2016 оны 01 сарын 15

Монгол улсын алдарт уяач Одсэрийн Жамъяндорж гэдэг нэр наадмын оноо дансанд олонтаа бичигдсэн байдаг. Мориныхон бол түүнийг "Лүнгийн Жааяа" л гэнэ. Жааяагийн Буурал духтыг бол бүр ч андахгүй байх, шигшмэл морьдын Их хурд анхдугаар уралдаанд У.Буяндэлгэрийн Жинст хонгорын ард ирж аман хүзүүдэж байсан халхын хурдан түмэн эх. Буурал духтын дээд угшлийг хөөвөл Баянцагааны нэрт уяач "өвгөний" хэмээх Ц.Батбуян гуайн адуунд хүрч очно. Батбуян гуай өөрийн унаган хурдан алаг азаргаа Манзушир ламтанд өргөчихөөд нэн их удалгүй 1928 - 1929 оны үед Өлзий өвгөний хамтаар Галшар орж Дагмид-Очир мээрэнгээс оодон сүүлтэй хөхөрсөн зэгэл халзан үрээ худалдан авсан нь Ц.Батбуянгийн их зэгэл нэртэй хурдан азарга болж улсын наадамд 2 түрүүлж, 2 айрагдсан байдаг. Тэгэхээр Буурал духтын бүр дээд тал нь Галшард ч хамаарч мэдэх л юм. Дундговийн Цагаан-Овооны уурхайн жолооч Манлай уяач Ж.Содномпил гуай Ц.Батбуян гуайн адууны угшилтай хүрэн азарга авч 1974 оны улсын наадамд түмний эхээр цоллуулаад 76, 77 онуудад аман хүзүүдүүлсэн байдаг. Энэ хүрэн азарганы төл бага хүрэн хэмээх азаргаа мөн л 81-83 оны хооронд дараалан гурван жил айрагдуулсан. Угшигч та магадгүй гайхаж байгаа байх, Жамъяндоржийн Буурал духтын талаар бичиж байгаа атал Баянцагааны өвгөний Батбуян, Дундговийн Содномпил гээд бичээд унахаар. Буурал духт бол Содномпил гуайн бага хүрэн азарганы төлийн төл. Тиймийн учир буурал духтын дээд удмыг бичээд байгаа нь энэ юм.

Содномпэл гуайн бага хүрэн азарганы төл хүрэн азарга Жамъяндорж гуайд ирж, түүний үр Буурал духт хэмээх халхын хурдан хүлэг болсон түүхтэй. Жааяагийн Буурал духт 1991 онд Төв аймгийн 70 жилийн ойд соёолон түрүүлж, 95 оны Есөнзүйлийн их даншиг наадамд айрагдаж, 98 оны Их хурдад аман хүзүүдээд давхар уяагаар Баянцагааны даншигт 97 оны улсын наадмын түрүү Д.Даваахүүгийн Өндөр зул хэмээх түмний эхийг дийлж түрүүлсэн. Хойтон жил нь Хан уулын ард айрагдсан. Жааяа гуай тэр бүр улсын наадамд ирж уралдаад байдаггүй тэрүүхэн хавьдаа л нааддаг байсан нэгэн. Хожмоо ярихдаа "Буурал духтыгаа ид хурдан байхад нь улсын наадамд дариу хэдэн жил очсон бол Манлай уяач цол ойрхон байсан байх" хэмээн ярьж байна лээ. Эндээс дүгнэхэд Буурал духт гэж "бузгай" хурдан адуу байсан нь тодхон мэдрэгдэх биз ээ.

"Лүнгийн Жааяагийн Буурал духт" хэмээх энэхүү түмэн эх хүлгийг Болор цомын 2 удаагийн эзэн, Монгол улсын СГЗ8 яруу найрагч Ц.Чимэддорж найргийн хэлээр ийнхүү урлажээ.

Тэнгэр магнайд нь
Тэнгэр бударч
Газар туурайд нь
Газар бударч
Дуу мандаасан
Буурал духт
Дууль булгисан
Сүүтэй духт.

Тэнгэр тэнгэр
Тэнгэрийн хур.
Газар газар
Газрын хуур.

Шуузгий аргал асгахад
Шээзгий морин хомоол
Шээзгий хэвтийг харахад
Шинийн сар шиг хомоол

Жаяг жаяг адуу
Жамъяндоржийн аймаг адуу
Жаран жаран адуу
"ЖАРГАЛТАЙ ДЭЛГЭР" адуу

Сэтгэгдэл