2016 оны 01 сарын 15

1999 онд Баянхонгор аймагт 1000 мянган морь уралдахад 1000 хурдыг ганц цагаан адуу өнгөлөөд нэг явж. Хэний морь вэ? Хүрэлбатын ягаан бүс нутагтаа зартай хурд. Довтой адуу.. 1000 хурдыг өнгөлж уралдсан гэхээр ямархан хүлэг болох нь мэдэгдэнэ. Хүрэлбатын ягааны ард Халхын цуутай хурдууд болох Увсын Дамдины алдарт Оодон хээр, Улс бүсийн олон айраг түрүүтэй Төв аймгийн Баян-Өнжүүлийн Нанжидын хонгор... Хүрэлбатын ягаан морь тэр 2 цуут хурдийг хэрж нэг, тэлж нэг уралдаж... Ягаан моринд тэлэгдэж уралдаад нөгөө хоёр нь сууж айрагт ч багтсангүй. Харин Хүрэлбатын ягаан явсаар байгаад 6 т. Айрагт арай л орсонгүй бас л...

Учир мэдэх хүмүүс тэр наадамд Хүрэлбатын ягаан л уралдаагүй бол тэр наадамд баянхонгорын морь түрүүлэхгүй ч байж мэдэхээр байсан шүү. Халхын 2 аварга хурд явсаар байгаад түрүүлчих байж мэдэхээр байсан юм шүү гэж ярихыг сонсоод. Бас л... Харин тэр хоёр хурдыг тэлж уралдаад түрүү айрагаас мулталсан морь бол Хүрэлбатын ягаан.
Хүрэлбатын ягаан ингэж Хонгор нутагт 1000 хүлэг уралдахад өөрөө биш гэсэн хонгор нутгийн морь түрүүлэх түүхийг бүтээлцэж ээ. Одоо харин энэ түүх ихэд бүдгэрсэн юм байна лээ.

1998 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд Баруун бүсийн даншиг гэж дуулиантай том наадам боллоо. Тэр том наадмын их насны уралдаанд 600 гаран их нас мордож түрүүлж эргэсэн 200 морьдын түрүүнд Хүрэлбатын ягаан магнайдаа тоосгүй ирлээ. Будилсан гээд алтан жолоогоо өргүүлсэнгүй. Үнэхээр харамсалтай...

Харин зурхайдаа гүйцэж эргэсэн 400 морины түрүү Завханы Дөрвөлжиний Туяагийн халиун. Их нас будилаагүй бол Хүрэлбатын ягаан яах байсан билээ гэсэн харуусал нутаг нугийнхан төдийгүй олон хүний дотор байсан билээ... Үнэндээ Марал нутгийнхан тэр том наадамд ягаан мориндоо л хамгийн их найдвар тавьж байсан гэдэг. Ягаан морь л биднийг нэг баярлуулах байхаа гэж...

Монгол нутгийн эрс хол нутгийн наадамд итгэл тээж уралдах, нутаг нугын нэрийг дуурсгах тийм нэг хүлэгтэй явах сайхан. Марал нутгийнханы хувьд тэр нэгэн шандаст хүлэг нь Хүрэлбатын ягаан морь байсан юм гэнэ лээ. Хүрэлбатын ягаан морь 10 нас гарч уяагдаж уралдсан ч Говь-Алтай, Завхан, Баянхонгорын олон сумуудад тогтмол түрүүлж байсан зартай хүлэг. Ягаан морины тухай хурдан морь шинжээч А.Батболд дурсахдаа Баянхонгорт Том чихт бороос хойшхи хамгийн сайхан хийцтэй морьдын нэг үнэхээр хурдан адуу байсан даа гэсэн нь бий. Ганц сайн хүлэг эзэн хүнээ байтугай нутаг усаа ч алдаршуулдаг. Хонгор нутгийн хурдны түүхэнд Хүрээмаралын Хүрэлбатын ягаан гэсэн нэр домог болон мөнхөржээ. 1998 онд Говь-Алтай Дэлгэрт Баруун бүсийн даншиг болоход Хүрэлбатын ягаан. 1999 онд Баянхонгорт Ламын гэгээний ойд 1000 морь уралдахад Хүрэлбатын ягаан.

Сэтгэгдэл