2016 оны 01 сарын 15

Дундговьд Хуяг нэртэй хоёр мундаг уяач бий. Говийн бүс нутагт аль ч наадамд очсон хурдан хурц морьдынхоо ирээр айлгаж байгаа хүмүүс л дээ. Хоёр Хуяг удам залгаж, нэмнээ элээж яваа. Эхнийх чавганцын буурал гэгч хурдан адууг дөрвөн үеэр нь тэгш хурдлуулж байгаа Адаацаг сумын харьяат Дашдэлэгийн  Хуягбаатар. Харин нөгөөх нь хэдхэн хоногийн өмнө Төвийн бүсийн даншигт хавчиг хүрэн морио түрүүлгэсэн Хулдын Доржжанцангийн Батхуяг.  

Энэ удаа миний бие Хулдын Хуягийн нэгэн аварга хүлгийн талаар дурсах гэж байна. Хуягийн хуурнин шуугиж байгаа хүрэн мориных нь тухай бус хуучин түмэн эх хээр мориных нь талаар бичихээр шийдсэн юм. Залуу хүрэн морь зартай амжилтынхаа гараан дээр байгаа учир хожим хойно үзэг цаас нийлүүлэх завшаан тохиолдоно гэдэгт найдаж байна. Алдарт уяач маань ч өөрөө аварга хээр морио “Миний уяаны багш, их морь уяхад сургаж намайг нэгэн насаар адуутай холбосон хүлэг эрдэнэ ” хэмээн хүндэтгэн хайрладаг билээ.  

Бичигч намайг багад Бүлээн буюу Хулдын хойд талын уяачид сумын наадам дээр авмал голдуу хараа булаасан сайхан азарга, их насны морьдыг мордуулж байдаг байлаа. Сүрхий ч наймаа панз үсэргэдэг эрчүүд байсан болов уу. Харин унаган хурд бага заяасан гэмээр бодогддог. Хэдэн оны хойно энэ хонхроос нэгэн зартай унаган хүлэг тодорсон нь Хуягийн хээр. Аварга хээр морины талаар ярихад Хулдын хоёр их уяачтай шууд холбогдоно. Батхуягийн аав Дундговийнхон дундаа их морины хаан гэж нэрлэгдсэн Батдэлгэрийн Доржжанцан, Хулд сумын анхны улсын алдарт уяач Махбариадын Энэбиш нар.

Хэзээ ч юм нэгэн цагт Б.Доржжанцан уяач Эрдэнэдалайн О.Осоржингоос сартай зээрд адуу аваад түрүүлгэж байна гэж зүүдэлсэн гэдэг. Маргааш өглөө нь зүүдээ билэгшээж шууд л Осоржин мангаагийнд давхиж хүрсэн байна. Зэлэнд нь уяатай сартай зээрд унаганд хадаг зүүж худалдан авч азарга тавьжээ. Энэ зээрд хээр морины эцэг юм. Харин эх нь түүнд ийм түүхтэй иржээ. М.Энэбиш нэг жил адуугаа Д.Батхуягт өгч оторт гаргав. Хуяг ч адууг нь онд сайн оруулж ирсэн байна. Өвгөн уяач залуу хархүүд өөрийн алдарт хурдан тогоруу хул морины дүү хээр байдас өгөв. Өвгөдийн гар гэдэг аргагүй өөр ажээ. Өгье гэснээ л хүнд өгсөн байж таараа. Тэр гүүг Осоржингийн зээрд азарганд өгч алдарт хурдан хээр морь нь гарчээ.

Хээр морийг 1997 онд дааганд нь Салхитын овоонд долоод хурдлуулаад хэдэн жил нутаг оронд нь цаг тавьж өгөхгүй, нүүдлийн байдалтай тул уяж чадаагүй байна. 2000 оны зун зартай туулай жил шувтарч хүн малын зоо тэнийсэн зунаар ханамал уяатай морин соёолонгийн идийг үзүүлж Хулд сумандаа түрүүлэв. Ингэж тэр аргамагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх эхлэхээ тавьсан байна.  Тэр цагаас хойш арван таван жил газар газрын олон ажнайтай хурд хувааж өөрийн гайхамшигт амжилтыг хурдан морь сонирхогчдын өврийн дэвтэрт бичиглэн үлдээжээ.

М.Энэбишийн алдарт хурдан тогоруу хул морь ид үедээ түрүү аман хүзүүнээс өөр байрт давхиж байгаагүй бол түүний “зээ” Хуягийн хээр ид үедээ мөн ийм л амжилттай уралдаж байлаа. Ер нь ямар ч наадамд очсон түрүүлсэн гэж дуулдахаас, айрагдсан гэж сонсогдохгүй шүү. Дэлгэрхангай ууланд хоёр түрүүлж, Таван толгой уурхайн 40 жилийн ой, цагаан сарын уралдаанууд, ТТТрансын уламжлалт уралдаан, хадагт наадам гээд өвөл хаврын их  бага наадамд тун ч олон түрүүлсэн. 2010 оны зун Дундговь аймгийнхаа баяр наадамд нэлээд харьсан хойноо буюу 15 настайдаа түрүүлж харьшгүй хурдан буян болохоо нутгийн довонд баталсан юм. Дундговийн баруун талд Хулдын хээр морь иржээ гэвэл түрүү морь тодорхой гэдэг нэгэн үе байв. Хулд, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Өмнөговийн Мандал-Овоо, Ханхонгор, Булган, Өвөрхангайн Баянгол сумын баяр наадамд айрагдаж түрүүлж байлаа. Наадам олон болсон өнөө цагт морийг хорин нас хүртэл нь уралдуулж, хурдлуулна гэдэг хэцүү ажил юм. Харин Доржжанцангийн Батхуяг уяач хээр морио арав илүү жил тасралтгүй уяж, олонтоо алдар цолоо дуудуулсан билээ. Зарим жил чөмөглүүлнэ хэмээн өнжөөж байсан нь хэр малч, гярхай уяач болохыг илтгэнэ.

Энэ жилийн долдугаар сарын эхээр хийсэн Хулд сумын баяр наадмын өгөөж буяныг өнөөдөр магтах хүн олон байна. Сунгааны байдлаар газраа татаж, олон сайчуудыг цуглуулсан энэ наадмаас говийн бүс нутгийн олон айраг түрүү, төрийн наадмын хоёр айраг, Дундговь болоод Өмнөговь аймгийн наадмын түрүү айргууд, сумдын олон түрүү тодров.  Тус их баяр наадамд Д.Батхуяг арван есөн настай аварга хээр морио,  зургаан настай залуу хүрэн морьтойгоо уяж ирсэн байлаа. Залуу хүрэн морь нь аман хүзүүдэж, хөгшин хээр морь нь 21-т хурдлав. Д.Батхуяг хээр морио зодог тайлуулж, цолыг нь дуудуулан, их насны морьдыг давхар байлж хүндэтгэл үзүүлсэн юм. Аварга хээр морь нь арваас хойгуур давхиж зодог тайлан, залуу хүрэн морь нь зартай уралдаж залган тодроход Д.Батхуяг уяачийн нүдэнд баяр гунигийн нулимс хослон байх шиг харагдаж байлаа.

Сэтгэгдэл