2016 оны 01 сарын 15

Монголын хурдан морины түүхэнд зургаан үедээ зуун дамжин хурдалсан тэрхүү гайхамшигт хурдан хүлгүүдийн талаар уншигч таньд хүргэе. Төв аймгийн Баянцагаан сум бол Манзушир хутагтын их шавийн голомт нутаг. Энэ нутгийн хурдны нэгэн цөм нь "Өвгөн лам" хэмээх Цэгмидийн Батбуянгийн адуу. Тэр хүн арван засгийн наадамд түрүүлсэн хурдан алаг азаргаа Манзушир ламтанд өргөчихөөд нэн их удалгүй 1928 - 1929 оны үед Өлзий өвгөний хамтаар Галшар орж Дагмид-Очир мээрэнгээс оодон сүүлтэй хөхөрсөн зэгэл халзан үрээ худалдан авчээ. Энэ нь Ц.Батбуянгийн их зэгэл нэртэй хурдан азарга болж улсын наадамд 2 түрүүлж, 2 айрагдсан юм. Дээр дурьдсан алаг азарганы төл нь Аривдах /Ц.Батбуян гуайн төрсөн дүү/-ын зээрд гэж азарга байсан. Аривдах зээрд азарганыхаа төл зээрд үрээг Баянцагааны "дэлдэн" Ваанчигийн хүүгийн даахийг мялааж өгсөн байна. Ваанчигийн энэ зээрд азарга Монгол улсын Алдарт уяач Мөржавын Тожилд ирж 1960-1962 онуудад Баянцагаан сумынхаа баяр наадамд гурван жил дараалан түрүүлж, Хан уулын ард их наадмын дэвжээнээ хоёр удаа айрагдсан хурдан хүлэг болсон. Нэрт уяач М.Тожилд ирсэн нь бас л их түүхтэй.

М.Тожил уяач Төв халхын их уяачдын нэг Дондог маарамбын хүү Баяр гуайн хүргэн нь юм. Баяр гуай Өвгөний Баянтбуян гуайн морьдыг гардан уядаг байсан. М.Тожилын ах "нүдэн" Бат гэгч өөрөө морь уядаггүй ч сайн шинжээч хүн байсан гэдэг. Нэгэн өдөр Тожилын ах Бат дүүгийнхээ хадам эцэг Баяр гуайтай ярилцаж суухдаа "Танай хүргэнд адуу авч өгөх үү, гаанс авч өгөх үү" гэхэд Баяр гуай "Гаансаар юугаа хийх вэ, манай сумын "дэлдэн" Ваанчин хот шилжих сурагтай байна лээ. Тэрний зээрд үрээг нь авч өг" гэснээр Ваанчигийн зээрд азарга М.Тожилд ирсэн түүхтэй. Зарим ном зохиолд Бат гуайг дүүдээ 8000 төгрөгөөр хаш соруултай гаанс авч өгсөн. Гэтэл Баяр гуай "Залуу хүн ийм үнэтэй гаансаар юугаа хийхэв, тэрний оронд ганц сайн үрээ авбал алсдаа хэрэг болно" гээд Ваанчигийн зээрд азаргыг 2000 төгрөгөөр авч өгсөн хэмээн бичсэн байдаг. Ямартаа ч Ваанчигийн зээрд азарга М.Тожилд ирснээр 1963 оны Төв аймгийн 40 жилийн ой улсын их баяр наадамтай хамт болоход 700 гаран азарга уралдсанаас Алтанбулагийн "жижиг" Шаравын буурал түрүүлж, мөнөөх зээрд азарга аман хүзүүдэж байлаа. Дараа нь 1965 оны улсын их баяр наадамд хоёр дахиа айрагдаж М.Тожилын их зээрд гэдэг азарга болсон юм. Энэ зээрд азарганы үр гурван зээрд азарга гарсаны хамгийн сүүлийнх нь 1972 оны улс хувьсгалын 51 жилийн ойд даага түрүүлсэн М.Тожилын "поошиг" хэмээх зээрд азарга бөлгөө. Тожил гуай "поошиг зээрд" азаргандаа Өлзий өвгөний угшилтай "царцаа" Дашнямын "хумбага хүрэн" азарганы төл хар гүүг хураалгаж, эр хүрэн унага гарсан нь ХХ зууны Монгол төрийн найман магнай хүлгийн нэг Монгол улсын Алдарт уяач Мөнхийн Данзаннямын ажнай хүрэн азарга юмсанж ээ.

