2016 оны 01 сарын 15

Түшээт Хан аймгийн Дархан чин вангийн хошуу буюу Төв аймгийн Баяндэлгэр сум.  Монгол улсын ууган сумдын нэг болон Баяндэлгэр сум нь  Баянжаргалан, Эрдэнэ, Мөнгөнморьт, Баян болон Хэнтий аймгийн Цэнхэрмандал зэрэг хурдтай сумуудын дунд нь оршдог, хурдны өлгий нутгийн нэг билээ. Энэ нутгийн унаган хүлгүүд эртнээс улс, аймгийн наадмын дэвжээнд хурдалж байсан төдийгүй өдгөө ч Баяндэлгэрийн унаган хүлгүүдээс салбарласан адуунууд их наадмын дэвжээнээ алтан жолоо өргүүлсээр байна. Чухамхүү тэр нутгийн гайхамшигт хурдуудын нэг нь ААУ Василийн Батдоржийн хонгор азарга. 1993 оны унага бөгөөд даагандаа уягдаагүй юм гэнэ лээ. 95 оноос буюу шүдлэн наснаасаа эхлэн 2011 оныг хүртэл алтан тоосоо тэнгэрт өргөсөн халхын хурдан ажнай. Эцэг тал нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын Балдангалсан тайжийн угшилтай хонгор азарга байсан ба эх нь Гунгаагийн Василийн унаган дулаан угшил /Улсын наадмаас 4 түрүү 13 айраг хүртэж ММСУХ-ны дурсгалын мөнгөн сударт "дулаан" хэмээх Жанцангийн Дамдинжав/-тай зээрд гүү байсан.

В.Батдоржийн хонгор азарга шүдлэндээ суманд 10-аар давхиж гараагаа эхэлсэн. Хязаалндаа өөрийн сумандаа гуравлаад Баянжаргаланд есөлсөн. Азарган соёолон суманд түрүүлж, Өвгөн ноёны наадамд долоод хурдалсан. Зургаан настай хавчиг азарга суманд хоёр дахиа түрүүлж, Баянцагаанд 50-д орсон. Хонгор азарганы хамгийн тааруу уралдсан нь тэр. Тэхдээ бэртлийн улмаас тэгж давхисан гэдэг. Долоон настайдаа өнжсөн. Найман настайдаа Багануур, Баяндэлгэрт тус тус түрүүлээд Өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн даншигт 22-т хурдалсан. Ийнхүү Хар дэл жанжин бэйс М.Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн даншигт хоёр удаа тоосоо өргөхдөө нэгэнд нь долоолж, нөгөөд нь 22-т хурдаллаа.

Дараа жил нь буюу 9 настай азарга Буянт ухаагийн буурал дэнжид тоосоо өргөж, АХ-ын 80 жилийн ойд 15-д хурдлаад Шувуун саарлын наадамд түрүүлсэн. 2002 онд АХ-ын 81 жилийн ойд 10 настайдаа дөрөвт хурдалж, халхад данстай түмэн эх боллоо. 11 настай азарга Төв аймгийн 80 жилд түрүүлээд Багануурын наадамд ахиад түрүүлсэн. Хойтон жил нь хөлний бэртлээс болоод өнжсөн. 2005 онд хаврын уралдаанд 2 айрагдаад зун нь Багануурт түрүүлсэн. 2006 онд буюу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор дахиад өнжсөн. 2007 онд сумандаа түрүүлээд хойтон жил нь дөрвөлж, түүний дараа жил аман хүзүүдсэн. 2010 онд өнжөөд 2011 онд сумынхаа наадмаар зодог тайлсан.

Василийн Батдоржийн энэхүү хурдан хонгор азарга ийнхүү 1995 оноос хойш 2011 оныг хүртэл уралдахдаа улсад нэг айрагдаж, бүсэд хоёр түрүүлээд сумынхаа надамд 5 түрүүлж, 3 айрагдсан. Багануурын наадамд гурав уралдахдаа гурав түрүүлсэн байна. Уралдаж байх хугацаандаа гурван жил уягдалгүй өнжсөн. Хонгор азарга өөрөө хурдан байгаад зогсохгүй үр төлүүд нь ч гэсэн хурдан байна. Гэхдээ ихэвчлэн охин төл өгдөг ба цөөхөн хэдэн эр төлүүдээс нь ах дүү хоёр хонгор азарга гарч ах нь гурав айрагдаад эндсэн. Дүү хонгор азарга нь сумандаа 4 түрүүлж, 1 айрагдсанаас гадна Баянхонгор аймгийн 70 жилийн ойд тавалж, хаврын уралдаанд 4 удаа түрүүлж, айрагдаад байна.  

Сэтгэгдэл