2016 оны 01 сарын 15

Ардын хувьсгалын 79 жилийн ой, үндэсний их баяр наадам. Энэ бол 2000 оны зуны дэлгэр цаг, Хан уулын ар хормойд халхын хурдан хүлгүүд хуран чуулж алтан тоосоо тэнгэрт өргөсөн хорьдугаар зууны хамгийн сүүлчийн наадам. Их насны морьдын уралдаанд Сэлэнгийн Зүүнхараагийн Д.Ганбаатарын халзан морь гурав дахиа түрүүлж, дархан цолоо мандуулав. Айцын хүрийг өгсөж, Алдар толгойг ороогоод Буян ухаагийн буурал дэнжд их насны түрүүч орж ирэхэд Хараагийн халзан морины буруу талд Хар алаг морь холбоотой орж ирэх нь тэр. Энэ алаг морь бол Монгол улсын Алдарт уяач Баасангийн Цэдэвийн алаг морь. Хэнтий аймгийн Галшар сумын Ч.Мөнхтөрийн унаган тэрхүү алаг морь тийнхүү улсын наадамд аман хүзүүдээд давхар уяагаар Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Тоглохын тал, Дайр борын хөндийд болсон "Тамирын хурд 2000" хангайн бүсийн их даншигт тоосоо өргөхдөө Хараагийн халзан морьтой даагаа нэхэн уралдаад бас л арайхан барсангүй гуравт орсон юм. Алаг морины дээд тал нь Өвгөн ноёны Оонон хар азарганы угшилтай гэдэг.

Ийм нэгэн яриа байдаг: Баруунхараагийн Д.Ганбаатарын халзан морийг 97 онд улсад түрүүлснийх нь дараа ХХ зууны манлай хүлэгч, Тод манлай уяач Д.Даваахүү авах санаатай очоод  чадалгүй буцсан гэдэг. Ингээд тэрээр "Хараагийн халзан морьтой ойрын хэдэн жилдээ уралдах их насны морь байхгүй" гэдгийг нэгэнт мэдсэн болохоор халзан морьтой уралдах сайн морины эрэлд гарсан юм байх аа... Тэр үед Д.Даваахүү гуай шавь Манлай уяач Г.Батчулуун хурдны өлгий Галшар сумаар явж байхдаа Өвгөн ноёны наадамд 11-ээр давхисан соёолон алаг үрээг "гарцаагүй их морь болох адуу юм" гэж шинжсэн гэдэг. Улмаар энэ тухайгаа багшдаа дуулгахад "Улсын наадамд айрагдах үнэхээр сайн адуу юм бол Б.Цэдэв их морь хайгаад байгаа, түүнд дуулгая" гээд Цэдэвт хэлж, алаг морь 2000 оны улсын наадмаар Баянхонгор нутгийн нэрийг Монгол наадмын тэнгэрт цуурайтуулж, аман хүзүүдсэн түүхтэй. Үнэхээр ч 97 оноос хойш Д.Ганбаатарын халзан морь төрийн наадамд гурвантаа түрүүлж, Дархан түмний эх болсон. Улсад гурав түрүүлэхэд нь Б.Цэдэвийн алаг морь л буруу талд нь холбоотой ирсэн юмдаг.

2000 оны Тамирын даншигт улсын наадмын түрүү, аман хүзүү хоёр хоёулаа очиж уралдаанд халзан морь түрүүлдгээрээ түрүүлж, алаг морь гурвалсан. Энэ хоёрын дунд Тод манлай уяач Д.Ганбаатарын дэлт хээр морь орсон, улсад долоогоор орчихоод давхар уяагаар очиж. Цэдэвийн алаг морь Тамирын хурдад уралдахдаа газрын цээжинд гартал халзан морины замыг зааж /хүүхэд нь халзан морины өмнүүр хэрээд урдаа гаргахгүй байсан/ уралдсаар барианы үзүүр дээр сууж гурвалсан юм. ТИйнхүү улсад гурав түрүүлсэн Дархан түмэн эх халзан морьтой тэр нэгэн жилийн зун /2000 он/ хурд хуваан уралдсан алаг морийг яруу найрагч Ц.Чимэддорж "Тэнгэрийн наадам" номондоо найргийн хэлээр ийнхүү урласан байдаг юм.

Алаг морь алс аниртай
Аялгуун мэт толгой хаялаад
Алагдаахай уяанд нь нүхлэн
Ялгуум аяар зөн татуулаад
Амаадаа саран тамга нь
Гэрэлтэх мэтий болоод
Айл саахалтын газарт
Хангинатал янцгаах нь дуулдаад...

Аяахан нэг л өглөө
Наадамчид алаглана.
Асар майхан дэнждээ
Нартай хуарлаж алаглана.

Туурайн хээтэй газарт
Цэцэг ногоо алаглана.
Туурга туурга уулс
Цэнхэр хөөгтэй алаглана.

Алаг алгийг дундаас
Цэдэвийн алаг алаглана.
Ажнай ажнайн салхин дээр
Цээжний хэдтэй алаглана.

Дандарын алаг
Дал алаг
Дал алаг нь
Дайнд ялсан газрын зураг.
Цэдэвийн алаг
Цээл алаг
Алагаа дийлсэн цагаан нь
Айраг мялаасан хишиг ээ.

Сэтгэгдэл