2016 оны 01 сарын 15

Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул МУАУяач Ж.Дамдины "оодон" хэмээх хээр морь том бага наадамд 11 уралдахдаа 9 түрүүлсэн хурдан ажнай. Энэ их хүлгийн талаар ММУҮХ-ны хүндэт Ерөнхийлөгч, адуу судлаач Д.Даваа "Монголын хурдан морины домог, түүх" номондоо ийнхүү үзэглэжээ.

Алдарт соён хээрийг залган баруун монголдоо хурдаараа ноёлон гарч ирсэн даян Дамдингийн “Оодон Хээр” бол “Ханхөхий адуу”-ны хэв шинжийг бүрэн илтгэсэн, нимгэн цэвэрхэн сайхан хийцтэй, гоёмсог халтар хээр зүстэй, “чухамхүү чанга гишгэгдэлт сайвар халтар”-ыг санагдуулам морь билээ. Монгол улсын алдарт уяач Дамдин, баруун бүсийн “Сар хайрханы баторшил” наадмын соёолонгийн түрүү, нутаг усандаа дийлдээгүй хурдан “оодон хээр” морийг анх их насанд нийлэхэд нь Баруунтурууны адуучин Ганбатыг шалсаар 2.5 сая төгрөгөнддүйцүүлэн авсан гэдэг.

1998 онд Үндэсний баяр наадам, их хурд уралдааныг зорин ирсэн Дамдин уяач хурдан хүлгүүдээ Богд дүнжингарав уулын баруун хойд Жаргалантын аманд уяж, засал жигдэрхэд нутгийнхаа уяач нартай гал болон төгсгөлийн сунгаа давхилаа хийжээ. Оодон хээрийн тарга хүч, өнгө зүс, уяа сойлго сайн, санаснаараа амжуулж, урам зоригтойгоор их уралдааныг хүлээж байлаа. Засал, заяаны алдаа эндэгдэл гаргахаас сэргийлж, уяа сунгаанаас нүд үл салган хичээж байв. Оодон хээрийн төгсгөлийн их давхилыг Буянт ухаагийн дэнжид дангаар хийхэд салхинд хийсэх цаасан сэнс мэт хөнгөхөн хөдөлж, халтар буга мэт дээш дүүлэн давхиж байлаа.

Жаргалын өдрийг хүн , морьд тэсч ядан хүлээж байсан цаг. 7-р сарын 11-ний өглөө наадмын комиссын шийдвэрийг эс хайхран уяачид их морьдоо хөтлөн тогтоосон цагаас өмнө Түргэний голд товлоогүй газар хуран цугларч, зориудын зохион байгуулалтаар эгнэн зогссон байлаа. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулагчдын Айдасын даваагаар урагшаа давж, хурд дөхөн очих үед хэн нэгний дохиогоор их морьдын ихэнх нь гарааны зурхай тийш ухас хийн гарч, шороон далан тойрон эргэсэн байна. Энэ гараанд тэр жилийн онцгой хурдан гэгдэн Лхүндэвийн “Чонон Хонгор”, Гарамжавын “Гоё Хүрэн” морьд өнгөлөн ирэхэд Айдасын урд зогсоосон билээ.
Дамдин уяач хэрэг бишдэснийг мэдмэгц машиндаа яаран орж, 300-аад морьдыг нэвтлэн үзүүрт хүрэхэд “Оодон Хээр” өнгөлөн давхиж явсан гэдэг. 10 км зам туулсан морио зогсоож, амьсгааг даран буцаан авчирч дахин уралдуулахаар бэлдэж байв. Энд л их хурдад уралдах тооцоогоо мартаж, тэр чигтээ Дамдин уяач шатаж байснаа ухаараагүй билээ. Их наадмын дэвжээний хашир, башир уяачид, үймүүлэгчид 100 гаруй морьдыг барьж тогтоон үлдсэн байлаа.

Сүүлийн гарааны морьдтой дахин гарч уралдсан “оодон хээр” морийг Айдасын даваан дээр 13-т гарч ирэхэд нь эзэн нь татан авсн юм. Их хурдад “оодон хээр” морь давхар уяагаар давхиж 23-т баригдсан байна. Монгол улсын алдарт уяач цолыг хүртэхийг зорин зориглосон Өндөрхангайн Дамдин даян“оодон хээр” морио 1999 онд ховдод болсон баруун бүсийн хурдан морины “Алтайн Унага-99″ уралдаанд 4-т, 2003 онд Завхан аймгийн 80 жилийн ойн наадамд түрүүлгэж даагаа нэхэн уралдсаар хээр морь нутаг орондоо дархлагдсан билээ.

Увсын цэнхэр хязгаарын "Оодон хээр" морийг 1998 оны улсын наадамд дутуу эргэн "цойлж" явааг Болор цомын 2 удаагийн эзэн, Монгол улсын СГЗ яруу найрагч Ц.Чимэддорж агсан "Тэнгэрийн наадам" номондоо ийнхүү шүлэглэжээ.

Морьд дутуу эргэхэд
Дутуу дуулах мэт болоод
Монгол үүлэн харгахад
Нар цаагуур ороод
Гандуу газрын өвс
Галтай туурайд ноцоод
Ганц нэг тогоруу
Түргэний голоор явгалаад...
Өргөн Увсын хээр
Тарлан хөлсөө шилгээв.
Өндөр хангайн уулс нь
Тарны морьд шиг давхилдав.
Буруу гуяны нь буйр мэнгэ
Бурханы тигийг адуунд татажуу
Жигүүр хүлгэн-даян хээрийн
Жижигхэн сар арван тавных ажу

Сэтгэгдэл