2016 оны 01 сарын 15

Арынхангай нутгаас нэгэн жижигхэн хээр адуу гарч ирээд түрхэн зуур наадмын тэнгэрт наран мэт мандаад, од мэт харваад өнгөрсөн билээ. Яг л Хөхийн Сүрэнхорын хээр шиг. Тэхдээ тэр адуу шиг зард гараагүй ч задгүй хурдан хүлэг байсан гэлцдэг. Тэр бол Ихтамир сумын харъяат МУАУ Ломбын Алтангэрэлийн хээр үрээ. Эцэг нь 1997 оны хангайн бүс болон 99 оны Ламын гэгээний даншигт тус тус түрүүлж, Их хурд анхдугаар уралдаанд аравт хурдалсан МУАУ П.Доржпаламын хурдан хээр азарганы төл хүрэн азарга юм. Энэ хүрэн азарга 99 оны Ламын гэгээнд хязаалан түрүүлж байсан түүхтэй. МУАУ П.Доржпалам тийнхүү засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанд эцэг, үр хоёрыг алтан жолоо өргүүлсэн "аатай" уяач.

Бичвэрийн маань гол "баатар" болох Алтангэрэл алдартын хээр үрээний эх нь МУАУ Чулуунпүрэв гуайн аймаг, орон нутагтаа олон түрүүлж айрагдсан "Шоргоолз" хээр азарганы төрсөн дүү гүү. Архангай аймгийн хоёр хурдан хээр азарганы угшилтай жижигхэн хээр даага мундаг ширүүн ааштай, мордох болгонд булгидаг байсан гэдэг. Сүрэнхорын босоо хээр мөн л тийм даага байсан тухай уншигч та бүхэн ном зохиолоос олонтаа уншиж байсан байх. Хээр даага 2003 онд Цэнхэр сумын 80 жил, Ихтамир сумын 80 жилд тус тус түрүүлж, Архангай аймгийн 80 жил, Завхан аймгийн 80 жилд тус тус аман хүзүүдсэн юм. 2004 онд шүдлэн үрээ Архангай аймгийн наадам болон Батцэнгэл сумын 80 жилийн ойд мөн л магнайдаа тоос хүргэсэнгүй. Ингээд 2005 онд орон нутагтаа гүйцэгдэхгүй байгаа хурдан хээр үрээгээ Хэнтий аймгийн Баянхутаг сумын угшилтай их насны ухаа морьтойгоо аваад Алтангэрэл алдарт ардын төрийн наадмыг зорьжээ. Усны урт, газрын холыг туулж ирсэн болохоор хээр үрээндээ их л найдлага тавьж байлаа.

Гэвч хээр үрээ нь сунгаан дээр хөлөө бага зэрэг эвгүйтүүлчихлээ. Ширүүхэн ажил хийвэл доголчих гээд болдоггүй, сунгаанаас хойш олигтой ажил хийж чадалгүй байж байгаад их наадамд мордууллаа. Уралдахаар гарахад нь унаач хүүдээ "Хамаагүй битгий шахаарай" гэж хэлээд мордуултал хээр үрээ 14-өөр ирэв. Ирсэн хойноо унаач хүү 14-т ирсэнээ мэдээд "Аагий ахаас л боллоо хээр үрээ явах гээд байсан юм. Шахсан бол..." гэж байсан гэдэг. Улсын наадмын дараа Эрдэнэмандал сумын 80 жилийн ой тохиож, тэр наадамд уралдахаар боллоо. Хээр үрээ ч улсад уралдаад хачин сайхан болчихлоо, хөл ч зүгээр. Алтангэрэл алдарт хээр үрээгээ мордуулахдаа "Улсад элдэв хөндүүргүй, ийм л мордуулсан бол болчих байсан болов уу. Өнөөдөр улсад 8-аар ирсэн халзан үрээтэй /Энэ бол Манлай уяач Л.Чойдог гуйан халзан үрээ буюу АХ-ын 90 жилийн ойд их нас айрагдсан Ч.Бадархын ухаа халзан морь юм/ уралдана даа" гээд мордууллаа. Тэр наадам хээр үрээ их хол түрүүлж, Чойдог манлайн халзан үрээ аман хүзүүдсэн юм. Архангай нутгийн нэрийг олон гаргах байсан хээр адууны түүх харамсалтай нь энэ хүрээд төггссөн дөө.

Тэр жилийн /2005 он/ төрийн наадмаар Алтангэрэл алдарт хээр үрээгээ санасандаа хүртэл уралдуулж чадаагүй ч их насны ухаа морь нь айрагдсан билээ...

Сэтгэгдэлүүд
  • MGL IP:103.10.22.34 2016 оны 05 сарын 01

    hurdan vree bjdee
Сэтгэгдэл