2016 оны 01 сарын 15

Баруун алтай нутагт зүүн зүгийн хурдуудтай тэнцүүхэн уралддаг нэгэн бүгээн адуу байх. Тэр бол Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ААУ Жамбалын Энхсайханы "ягаан" буюу цагаан морь. Засгийн газрын тогтоолтой баруун бүсийн даншигт нэг түрүүлж, хоёр айрагдаад байгаа хүлэг. 2006 онд зургаан настай хавчиг морь Төгрөг сумын 90 жилийн ойд түрүүлээд давхар уяагаар Говь-Алтайд болсон баруун бүсийн даншигт айргийн тавд хурдалсан байдаг. Тэр наадамд Баянхонгорын И.Золбоотын бүүдэн морь түрүүлж /И.Золбоот энэ наадмаас 3 түрүү, 1 айраг хүртсэн/ Отгоннасан манлайн бүүдэн морь, Улсын алдарт Т.Гантөмөрийн хул, Увсын Тэсийн Цэвээн алдартын хул гээд зартай түмэн эхүүд "ягаан" морины өмнө гишгэсэн юм.

Энхсайханы ягаан гэх энэ хурдан ажнай 2004 онд хязаалан үрээ Хөхморьтын ойд түрүүлж, хойтон жил нь сумандаа ахин түрүүлж, Ховдын Чандманий 80 жилийн ой, Чогсомын Батзориг зааны мялаалга наадам, Хөхморьтын залны нээлтэнд тус тус түрүүлсэн түүхтэй. Ханамал уяатай хатмал морин соёолон хаа газрын наадмыг дийлж уралддагын нэгэн тод жишээ энэ буюу. Ягаан морь соёолондоо дөрөв түрүүлсэн байх... Ингээд л хурд нь нэгэнт танигдаж хавчигтаа Төгрөгийн ойд түрүүлж, баруун бүсэд айрагдсан нь тэр.

2007 онд долоон настай морь Ховд аймгийн Чандмань сумын харьяат МУ-ын начин Идэшийн Мөнхбаатарын цолны мялаалга наадамд түрүүлсэн. 2008 онд баруун бүсийн даншиг наадам Ховд аймагт болоход мөнөөх Жамбалын Энхсайханы ягаан морь Отгоннасан манлайн бүүдэн морийг дийлж түрүүлсэн түүхтэй. Ийнхүү орон нутагтаа төдийгүй баруун бүс нутагтаа дархлагдсан энэ хурдан ажнай 2009 онд уягдалгүй өнжсөн бололтой. Багаасаа олон том уралдаанд уралдсан адууг нэг жил өнжөөж гүйцэд тамир суулгасан юм болов уу даа эзэн нь... Ингээд 2010 онд сумынхаа сургуулийн 70 жилийн ойгоор түрүүллээ. 2011 онд сумдаа аман хүзүүдлээ. Давхар уяагаар Ховд аймгийн 80 жилийн ойд айргийн дөрөвт хурдалж, "Алтайн шигшмэл хурд 1" уралдаанд 14 өөр давхисан. 2012 онд Баян-Өлгий аймагт баруун бүсийн даншиг болж "ягаан" морь, Энхсайхан уяач хоёр баруун хязгаарыг зорьжээ. "Ягаан" морины уяа сойлго ч хачин сайхан таарсан байлаа. Харамсалтай нь гараан дээрээ будлиад араас нэхсээр 12-т орсон юм. Тэхдээ энэ наадамд Говь-Алтайчууд хоосонгүй ээ. Бүр 2 түрүү, 9 айраг хүртэж одтой сайхан наадлаа. Түүний нэг түрүү, нэг айраг нь Хөхморьтынх. Тэр ч битгий хэл бүр нэг хүнийх. Хөхморьт сумын ААУ Түвдэннямын Ганзориг нутгийн унаган бор морио айрагдуулж, Галшар унаган хээр соёолонгоо түрүүлгэсэн юм. Энэ наадмын дараа Т.Ганзориг уяач бүсийн наадамд түрүүлж, айрагдсан бор морь, хээр үрээ хоёрынхоо мялаагыг нутагтаа хийж дэлгэр сайхан наадам зохион байгууллаа. Их насны уралдаанд Энхсайханы "ягаан" морь зайтайхан түрүүлж ирээд барианд орохын өмнөхөн хүүхдээ унагаад дөрөвт орчихлоо. Тэндээсээ Ховдын Дарвит болсон МУМУ Батчулууны Мөнхтөрийн цолны мялаалга наадамд очиж айргийн гуравт хурдалсан юм.

2013 онд арван гурван настай морь Алтай нутгаасаа ардын төрийн наадамд зорьж ирээд 47-оор давхисан. Намар оройхон Ховд аймгийн Дарви суманд түрүүлсэн /9 сарын 1-ний хичээлийн шинэ жилийн баярт/. Энэ жил арван дарван настай морь аргагүй хурднаа баталлаа. Ховд аймгийн Дарви сумын 90 жилийн ойд холхоншиг түрүүлээд Галданбошигт хааны 370 жилийн ой баруун бүсийн их хурдад айргийн тавд хурдалсан билээ. Даншигийн дараа сумынхаа 90 жилийн ойд айргийн гуравт хурдалсан гэж дуулдсан. Энхсайхан уяач сумынхаа түүхт ойд "ягаан" морио айрагдуулснаас гадна дахиад гурван айраг уусан гэнэ лээ.

"Ягаан" морь дээрх амжилтуудаас гадна бага наадмуудад зургаа түрүүлж, нэг аман хүзүүдсэн гэдэг. Алтай нутгийн аргамаг хурдан хүлгүүдийн нэг Жамбалын Энхсайханы "ягаан" морины амжилтыг сийрүүлбэл ийм ажгу. Харин угшил удмын тухайд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Лхагвасүрэнгийн унаган адуу.

Сэтгэгдэлүүд
  • зочин IP:202.70.37.146 2016 оны 03 сарын 24

    ягаан морь энэ жил ховдын цэцэгт болсон бүсийн уралдаанд түрүүлсэн сурагтай
Сэтгэгдэл