2016 оны 01 сарын 15

Дааган насандаа даамай хурдалсан нэгэн хээр адууны талаар уншигч та бүхэндээ хүргэе. Энэ жил ногооны шүдлэн үрээ зуны уяандаа бэлтгэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн амжилтаа дахиад давтахын ерөөл дор энэхүү бичвэрээ эхлүүлье.

Энэ бол Дундговийн Сайхан-Овооны залуу уяач Сайнбаярын Ганбаярын хээр. Ганбаа уяач морь уяхаас гадна үндэсний бөхөөр аймгийн начин цолтой. Цэргээс ирсэнийхээ дараа бас л урамтайхан барилдаж явсан эр. Одоо харин бөхийн спортоо орхиод хурдан моринд эргэлт буцалтгүй ороод байна. Өнгөрсөн жил Дундговийн Луусын манлай уяач Д.Эрдэнэчулуунаас авсан хурдан хээр даага нь том жижиг уралдаанд 20 уралдаж, айраг түрүүнд 17 удаа хурдалсан юм. Хээр дааганы эцэг нь манлай уяач Эрдэнэчулууны мөлүү хул азарга Сүхбаатар аймгийн Асгат сумын унаган адуу. 2006 онд Чулуун /манлай уяач Эрдэнэчулуун/ гуай Дундговь аймгийнхаа наадмын 4 түрүү, 1 айргийн хүртэж тэр жилээ МУ-ын шилдэг уяачаар шалгарч байсан түүхтэй. Мөлүү хул азарга нь тэр жил соёолон үрээ аймагт түрүүлсэн ба 2011 онд Өмнөговь аймгийн 80 жилийн ойд зургаалсан. Начин Ганбаагийн хурдан хээр дааганы эцэг талын угшил нь ийм. Харин эх нь Эрдэнэчулуун манлайн өөрийн унаган зээрд гүү.

Хусран даага өнгийдөггүй /уяа мултардаггүй/ гэж ярьдаг. Үнэхээр ч 20 наадамд тоосоо өргөж тийм амжилт үзүүлнэ гэдэг бол гайхамшиг. Начны хээр даага гурван сарын 18-нд анхныхаа уралдааны замд гарч зургаад хурдалсан. Дараа нь Дэлгэрхангай сумнаа болсон бооцоот уралдаанд аман хүзүүдэж мөнгөн медаль магнайдаа гялалзуулсан. Таван сарын 1-нд Эрдэнэдалайд тавлаад түүний дараа Сайхан-Овоо сумын ААУяач О.Энхбаярын алдар тэмдэглэх "Төгрөг хайрхан" галын уралдаандзургаалаад Өмнөговийн Мандал-Овоод болсон Хадгаламж банкны нээлийн уралдаанд түрүүлж, алтан медалиар магнайгаа гоёсон. Дараа мөн сумын нутаг дахь Баянхошуу уулын тахилгад түрүүлээд Эрдэнэдалайн Цавчир бригадын наадамд дахин түрүүлсэн. Сайхан-Овооны "Ахар хайрхан"-нд аман хүзүүдээд "Галт хайрхан"-нд түрүүлсэн. Сайхан-Овоо сумынхаа наадамд тав. Дэлгэрхангай сумын ЕБС-ийн ойд долоод орж гурав дахиа айргаас мултарлаа. Энэ бол хээр дааганы 11 дэх уралдаан байсан юм. Ийнхүү 11 уралдаж 8 удаа айраг түрүүнд хурдлаад байсан хээр даага Дундговь аймгийн Цагдаагийн 70 жилийн ойд түрүүлж, ММСУХ, Засгийн Газрын шийдвэрээр зохион байгуулагдсан "Их мандал 2012" говийн бүсийн даншигт айргийн таваар хурдалж, аргагүй хурдан хүлэг болохоо тодхоншиг баталсан юм. Говийн бүсийн дараа Эрдэнэдалай сумын Тэнгэлэг бригадад болсон "Сүүн баяр" /ТВ9 телевизийн бөх тайлбарлагч Батнасангийн зохион байгуулсан ургийн баяр/, Өмнөговийн Цогтцэций "Энержи ресурс"-ийн наадам, төрийн наадмын түмэн эх Богд халтар соёолонгийн мялаалга наадамд тус тус аман хүзүүдлээ. Наймдугаар сард Дундговь аймагт болсон "Ардчилал 2012" уралдаанд таваар хурдалж, Өвөрхангайн Гучин-Усын соёлын төвийн 70 жилд түрүүлээд, Өмнөговийн Мандал-Овоод бослон суварганы баярт дахин түрүүлж, Сайхан-Овооны "Ээж суварга"-ны наадамд аман хүзүүдэн 2012 оны наадмаа отголсон юм.

Ийнхүү бүс, аймаг, сум, овоо тахилганы наадамд 20 удаа тоосоо өргөхдө 7 удаа магнайдаа тоосгүй хурдалж, 6 удаа түрүү дааганы буруу талд баригдаж /аман хүзүүдэж/, 4 удаа айргийн таваар хурдалсан байна.

Сэтгэгдэл