2016 оны 01 сарын 15

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын малчин ард, Монгол улсын Алдарт уяач Ц.Ханддоржийн хонгор халзан морь 12, 13, 15 настайдаа Ардын хувьсгалын 64, 65, 67 жилийн ойн баяр наадамд Буянт ухаагийн уралдааны замд гурвантаа тасархай түрүүлж, алдар нь түгсэн түмний эх. Энэ хүлэг эрдэнэ бол ховорхон төрдөг "морин  эрдэнэ" байлаа, хурдан хурцаараа төдийгүй гоёмсог сайхнаараа шагшигдсан, хурдан адууны олон шинжийг өөртөө цогцлоон төрсөн үнэнхүү аварга хүлэг байсан гэдэг. Ид гарч ирж байх үедээ тухайн үед улсын наадамд айрагдаж түрүүлдэг олон морьдыг сунгаа давхилд дийлдэг боловч улсын наадамд айраг түрүүнд хурдалж чаддаггүй байж. Энэ нь бяр хүч ихтэй аварга морь учраас уяа нь дутдаг, эзэн нь хайрлаад гүйцэд уядаггүй байсантай холбоотой гэж уяачид, шинжээчид үздэг юм. Харин ид нас гүйцэж, эзнийх нь уяаны арга барил тогтсоны дараа тийнхүү төрийн наадамд гурвантаа түрүүлсэн юм. Хонгор халзан морины давхил нь ид таарсан үед ойрхон уралдах морь байгаагүй гэж тухайн үеийн мундаг уяачид өнөөг хүртэл дурсан ярьцгаадаг юм. Хонгор халзан морь Ханддорж гуайн өөрийн унаган хүлэг бөгөөд эцэг хонгор халзан азаргыг нь нутгийн нэрт уяач, хурдан буурал морьтой Балбар гуайгаас хоёр нүдний шинэхэн дуран /тухайн үед их ховор байсан/-аар сольж авсан түүхтэй гэдэг. Харин эх нь болох халиун гүүний дээд тал Хэнтий, тэр тусмаа Галшар адуунд хамаарагддаг юм гэнэ лээ. Халзан морь 1990 онд 17 настайдаа үүрд хөрвөөсөн гэдэг.

Нэгэн түүх: Халзан морийг бага насанд бараг уяагүй, бүдүүрч байж давхил нь гарсан гэдэг. Халзан морийг ид хурдан байх үед Баян-Өнжүүлийн Балбарын буурал морь мөн ид насандаа байлаа. Энэ буурал морь бол улсын наадамд нэг түрүүлж, гурав аман хүзүүдэн, нэг удаа дөрөвт давхисан ар халхын цуутай хурдан буян. Халзан морийг буурал морьтой хамт сунгахад Хадангаагийн халзан хавьтуулахгүй байж. Харин улсын наадмаар буурал морь айрагдаад ирж явааг харсан Ханддорж гуай "Буурал морь айрагдаж байна, миний хонгор халзан үхсэн юм болов уу” гэж байсан гэдэг. Тэр жилд халзан морь арав лавхан гарч давхижээ. Энэ их хүлгийг Болор цомын 2 удаагийн эзэн, Монгол улсын СГЗ, яруу найрагч Ц.Чимэддорж найргийн хэлээр ийнхүү урласан байдаг...

Туураараа монгол "МА" тамга зурж
Туулай харайлтаар дэрсэн дээгүүр нисэж
Мал мөртлөө хүн шиг нэршсэн
Манхан халзан.

Түмний эх хээр алаг, Буган халиун
Түшээ уяач Банзрагчийн ухаа, Галын хүрний ар дээр
Хаан төрийн гурван их наадмын
Хадагт магнай Ханддоржийн хонгор халзан

Энэ хүлгийг Айцаар давахад
Богдон уул нь хонгор халзан
Энэ хүлгийг түрүүлээд ирэхэд
Буурал Туул ч хонгор халзан.

Халзан морины онцлог?
Жигтэйхэн тайван номхон морь байсан. Хачин тайван шүү дээ. Хазаар бариад адуун дээр очиход өөдөөс яваад ирнэ. Шүдлэнд нь улсын наадамд уяж ирээд алдчихдаг юм байна. Манай Өнжүүлийн хар Намхай гэж хүн байсан. Уул гарал нь говь чигийн хүн гэдэг, бас ч нэлээд хөдөлгөөнтэй эр. Наадам тарсны дараа хоолноос илүү гарсан нэг хонь байсныг аав маань Намхай гуайд өгөөд “Ахынхаа халзан үрээг олоод өгөөрэй” гэсэн. Тэгсэн Улаанбаатар хотын мал эмнэлэгт хураагдаад дуудлаганд дуудагдаж байхад нь Намхай гуайг таарч, олж аваачиж өгсөн.

Хонгор халзан морийг хэзээнээс уяж эхлэв, бага насандаа аль хэр хурдалж байв?
Соёолонд нь уяад, хавчиг долоотойд нь Баян-Өнжүүл сумандаа уяж гуравт хурдалсан. Найман настайд нь улс хувьсгалын 60 жилийн ойгоор би уяж ирж зургаад давхиулсан. Халзан морьтой чацуу, миний өөрийн нэрний сайн буурал морь байсан. Манай хүү дөрөвтэй буурал морио унаж байгаа, эгчийн хүү тавтай халзанг унадаг юм байна. Нийлж байгаа хоёр сайн морьтой, хоёр унаач маань их балчир. Сунгаа болгон дээр халзан морины хүүхэд ойчоод байдаг. Тэр үед унаа тэрэг гэж байх биш, дагаж харна гэсэн ойлголт байхгүй. Мориныхоо харайлтад л ойчоод байсан бол уу. Улсын наадамд өнөө эгчийн хүүг ганзагаар нь даруулж байгаад ташуур өгөлгүй явуулчихсан. Тэгээд харин халзан морь зургаалж, миний буурал есд давхисан. Тэгээд би ч тэр цагаас хойш айл болоод тусдаа гараад холдоод явчихсан. Хэдэн жил сунгаанд өнгөлөөд л наадмаар гарлаа суулаа болчихоод байдаг. Зарим жил Алдар толгой хүртэл өнгөлөөд сууж ч байсан. Би аймагт няравын ажилтай. Харин аав бид хоёр элбэн барин уяж гурван жил сайхан түрүүлгэсэн дээ.

Сэтгэгдэл