2016 оны 01 сарын 15

Дундговь нутагт Хэнтий Сүхбаатарын хурдан адуутай айраг хуваах хэд хэдэн бэсрэг омог бий. Адаацагийн Хуягбаатарын буурлууд, Эрдэнэдалайн Ноовын халиунууд, мөн сумын Батдэлгэрийн бор халзан, Гомбо-Очирын саарлууд, Өлзийтийн Дашдаваагийн борууд, Хулдын Б.Баярсайханы харын удам, М.Энэбишийн хулууд, Сайнцагааны Ярингийн харууд, Говь-Угтаалын Шаравжамцын хүрэн зээрдүүд, Луусын Насан-Очирын Жигмэдийн удмынхны адуу, Д.Эрдэнэчулуун манлайн хурд, Шилийн Гүр адуу, түүнээс салбарласан Жа.Бандийн борууд гэх хурд нь тодорсон алдарт хүлгүүд бий. Өнөөдөр Дундговийн довонд зүүн зүгээс авчирсан адуутай ана мана уралдаж байгаа унаган хүлгүүдийг харахад ердөө энэ хэдэн аварга адууны удам болох нь харагддаг. 

Харин тэдний нэг болох нэгэн сайн бүгээн адууны талаар багахан дурьдсу. Луус сумын гаралтай Өлзийтийн Пунцагийн Эрдэнэчулууны цагаан азарга 90-ээд оны дундуур Дундговийн баруун талд нэрээ гаргасан хурд болой. Миний өмнө оруулж байсан Лочингийн хурдан бор азаргатай эцэг нэгтэй, нэг насаар ах хүлэг байжээ. 1989 онд Өндөршилийн Жадамбын Бандиас даага авч, 1991 онд Дундговийн 50 жилийн ойн зартай өргөн наадамд хязааландаа наймд хурдалсан юм. Луус сумынхаа баяр наадамд аман хүзүүдэж тэр цагийн зартай хурд Ж.Дэмбэрэлдоржийн зээрд үрээ түрүүлэв. (Жилийн ард эцэг нэгтэй Д.Лочинцэрэнгийн бор Луусын наадамд хязаалан түрүүлсэн). 1995 онд найман настай азарга Луус сумын баяр наадамд дахин аман хүзүүдэхэд мөнөөх Ж.Дэмбэрэлдоржийн зээрд азарга дахин түрүүлсэн юм. 1996 онд Өлзийт сумын баяр наадамд түрүүлж, 1997 онд арван настайдаа Луус сумын түмэн адууны баяр их цэнгэл наадамд газар газрын 140 азарганаас айргийн дөрөвт хурдалсан билээ. 1998 онд Дундговь аймгийнхаа баяр наадамд 9-д хурдалж, Өлзийт сумын баярт аман хүзүүдсэн байна. 1999 оны зун Дундговь аймгийнхаа баяр наадамд тавд хурдалж, довтой хурдан буян болохоо батлав. Үүнээс гадна хоёр удаа аймагтаа арвын дотор хурдалжээ.

П.Эрдэнэчулуун уяач өнөө зун Уулбаяны унаган хонгор үрээгээ Төвийн бүсийн их даншиг наадамд аман хүзүүдүүлжээ. Энэ үрээ өнөө жил Өлзийт, Манлай, Сайнцагаан сумдын их ойд 6,7,8-аар хурдлаад байсан юм. 

Сэтгэгдэлүүд
  • bar IP:202.179.17.160 2016 оны 02 сарын 03

    amjilt
Сэтгэгдэл