнд Өвгөн ноён хэмээн хүндлэгдсэн Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав юм. Өвгөн ноён М.Пүрэвжав нь хурдан морь гаргаж авах, үржүүлэх, уяж сойх ажилд ихээхэн бодлоготой хандаж, өөрийн хүч хөдөлмөрөөр Галшар адуу хэмээх хурдан удмыг бий болгосон билээ. Мөн өөрийн дэргэд тухайн үедээ л мэргэжлийн морь уяач, унаач, шинжээчдийг бий болгон сургаж байсан юм. Галшар адуу нь олон үе дамжин баттай хурдалж, наадмын түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн төдийгүй бусад хурдны олон удам, угшлийг үүсгэхэд чухал нөлөө үзүүлжээ. Түүний зандан хүрэн, элбэг хээр, идэр хээр, хонгор зээрд, гуулин хээр, оготор хонгорууд гээд ар халхын цуутай хурдан хүлгүүд Монголын хурдан морины түүхэнд домог болон үлдсэн байдаг

Наваанмөрийн Пад гуай бол удам угсаагаараа Манзушир хутагтын шавь бөгөөд ХХ зууны эхэн үеийн Монголын үндэсний томоохон хөрөнгөтнүүдийн нэг байсан юм. Ар Халхын зартай баян Н.Пад гуай өөрийн хөрөнгө, мал сүрэгт түшиглэн дорвитой томоохон ажил нилээдийг хийсний нэг нь “ Их шавийн” гэж нэрлэгдэх болсон хурдан адууны бэсрэгхэн боловч хүчтэй угшлыг бүрдүүлсэн явдал юм. 1900-аад оноос эхлэн тодорхой зорилго тавин, алхам алхмаар, бодлоготой ажилласны үрээр 1920-иод он болоход тэдний адуу илт сайжирч улсын наадамд хурдан морьд нь айрагдах болжээ. Энэ их уяач таван түрүү, долоон айраг авсан баттай мэдээ бий. Тодруулбал 1925 онд Зээрд халзан морь гуравт, 1929 онд Хар шүдлэн түрүү, 1933 онд Хүрэн азарга аман хүзүү, 1934 онд Хүрэн халзан морь дөрөв, 1935, 1938, 1941 онуудад Хүрэн азарга түрүү, 1941 онд Хүрэн халзан хязаалан гурав, 1943 онд Хүрэн даага тав, 1944 онд Зээрд халзан морь тав, Хар ногоон шүдлэн түрүү, 1945 онд Цоохор хязаалан аман хүзүүдсэн нь тус тус түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Өвгөн лам хэмээх Цэгмидийн Батбуян өөрийн унаган хурдан алаг азаргаа Манзушир ламтанд өргөчихөөд нэн их удалгүй 1928 - 1929 оны үед Өлзий өвгөний хамтаар Галшар орж Дагмид-Очир мээрэнгээс оодон сүүлтэй хөхөрсөн зэгэл халзан үрээ худалдан авчээ. Энэ нь Ц.Батбуянгийн их зэгэл нэртэй хурдан азарга болж улсын наадамд 2 түрүүлж, 2 айрагдсан юм. Олны дунд Өвгөний Батбуян гэж нэршсэн наадмын оноо дансанд Цэгмидийн гэсэн овогтой явдаг энэ хүн 1930-1940 оны хооронд буюу 11 жилийн дотор улсын наадмаас 5 түрүү, 19 айраг хүртсэн бөгөөд зарим оны цуваа тодорхойгүй байгааг харвал үүнээс ч олон айраг байж мэдэх юм.

Дондог маарамбын хүү Баяр гуай бол Баянцагаанд төдийгүй Төв халхын их уяачдын тоонд зүй ёсоор багтах учиртай хүн. Баяр гуай Өвгөний Баянтбуян гуайн морьдыг гардан уядаг байсан ба 1940 оноос хойш бие даан морь уясан. Улмаар 1950 он хүртлэх хугацаанд улсын наадмаас 3 түрүү, 8 айраг авсан байдаг. 1949 онд Улсын наадмын соёолонгийн уралдаанд Баяр гуайн унаган 4 адуу дараагаараа ирж байсан гэдэг. Баяр гуай хамгийн сүүлд 1954 оны улсын наадмаар залуу уяач Мөнхийн Данзанням /Монгол улсын Алдарт уяач/-ыг дагуулж Буянт-Ухаагийн наадамд очсон ба хүргэн М.Тожил нь улсын наадмын олон айраг түрүү авсан Монгол улсын Алдарт уяач болсон билээ.

