2016 оны 01 сарын 15

Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Ц.Цэндоржийн хонгор халзан гэж "аатайхан" хүлэг байлаа, намайг морь унадаг байхад. Дайн арын сунгаа гэж аймгийн наадмын өнгө тодорхойлох томоохон сунгаа болно. Луус, Адаацаг сумын залгаа нутагт. Тэр сунгаанд түрүүлсэн морь аймгийн наадмын үзүүрийн таваас хасагдаж байсан удаагүй. 2000 онд байх аа Данай арын сунгааны морьд аймгийн наадмын 5 түрүүг нь арав гаран айрагтай нь хүртэж байлаа. Тэхдээ тэр хавийн цөөхөн хэдхэн уяачид тэгж одтой наадаж байсан юм. МУАУ Д.Дашдэлэг агсаны хүүхдүүд болон Манлай уяач Д.Эрдэнэчулуун, ААУ С.Баатар, Сайнцагааны ААУ Раднаа нар хуваагаад авчихсан юм. Аймгийн наадмаар гэр сахих хүн Данайн сунгааг үзнэ. Ер нь бол аймгийн наадмыг үзсэнээс ялгаагүй л тийм сайхан сунгаа болдог байж билээ. Нас бүр 100 гарч уралдана. Тэр үед нийтлэлийн эхэнд дурьдсан Цэндоржийн хонгор халзан морь гараад л зугтаачихна, тэр чигтээ л түрүүлнэ. Заримдаа хадуурна аа бас. Дээгүүр толгойтой, сайхан том морь байж билээ. Адаацагийн их хонгорын овоонд бол олон түрүүлсэн дээ. 1986 оны Бар жилийн хавар хонгорын овооны ар зоон дээр төрсөн унага юм гэнэ лээ. Эх нь өөрийн унаган хээр гүү, эхийх нь эцэг мөн өөрийн унаган зээрд азарга байсан гэдэг. Харин эцэг нь Эрдэнэдалайн сумын нэрт уяач Нүрдэв гуайн хурдан хүрэн азарганы төл хул халзан азарга байсан юм гэнэ лээ.

Хонгор халзан морь даагандаа сөнг байсан бөгөөд уягдаагүй гэрийн гадуур уяа морьд  дагаж сунгаанд явдаг байсан гэдэг. Дараа жил нь буюу 1988 онд шүдлэндээ анх уягдаж Адаацаг сумын 29 жилийн ойд айрагдсан. Хойтон жил нь  Адаацаг сумын 30 жилийн ойд 10-т хурдалсан. 1990 онд соёолон насанда Их хонгорын овооны наадамд түрүүлж, давхар уяагаар Дундговь аймгийн 48 жилийн ойд холхоншиг түрүүсэн гэдэг.  Ингэхдээ тухайн жилийн улсын наадмын түрүү соёолонтой адил хугацаанд уралдааны 22 км замаа 30.33 сек-нд  туулсан байдаг. Тэр жил Монголын нууц товчоо хэмээх хөлгөн их судар бүтээгдсэний 750 жилийн ой тохиож Хэнтийн Дэлгэрхаанд Монголын анхны даншиг наадам болсон юм. Аймгийн наадмын дараа Сайнцагааны МУАУ "жаал" хэмээх Шаравжамц гуай тэрхүү даншиг наадамд хамт явахыг санал болгосон ч халзан морины эзэн Ц.Цэндорж гуай өсөж төрсөн нутгийн овооныхоо (Үнстийн цагаан овоо зуны адаг сарын шинийн 5) наадамд очиж уралдана гээд явсангүй. Овооныхоо наадамд түрүүлэлгүй яахав... 

Түүнээс хойш ойр хавийн бэсрэг наадмуудад мордох болгондоо л түрүүлж, айрагддаг байлаа. 1994 онд их насанд нийлээд Дундговь аймгийн 52 жилийн ойд зам мэдэхгүй жаахан хүүхдээр унуулсан учир буруу замаар уралдаж, эргэж замдаа нийлээд айргийн тавд хурдалж үнэнхүү хурдан хүлэг болхоо дахин харуулсан юм. Хойтон жил нь Адаацаг сумынхаа наадамд түрүүлсэн. Тэр жил мөн л Өвөрхангайн Есөнзүйлд өндөр гэгээн Занабазарын 360 жилийн ойн даншиг наадамтай байлаа. Таван жилийн өмнө хурдан байхад нь их наадмаас аваад үлдсэн Цэндорж гуай энэ удаад халзан мориныхоо үнэн хурдыг үзэхээр түм түжигнэж, бум бужигнасан тэрхүү наадамд хөтлөөд очлоо. Уралдахын урдхан ханиад хүрээд уралдуулж чадсангүй. Тэрг наадмын их насанд Дундговийн Эрдэнэдалайн МУАУ С.Гомбо-Очирын алдарт саарал морь түрүүлж билээ. Уг нь халзан морь их сунгаагаа саарал морьтой хамт хийхэд саарлыгаа сайн дийлж, түрүүлсэн гэдэг.

Улмаар 95 оноос хойш 10-аад жил ойр хавьдаа босоо хэвээрээ л байлаа. Уралдах болгондоо л түрүүлж айрагдана. Ингээд  2004 онд 18 настай морь Дундговь аймгийн Өлзийт сумын 90 жилийн ойд тоосоо өргөн 30-д хурдалж зодог тайлсан юм. 2007 онд өөрийн (Ц.Цэндорж) бууц болох Ар довны зүүн урд хөтөлд ААУ Д.Хуягбаатарын бууцны баруун хойд талд нүд аньсан даа хөөрхий. Одоо тэр хөтлөөр Дашдэлэгийн Хуягбаатар хурдан хурц хүлгүүдээ тарлаж, уяа сойлгыг нь эвлүүлэн аймаг, сум орон нутгаас эхлээд төрийн наадмын дэвжээнээ унаган нутгийнхаа нэрийг цуурайтуулж явна.

Хонгор халзан морины буян хишиг нь дэлгэрэч унаган нутагтаа эргэн төрөх болтугай... Залгаа нутагт нь /Төв аймгийн Баян-Өнжүүл/ Ц.Ханддоржийн хонгор халзан гэж төрийн наадамд гурав түрүүлсэн зартайхан түмэн эх байлаа. Харин Дундговийн Адаацагт Ц.Цэндоржийн хонгор халзан гэж төрд данслагдаагүй ч түмэнд шагшигдсан "аатайхан" хурдан хүлэг байлаа.

Хурай  Хурай  Хурай

Сэтгэгдэл