2016 оны 01 сарын 15

Монгол улсын алдарт уяач Доржийн Батчулуун. Энэ хүн уул гарал нь Булган аймгийн Хангал сумынх. Анхдагчдын өлгий Булганхангай нутгийн хүү өдгөө Орхон аймгийн Жаргалт сумаар овоглож явдаг. 1996 онд алдарт болсон. Түүнийг хурдан хээр мориор нь андахгүй. Орхон, Булган хоёрт айраг түрүү алдаж үзээгүй хээр морь нь 1994 оны улсын их баяр наадамд Г.Батчулуун манлайн хээр халзан морины ард ирж аман хүзүүдсэн. Тэр ердөө ганцхан л удаа Буянт ухаад ирж уралдсан, хээр морио аман хүзүүдүүлсэн.

Хээр морь нь 1985 онд Булган аймгийн баяр наадамд соёлондоо анх түрүүлсэн байдаг. 88 онд Булганы 50 жилийн ойгоор шинэ найман настай морь дөрөвь хурдалж, 1993 онд Амарбаясгалант хийдийн нэрэмжит даншиг наадамд гуравт хурдалсан. Тэр наадмаар тухайн үеийн Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбат, дараагийн Ерөнхийлөгч Н.Багабанди нар уяан дээр нь очиж хүндэтгэл үзүүлж байсан гэдэг. Тэр үеийн түүхэн зураг одоо ч Батчулуун алдартад хадгалаастай бий гэнэ. Орхон аймгийн наадамд бол 1983, 1985, 1990, 1991, 1995 онуудад тус тус түрүүлж, 1997, 1998 онуудад аман хүзүүдсэн. Ер нь хээр морийг 18 жил уралдахдаа 16 түрүү, 34 айргийг аймаг сумын наадмаас авч улсын наадамд 1 аман хүзүүдсэн гэдэг. Гайхалтай хурдан буян... Удам угшлийн тухайд Орхон аймгийн уяач Дашбалдир гуай Туваагаас хээр азарга авчирж өөрийн унаган жороо хээр гүүгээ хураалгаад эр хээр унага гарсан нь Доржийн Батчулууны алдарт түмэн эх хээр морь юмсанж. Хээр морины эцэг хээр азарга нь сүүлд МУАУ Пүрэвжалд очсон гэдэг.

Сэтгэгдэл