2016 оны 01 сарын 15

Хэдхэн хоногийн өмнө Тод манлай уяач Дугараа өөрийн пэсбүүк хуудаснаа "Нахиу хээр азарга. Алтангадасын үр. Нахиугийн үр, үрийн үр есөн адуу улс, бүсэд айрагдсан" гэсэн пост оруулсан байлаа. Бичигч миний бие тэрхүү Нахиу хээр азарганы талаар болон улс, бүсэд айрагдсан төлүүдийнх нь талаар сонирхон асуухад Дугараа тод манлай ийнхүү хуучилсан юм.

Морин тойруулгын Алтангадасын төл байгаа юм. 1989 оны унага, 947 гэсэн тамгатай. Эх нь 450 номертой, тахийн угшилтай хээр гүү байсан. Баачка /Батчулуун манлайг хэлж байна/ Алтангадасын хүүхэд болохоор нь засалгүй байлгаж байгаад азарга болгочихсон. Догшин гэж жигтэйхэн, их булгина. Би 11 настай эмнэг азарга авч сургаад Заамарт болсон өвлийн уралдаанд уясан юм. Гурван сунгаа өнгөлөөд яг наадмаараа өнгөлж, өнгөлж ойрхон ирж суугаад аравт орсон. Тэр наадамд Тайж халтарын эцэг Мөнхбатаагийн халтар азарга 11-т орж байсан. Тэрнээс хойш уягдаагүй. Харин үр төлүүдээс нь есөн адуу улс, бүсийн наадамд айрагдсан. Тэдгээрээс гурав нь Нахиугийн шууд үр.

1. МУАУ Ц.Гантөмөрийн бор морь. Даагандаа улс, боржигон, өвгөн ноёнд тус тус 10-т хурдлаад шүдлэндээ улсад 17, хязааландаа 7, соёолон үрээ Тамирын хурдад зургаалсан. Их морь болоод 2011 онд Сэлэнгийн 80 жилд аман хүзүүдээд Дундговийн 70 жилд тавалсан. 2012 оны Дүнжингаравт зургаалж, өнгөрсөн жил Генниссийн уралдааны баруун бүсэд аман хүзүүдсэн. Ер нь бол том жижиг уралдаанд 30 орчим айрагдаж түрүүлсэн. Бор морины эх нь Хэнтийн Дадал унаган гүү байсан.

2. 2003 оны боржигон даншигт зургаалаад давхар уяагаар өвгөн ноёнд тавалсан улаан хээр үрээ. Энэ хээр үрээний эх нь Говь-Алтай унаган гүү байсан. Сонирхуулахад тэр жилийн өвгөн ноёны наадамд Дугараа манлай 2 түрүү, 4 айраг хүртсэн ба зөвхөн шүдлэнгийн уралдаанд борлог үрээгээ түрүүлгэж хонгор үрээгээ аман хүзүүдүүлээд сартай хүрэн нь дөрөвт, улаан хээр нь тавд хурдалсан байдаг.

3. Б.Билэгдэмбэрэлийн сартай хээр үрээ 2012 оны улсын наадамд аман хүзүүдээд эрлийз гэсэн шалтгаанаар хасагдсан. Тэр хээр үрээ Нахиугийн шууд үр юм.

4. Нахиугийн үр халзан гүүнээс эр халзан унага гарч 2008 оны Заамар болон Булганы 70 жилд шүдлэн үрээ тус тус айрагдсан.

5. Дээрх халзан үрээ азарга болж төл нь өнгөрсөн жилийн улсын наадамд даага айрагдсан. Тавд хурдалсан М.Алтан-Очирын зээрд даага юм. Энэ жилийн улсын наадмаар аман хүзүүнд ойрхон ирээд хадуурчихсан.

6. Нахиугийн үр хул гүүнээс 2009 оны Ламын гэгээний даншигт айрагдсан сартай хээр үрээ гарсан.

7. Нахиугийн үр бас нэг хул гүүнээс өнгөрсөн жил улсын наадмын эрлийз дунд насанд долоод хурдлаад төвийн бүсэд айрагдсан Т.Батжаргалын халтар үрээ гарсан.

8. Дээрх халтар үрээний төрсөн дүү нь 2012 оны улсын наадамд есөөр хурдалж, төвийн бүсэд аман хүзүүдсэн Б.Оргилийн хээр даага

9. Батжаргалын халтар, Оргилын хээр хоёрын эх хул гүүнээс мөн охин халтар унага гарч даагандаа "Ирээдүйн түмэн эх" өндөр бооцоот дааганы уралдаанд айрагдсан ба түүний төл хар даага өнгөрсөн жил улсад айрагдаад Архангайн 90 жилд түрүүлсэн.

Дээрх есөн адуунаас гадна Хэнгэрэгийн Цогтсайханы "Бундуут зээрд" гэдэг морь 2010 оны Төв аймгийн наадамд Дөлгөөн хонгорыг түрүүлэдэх аман хүзүүдэж, хойтон жил нь Дүнжингаравт аравт хурдалсан байдаг. Энэ зээрд морь мөн Нахиугийн үр. Хээр азарга сүүлд МУАУ Б.Тэрбишд очоод Тэрбишээс Билэгдэмбэрэл манлайд очсон.

Нахиу хээрийн эцэг Алтангадас хэмээх хүрэн халзан азарга нь Морин тойруулгын Их салхины төл. Их салхин 1974 оны АХ-ын 53 жилийн ойд  азарган соёолон айргийн дөрөвт хурдалж, 76 онд долоон настай азарга айргийн гуравт хурдалсан. Хойтон жил нь буюу 1977 оны АХ-ын 56 жилийн ойгоор МУМУ Д.Гарамжав агсан уяж төрийн түмэн эхээр цоллуулсан түүхтэй. Харин Алтангадасын хувьд 1980 онд хавчиг азарга түрүүлээд 1984, 1985 онуудад дараалан айрагдсан. Алтангадсын шууд төлүүдээс дөрвөн адуу төрийн наадамд айрагдаж түрүүлсэн байдаг. Тухайлбал 1990 оны МНТ-ны 750 жилд соёолон түрүүлж, 91, 93 онуудад улсад айрагдсан Сарт зээрд азарга, 1994 оны улсын наадамд түрүүлж, хойтон жил нь аман хүзүүдээд 98 оны Их хурд анхдугаар уралдаанд мөн аман хүзүүдсэн Хээр халзан морь, улсын наадамд 95 онд түрүүлж, 96 онд тавалсан Янзага хэмээх зээрд халзан морь, 96 оны улсын наадамд аман хүзүүдсэн Идэр хэмээх хээр морьд юм.

Сэтгэгдэл