2016 оны 01 сарын 18

Төв аймгийн Архуст сумын харьяат аймгийн алдарт уяач Данчоймболын Гунгаадаш уул гарал нь Нялга Баянжаргалангийн хүн юм. Архустад суурьшиж хурдан хурц морьдоо сайхан уралдуулж хоёр хээр азаргаараа нэрд гарч аймгийн цолонд хүрчээ. Монгол улсын манлай уяач Сампилын Гэсэрваанийн Дунд хүрэнгийн үр бор азарга Баянжаргалан руу худалдагдаж, Дагвадорж, Бадам гээд хоёр ч хүн дамжин зарагдсан байна. Бор азаргыг Д.Гунгаадаш гуай худалдан авч үр нь хэдэн бор адуу гарчээ. Харин тэр бүхний дундаас онцгой сайн хурдалсан хүлэг нь сартай хүрэн азарга. Гунгаадашийн хүрэн азарга 1993 онд соёолондоо Баянжаргалангийн наадамд сайхан уяатай очсон ч морь будилж, эхний хэсэгт айрагдаад намар нь Мааньтын хорихын ойд сайн түрүүлжээ. 1994 онд зургаан настайдаа Архустад гуравт давхиж, Баянжаргалан суманд түрүүлэв. Долоон насанд нь өнжиж, 1996, 1997, 1998 онуудад Архуст сумын баяр наадамд гурван жил дараалан магнайдаа тоосгүй ирж уясан эзнээ баярлуулжээ. Улмаар 1998 оны Анхны их хурд уралдаанд газар газрын шигшмэл хурдан хүлгүүдтэй уралдаж хорьд давхисан гэдэг. Мөн тэр жилийн Баянцагааны даншигт арав гаргаж давхижээ.

Сэтгэгдэл