2016 оны 01 сарын 15

Улсын их баяр наадамд бага дөрвөн насандаа айраг, түрүү алдаагүй гуравхан адуу байдаг. Харин бага дөрвөн насандаа гурван удаа айраг, түрүүнд хурдалсан 10 гаран үрээ байдаг. Түүний дотор гурван удаа магнайдаа тоос хүргээгүй цор ганц адуу байдаг нь Төв аймгийн Жаргалант сумын уяач Чойжамцын хээр үрээ билээ.

Монгол наадмын түүхэнд дахин давтагдаагүй байгаа цор ганцхан амжилтын эзэн болсон энэхүү хээр үрээ нь 1969 онд шүдлэн түрүүлээд, 70 онд хязаалан, 71 оны АХ-ын 50 жилийн ойгоор соёолон түрүүлсэн байдаг.

1969 оны Тахиа жил, Ардын хувьсгалын 48 жилийн ойгоор шүдлэн түрүүлэхэд нь улсад гурав түрүүлсэн алдарт хонгор халзан морины эзэн МУАУ Ц.Ханддоржийн хээр үрээ аман хүзүүдсэн байдаг. Шүдлэн мордоход Ц.Ханддорж гуай "За миний хээр үрээ өнөөдөр лавхан айрагдах байх аа. Тэхдээ арай л түрүүлж чадахгүй болов уу. Жаргалантын том хээр үрээ /Чойжамцын хээрийг хэлж байгаа нь/ - г арай л барахгүй юм шиг байна" гэж байсан гэдэг. Үнэхээр л хоёр хээр үрээ холбоотой ирээд Чойжамцын хээр түрүүлсэн байдаг.

Хээр үрээний эх нь эрлийз цагаан гүү байсан гэдэг. Тэр цагаан гүүнээс ах дүү гурван  хээр үрээ гарч энэхэн үед зад хурдалсаны хамгийн сайн нь энэ хээр /бага гурван насандаа улсад түрүүлсэн/ юм. 1970 онд мөнөөх хурдан хээрийг хязаалан түрүүлэдэх төрсөн дүү нь болох хар хээр шүдлэн айргийн гуравт хурдалж, шар хээр даага түрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Чойжамц уяач нэг наадмын 2 түрүү, 1 айргийг ах дүү гурван адуугаар хүртсэн нь энэ юм. Хойтон жил нь хар хээр нь дахиад айрагдсан.

Сэтгэгдэл