Падын Дашням буюу "Царцаа" Дашням. Асадын ловон жасын энэ өвгөн уяач Баяр гуайн саарал болон нутгийн хэд хэдэн саарал, хонгор, зээрд адуунуудаар 1940-оос 1960-аад оны сүүлчийг хүртэл хавтай сайхан наадаж багаад 1969 онд 70 насандаа Галшарын Насан-Очир гуайн хээр азарга /шүдлэндээ Галшарт түрүүлсэн/-ыг худалдан авч улсын наадамд 3 айрагдуулсан байдаг. Энэ бол Дашням гуайн "өлгөр" хэмээх хээр азарга юм. Мөн түүнчлэн Буянт-Ухаагийн дэнжид гоё сайхнаараа наадамчдын нүдийг хужирлаж байсан салхин зээрд морио 1 түрүүлгэж, 2 айрагдуулсан байдаг. Дашням гуай улсын наадмаас нийтдээ 3 түрүү, 12 айраг авсан байдаг. Түүхэнд Падын гэдэг нэрээр үлдсэн байдагч Пад бол Дашням гуайн ах нь. Харин түүний эцэг нь Дэндэв гэдэг хүн байсан гэдэг.

ХХ зууны нэрт уяач Доноодойн Гал бол Боржигон цэцэн вангийн гол цөм нутаг Нялга сум буюу одоогийн Баянжаргалан сумын уугуул хүн. 1933 оны улсын наадамд Н.Донойдой уяач бор шүдлэнгээ айрагдуулж байсан сайн уяач хүн байсан бол түүний хүү Д.Гал ааваасаа уяачын эрдэмд суралцан хүрэн морио 1956, 1958, 1959 онуудад түрүүлгэж, 1957 онд аман хүзүүдүүлсэн байдаг ба Д.Галын төрсөн дүү Д.Гэлэгсамдан уяач 1956 онд халтар соёолонгоо аман хүзүүдүүлж, зургаан настай хавчиг азарга 1957 онд алдарт Ж.Шийтэрийн зээрд азаргийг дийлж түрүүлгэж, 1960 онд айргийн гуравт хурдлуулсан байдаг. Д.Гал улсын наадмаас нийт 5 түрүү, 6 айраг хүртсэн байдгийн 3 түрүү, 1 айргийг нь алдарт их хүрэн мориороо авсан. Эднийхэн монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулаад байна.

Халхын Сэцэн хан аймгийн Сэцэн чин вангийн хошууны харьяат Залуугийн Даваанэрэн цэрэгт байхдаа даншиг наадамд барилдаж начин цол хүртсэн тул ард олны дунд "Даваанэрэн начин" гэж нэрших болжээ. З.Даваанэрэн 1934 оноос эхлэн улсын наадамд морь уяж, 1935 оны улс хувьсгалын 14 жилийн ойгоор хар азаргаа айрагдуулж их амжилтын гараагаа эхэлсэн байдаг. Улмаар тэр цагаас хойш алдарт их хүрэн халзан азарга нь улсын наадамд 4 түрүүлж, 3 айрагдан "Мөнх төрийн мөнгөн магнай" цол хүртсэн билээ. Үүнээс гадна 1954 онд зээрд халзан морио аман хүзүүдүүлсэн байдаг. 1955 онд хүрэн халзан азаргаа түрүүлгэхдээ улсын наадмын 3 түрүүг хүртэнэ гэж очсон боловч халзан мориных нь хүүхэд унаж, харин даага нь шүдээр хасагдаад уралдаж чадаагүй гэдэг.

Их уяач М.Данзанням Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, улсын сайн малчин Мөнхийн ууган хүү. Хөх мичин жилийн их зудны хойтон хавар нагац ах Галтын Борын хамт Галшар орж, халхын их уяач Нарангийн Халтар гуайгаас хэдэн үрээ авчирч азарга тавьсанаар адуугуу шинэчлэх, сайжруулах эхлэл тавьсан байна. М.Данзанням сумандаа морь уяж уралдсаар анх 1954 онд улсад сартай зээрд хязаалан нь айрагдсан байдаг. Улмаар 5 түрүү, 11 айраг авсан амжилтаараа анхны 10 Алдартын нэг болсон бөгөөд хожим Манлай уяачийн өргөмжлөл, мөнгөн сударын нэхэн олгож үр ач нарт нь үүрд хадгалуулсан билээ. М.Данзаннямын Ажнай хүрэн азарга л гэхэд улсын наадамд 4 түрүүлж, 1 айрагдсан байдаг. Түүний хүү Д.Даваахүү өдгөө Монгол улсын Тод манлай уяач, Хөдөлмөрийн баатар болжээ.

Сэтгэгдэл