2016 оны 01 сарын 15

Нэрийг нь сонсоход л "домог амьлах" мэт үе удмаараа хурдалсан олон сайхан түмэн эхүүд Монгол наадмын түүхэнд мөнхрөн үлдсэн байдаг. Хийморь.мн сайт уншигч та бүхэндээ "Зуун дамжсан зургаан үеийн хурд"-ны тухай саяхан хүргэсэн бол энэ удаад ардын төрийн их баяр наадмын 7 түрүү, 7 айраг-ийг хуваан хүртсэн эцэг, үр хоёрын тухай хүргэх гэж байна. Энэ бол Цэцэнхан аймгийн Боржигон цэцэн вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Авдарбаян /Баян/ сумын нэрт уяач О.Санжаабүрэгийн цавьдар, түүний үр алдарт их Засаг төрийн зандан ширээ Ж.Шийтэрийн зээрд хоёр бөлгөө.

Очирын Санжаабүрэгийн цавьдар азарга бол XX зууны Монголын эрхэм хурдны нэг. Улсын наадамд 3 түрүүлж, 4 айрагдсан. Цавьдар азарга 1944 оны Хөх бичин жил, Ардын хувьсгалын 23 жилийн ойгоор хязаалан насандаа Авдарбаяны Сүрэнгийн хээр, Алтанбулагийн "жижиг" Шаравын буурал хоёрын ард ирж айргийн гуравт хурдалж байсан түүхтэй. 1948 онд шинэ найман настай азарга төрийн түмэн эхээр тодорч, 1953 оныг хүртэл завсаргүй зургаан жил ноёлосон цуут хурдан хүлэг. 1949 онд аман хүзүүдээд 50 онд түрүүлсэн. 51 онд айргийн гуравт, 52 онд түрүү, 53 онд дөрөвт тус тус хурдалсан байдаг. Цавьдар азаргыг ид хурдалж байхдаа дээр дурьдсан МУАУ "жижиг" Шаравын буурал /улсад 3 айрагдсан/, Баянцагааны Д.Дугарсүрэнгийн саарал /1952-1954 оны хооронд улсад 3 айрагдсан/, Дулаан багш хэмээх Ж.Дамдинжавын хонгор халзан /улсад 1 түрүүлж, 3 айрагдсан/, Баян-Өнжүүлийн Даймий начны бор /улсад 4 айрагдсан/, Хэнтийн Баянхутагийн Т.Балжиннямын шарга /улсад 2 айрагдсан/, Нялгын буурал буюу Т.Дамдинжавын буурал /улсад 2 түрүүлж, 1 аман хүзүүдсэн/ зэрэг тухайн үеийн нэрт хурдан хүлгүүдтэй хурд хуваан уралдаж, тийнхүү Монгол төрийн наадамд 3 түрүүлж, 4 айрагдсан байдаг. Удам угшлийн хувьд Даншиг наадамд 2 аман хүзүүдсэн Боржигон цэцэн вангийн хошууны уяач Баастын ногоон азарганы угшилтай гэгддэг. Мөн зарим ном зохиолд Баянцагаан сумын Нэрэмжимээгийн адууны удам ч гэж тэмдэглэсэн байх нь бий. Энэхүү цагийн эзэлсэн цуутай хурдан хүлгийн дараагаар түүний гал үр болох “Засаг төрийн зандан ширээ” Ж.Шийтэрийн зээрд азарга залган гарч улсын их баяр наадамд 4 түрүүлж, 3 айрагдсан билээ. Эцэг үр хоёр Монгол төрийн наадмын хурдан азарганы уралдааныг нэгэн үе дийлж байсан тэрхүү бахдалтай түүхийг цааш үргэлжлүүлюу...

