2016 оны 01 сарын 15

Арав гаруй жилийн өмнө Өмнийн говьд зард гарч байсан Төмөртогоогийн Батмөнхийн бор азаргыг олон түмэн Бөтөнгийн бор гэдгээр нь андахгүй. Энэ азарга Дундговь аймгийн Луус сумын уяач Самбын Баатарсүрэнгийн унаган адуу гэнэ. Энэ уяач хурдан хул азаргаараа нэрд гарсан Одхүүгийн аав сумын алдарт уяач цолтой хүн. Бор азарганы бүр дээд угшлыг нь хөөн судалбал Дундговьд хоёр түрүүлсэн Дэлгэрцогтын аман Самбуугийн боруудын удамтай. Тууврын хүн Дэлгэрцогтоос бор азарга авчирч нийгэмчлээд байхад нь С.Баатарсүрэн авч азарга тавьжээ. Самбын Баатарсүрэн Жимээ Доржийн бор, Хадын бор гээд дөрвөн бор азаргатай байсан бөгөөд жимээ Доржийн борын төл нь Бөтөнгийн бор юм.

С.Баатарсүрэнгийнх 1999 оны зуднаар нүүдэл хийж, Баян-овоо сумын Бунхантад өвөлжөөд, хавар нь нутаг буцах болоод, Цогтцэций сумын Гучинд ирчихсэн байв.  Өвөлжөө бууцаа тавьж өгч тусалж дэмжсэн Т.Батмөнхөд нэг адуу бэлэглэнэ гээд байж. Нас чацуу гурван бор үрээнээс нэгийг нь өгөхөөр зэхэж байж. Гучингийн усан дээр товлосон өдрөө иртэл өгөх бор үрээ нь ирсэнгүй. Харин өөр хоёр бор үрээний нэг нь Батмөнх рүү хараад эвшээхээр шууд бэлэглэсэн байна. Үлдсэн хоёр бор үрээний нэг нь хүү Б.Одхүүгийн хурдан бор морь, нөгөө нь хүргэн Э.Бямбахоролдоо өгсөн ч алдсан гэнэ.  Бор үрээ Т.Батмөнхөд ирээд намар, өвөл нь эцэж  тураад, нүд нь өвдөөд ганцаараа тэнээд их мууджээ.  Эмнэж домноод, усалж тордсоор онд оруулсан байна.

Хязаалан үрээ Өмнөговь аймгийнхаа наадамд 11-д оруулж, соёлонгоосоо хойш гоц хурдалсан. 2002 онд соёлондоо Өмнөговь аймгийн наадамд 3-т орж, намар нь Манлай суманд Занданбал агсны 120 жилийн ойд азарганд уралдаж 5-д орсон. 2003 онд зургаан настайдаа хамгийн хурдан жил  нь байсан. Өмнөговь аймгийнхаа наадамд түрүүлээд, долдугаар сарын 24-нд Мандал-Овоо сумын 80 жилд түрүүлж,  наймдугаар сарын 1-нд Хүрмэн сумын 80 жилд түрүүлж, ойрхон болсон гурван том  наадамд түрүүлсэн. Тухайн үед цагаан өвсний адуу гурван том наадамд гулсаж түрүүлэх нь ховор үзэгдэл билээ. 2004 оны хавар Нүцгэний том надамд 5-д давхиулаад Цогтцэций сумынхаа 80 жилийн ойд түрүүлсэн. 2005 онд Өмнөговь аймгийнхаа наадамд аман хүзүүдэж, 2006 онд болсон Баян-овоо сумын Дэндэв агсны  өвлийн уралдаанд түрүүлж, хоёр хоногийн дараа болсон Тавантолгой транс ХХК-ны өвлийн анхны уралдаанд түрүүлсэн. Өдгөө энэ уралдаан жил бүр болдог говийн бүсийн хаврын том уралдаанд зүй ёсоор нэрлэгдэх болсон юм. Бор азарганы арын азарганууд бүгд Дундговийнх байжээ. Зун нь Өмнөговь аймгийнхаа наадамд түрүүлэхэд Т.Батмөнхийн соёолон даага нь мөн түрүүлж магнай тэнийлгэж байлаа. Бор азарга тэр цагаас хойш уралдаагүй бөгөөд уяа орох тусмаа улам сайхан хөнгөрдөг, уяа сайн даадаг, хөлийн хурд ихтэй, үзүүр дээрээ их хурдан, үзүүрийн цуцаагүй, уяа нь ханаад ирэхээр чернилен ягаан туяа суугаад ирдэг хүлэг юм. Өдгөө ч 17 настай азарга Шанхын ард ижил сүргээ хураан дүүхэлзэж байгаа юм.  

Төлөөс нь олон сайн бор адуу төрж, эзнийхээ нэрийг цуурайтуулсаар байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө Цогтцэций сумын түүхт 90 жилийн ойд төл хар даага аман хүзүүдсэн. Эцгийнхээ арван жилийн өмнө түрүүлж байсан довонд айрагдсан энэ даага цаашдаа олон наадамд торойн хурдлах биз ээ.

Сэтгэгдэл