Данзанням гуайн хүрэн азарга 1979 оны улсын наадамд хязааландаа 30 гарч, соёолондоо түрүүлж, хавчиг соёолон 21-т, найман настай 22-т, 10 настай гуравт, 11 настай зургаад, 12, 14, 15 настайдаа түрүүлж, халх даяар нэрт гарсан түүхтэй. Ийнхүү улсын их баяр наадамд 4 түрүүлж, 1 айрагдсан хүрэн азарганд "Ажнай хүлэг" хэмээх төрийн цол олгосон байдаг. Харин энэ хүрэн азарганы төл нь ХХ зууны манлай хүлэг, Монгол улсын хөдөлмөрийн баатар Данзаннямын Даваахүүгийн Цолмон халтар азарга билээ. Цолмон халтар азарга улсын наадамд соёолон 14-т, хавчиг соёолон 9-д, 1993 онд найман настай аман хүзүүдэж, 1994 онд есөн настай түрүүлсэн. 11 настай 10-т, 12, 13 настай 9-д дараалан давхиж, 2001 онд 17 настай азарга Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах Их хурд-2 уралдаанд түрүүлсэн.

Цолмон халтар гээч энэ хурдан хүлгийн төл нь Д.Даваахүү гуайн "Хөх цавьдар" хэмээх азарга. Энэ азарга улс, бүсийн наадамд айрагдаж, түрүүлээгүй ч ховорхон төрөх аргамагийн дээд байсан гэдэг. Энэ тухай зууны манлай өгүүлэхдээ: Миний цавьдар азарга сүүлийн үеийн "данжаад" азарга байсан  юм аа. Найман настайд нь өвөл уяж байгаад хоёр эрлийз азаргатай уралдуулаад хөлийг нь жаахан муутгачихсан юм. 13 км-ийн үзүүр дээр нэгийг нь дийлээд нөгөөхтэй нь хамт жаахан хүчлээд хөдөлгөчихсөн юм. Тэхдээ хөөрхий үр төлүүд нь олон хүнд очиж, олон газар нэр гаргаж байна аа....

Үнэхээр ч хөх цавьдарын төлүүд энэ цагт ид хурдалж байна. Өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмаар аман хүзүүнд хурдалсан Д.Баянбатын хонгор, МУАУ Д.Дагвадоржийн зээрд үрээ хоёр хоёулаа хөх цавьдарын төл. Мөн энэ жилийн Дүнжингаравт айрагдаж, Эрдэнэтийн бүсэд түрүүлсэн Баянцагааны Ц.Энхбатын цавьдар үрээ байна, хөх цавьдарын төл. Д.Баянбатын хонгор АХ-ын 90 жилийн ойгоор шүдлэн үрээ улсад долоод орж, хязаалан аман хүзүүдээд давхар уяагаар төвийн бүсийн даншигт түрүүлсэн. Энэ хавар азарган соёолон Дүнжингаравт есөөр орсон. Ц.Энхбатын зээрд даагандаа Төв аймагт айрагдаад шүдлэндээ түрүүлсэн. Говьшанхад аман хүзүүдсэн. Ер нь дааган цагаасаа хойш том жижиг уралдаанаас айраг түрүү алдаагүй дээ. Энэ жил хаврын бүсийн уралдаанд нэг түрүүлж, нэг айрагдаад байна.

Ийнхүү ХХ, ХХI зууныг дамжин зургаан үедээ хурдалж буй эдгээр хурдууд тэртээх 1900-аад оны эхэн үед арван засгийн наадамд түрүүлж байсан Өвгөний Батбуян гуайн алаг азарганы үр төлүүд юм. Д.Даваахүү гайн хөх цавьдар улсад айрагдаагүйг эс тооцвол долоон үедээ хурдалж буй домогт хурдан хүлгүүдийн талаар уншигч та бүхэнд хүргэлээ.

Сэтгэгдэл