Бүрэгийн цавьдар 53 оны наадмаар хамгийн сүүлд айргийн дөрөвт хурдалсан бол түүний үр Шийтэрийн зээрд азарга төрийн наадамд 7 уралдахдаа түрүү, аман хүзүүнээс өөр байрт давхиж үзээгүй домогт хүлэг. Анх 1954 оны Морин жил, Ардын хувьсгалын 33 жилийн ойгоор Баянцагааны МУАУ Д.Гомбосүрэнгийн туулай хээр азарганы ард ирж аман хүзүүдэхдээ эцэгтэй нь уралдаж байсан "дулаан" Дамдинжавын хонгор халзан, Д.Дугарсүрэнгийн саарал зэрэг азаргануудыг дийлж, их амжилтын гараагаа эхлүүлсэн түүхтэй. Улмаар 56, 58, 60 онуудад түрүүлж, 57, 59 онуудад аман хүзүүдэн Хан уулын ард завсаргүй таван жил /1956-1960/ ноёлолоо. Харин 1961 оны улс хувьсгалын 40 жилийн ойгоор өнжөөд 1962 онд дөрөв дахиа түрүүлсэн байдаг. Эцгийгээ залган гарч ирсэн "Засаг төрийн Зандан ширээ" зээрд азаргыг ийнхүү ид хурдалж байхад алдарт их Д.Галын хүрэн морь бас л 56-59 оны хооронд 3 түрүүлж, 1 аман хүзүүдэн алдар суугаа мандуулаад байсан юм. Харин энэ хэдэн жилийн улсын наадмын хүчит бөхийн барилдаанд дархан аварга Дарийн Дамдин завсаргүй түрүүлж байсан түүхтэй. Зээрд азаргыг 3 аман хүзүүдэхэд нь хамгийн анх дээр дурьдсан МУАУ Д.Гомбосүрэнгийн туулай хээр /улсад 1 түрүүлж, 2 айрагдсан/ их уяач Д.Галын хавчиг хээр /урд жил нь буюу 1957 оны соёлонгийн уралдаанд Алтанбулагийн Бүмийн борлог түрүүлж, энэ хээр азарга аман хүзүүдсэн байдаг. 60 онд зээрдийг түрүүлэхэд гуравт орсон/, улсад 4 түрүүлж, 3 айрагдсан "Мөнх төрийн мөнгөн магнай" З.Даваанэрэн начны хүрэн халзан азарга гурав л ганц ганц удаа дийлсэн байдаг. Даваанэрэнгийн халзан 59 онд зээрдийг дийлэхдээ сул түрүүлсэн байдаг.

Ж.Шийтэрийн зээрдийн үр удмаас олон адуу гараагүй ч 1958 онд Баян-Өнжүүлийн Ломбын зээрд шүдлэн айргийн тавд хурдалсан байдаг. Энэ зээрд үрээ бол түүний төл. Өөрөөр хэлбэл О.Санжаабүрэгийн цавьдар азарганы хоёр дахь үеийн төл юм.  58 оны наадмаар ийнхүү эцэг нь түрүүлж, үр нь айрагдаж байсан байна. Мөн 1960 оны улсын наадмаар Сэргэлэн сумын Магалжавын гурван алаг үрээ угсраа ирэхэд "хавирга" Насанбатын хүрэн хязаалан айргийн тавд хурдалж байсан. Энэ хүрэн үрээ бол Шийтэрийн зээрдийн бас нэгэн төл. Энэ жил 58 оны түүх дахин давтагдаж эцэг, үр хоёр улсын наадмын түрүү, айргийг хүртлээ.

Аа харин Насанбатын хүрний төл "сааргай" хэмээх Банзрагчийн хүрэн азарга улсын наадамд гурван удаа зургаалсан байдаг. 1968 онд МУАУ Ж.Рэнцэндорж гуайн цагаан азраганд яг бариан дээр дайруулаад гурав дахиа зургаалсан гэдэг.

Төрийн наадмын 7 түрүү, 7 айргийг хуваан хүртсэн эцэг, үр хоёрын тухай өгүүлэхэд ийм буюу. Эцэг цавьдар азарга нь 3 түрүүлж, 4 айрагдахдаа 6 жил завсаргүй ноёлосон, харин үр зээрд азарга нь 4 түрүүлж, 3 аман хүзүүдэхдээ 5 жил завсаргүй ноёлосон байх юм. Тухайн үед одоогийнх шиг даншиг болон их хурд гэх мэтийн наадмууд байсан бол эцэг, үр хоёрын амжилтын түүчээ мэдээж их зузаарах байсан нь дамжиггүй юм.

Энд бас нэгэн тодотгол хийхэд: Түүхийн хуудаснаа Жамцын Шийтэр гэж тэмдэглэгдсэн байдаг. Жамц бол Шийтэрийн ах нь бөгөөд зээрд азарганы уяа сойлгыг голлон тааруулдаг байсан гэдэг. Авдарбаяны Мөрдэндэв зайсан гурван хүүтэй бөгөөд нэг нь алдарт зээрд азарганы эзэн Шийтэр  юмсанж.

"Засаг төрийн зандан ширээ" зээрд азарга эзэнтэйгээ учирсан түүхийг хачир болгон сонирхуулъя: 1940-д оны сүүлээр Шийтэр хэмээх идэрхэн залуу алба амины нийлсэн 600 гаруй адуу отроор маллах тэр цаг үедээ өөрийнхөө овог нэр, аймаг сумаа түүхэнд мөнхлөн үлдээх эрхэм ажнайтайгаа учирсан түүхтэй. Нэгэн өвөл Шийтэр алдарт даян түмэн эх цавьдар азарганы эзэн О.Санжаабүүрэг гуайн 3 азарга адууг маллаж, өгсөнд нь хурдан цавьдарын үр нэгэн эр даага авхаар тохиролцоод Малхын талд отрложээ. Хавар нь цавьдар азарганы үр хүрэн, зээрд зүсмийн 2 дааганаас нутгын Жамц гэдэг өвгөний зөвлөсөнөөр зээрдийг нь авсан байна. Энэ бол алдарт ЗАСАГ ТӨРИЙН ЗАНДАН ШИРЭЭ зээрд азарга бөлгөө. Зээрд азарганы тухай Шийтэр гуайн хүү Цэвээнбальдар дурсахдаа "Манай зээрд даагандаа хариугүй жижэгхэн, шар үстэйгээ хатчихсан, хэрийн хүн хурдан гэж хэлхээргүй байж билээ. Шүдлэн наснаасаа эхлэн аюулын өсгөлүүн болж өөрийн насны үрээндээ айхтар жижэгд орхооргүй болж хувирсан. Гэсэсн хэдий ч ааш гэж тамтаггүй, их булгидаг байж билээ. Хүмүүс догшин зээрд л гэж нэрийддэг. Ямар сайндаа унах хүүхэд олддоггүйгээс болоод хүн цаашлуулж егөөдөхдөө гаргуун, цэцэн цэлмэг үгээрээ алдартай Баян сумын нэгэн эр "Ингэж эмнэг юм уясан болж, хүүхэнд хөнгөдөж моринд хүндэдсэн асман банди нар ацаглаж унуулах мөнгөөрөө арай эвтэйхэн, эвлүүлж болмоор ганц нэгэн номхон юм олж уявал дээргүй юу" гэж байхав. Зээрд азарга маань биеэр дурд зэргийн, урт хатингар толгойтой, урт хүзүүтэй, сэрвээ өндөр, давхихаараа дэл нь шаширлаж босоод байгаасаа их томорж харагддаг, хүмүүсийг үнэр болон дуугаар нь таньж их ялгаж ааш үзүүлдэг, эргээд бодход эрх ч юм шиг ааш нь дэндсэн ч юм шиг ер бусын ухаалаг амьтан байж дээ" гэсэн байдаг.

Очирын Санжаабүрэгийн цавьдар азарга бол XX зууны Монголын эрхэм хурдны нэг. Улсын наадамд 3 түрүүлж, 4 айрагдсан.

О.Санжаабүрэгийн цавьдар азарганы төл, төрийн наадамд 4 түрүүлж, 3 айрагдсан Ж.Шийтэрийн зээрд азарга

Сэтгэгдэл