2016 оны 01 сарын 15

Монголын хурдан морины түүхэнд зургаан үедээ зуун дамжин хурдалсан тэрхүү гайхамшигт хурдан хүлгүүдийн талаар уншигч та бүхэндээ хүргэж байсан билээ. Монгол улсын анхны арван алдартын нэг Мөнхийн Данзаннямын ажнай хүрэн азарга болоод түүний өвөг эцэг, үр төлүүдийн талаар. Тэрхүү зургаан үеийн хурдны удам энэ жилийн төрийн их баяр наадмын азарганы түрүүгээр тодорч, адууны угшил удам гэдэг ямар агуу зүйл болохыг тодхон харуулсан.  Одоо харин зургаан үедээ хурдалж буй бас нэгэн удмын талаар сонирхуулъя.

1962 онд Жаргалантын САА-н адуун заводоос морин тойруулгад Орловский хатирч, тахь,  хулангийн азаргаар эрлийзжүүлсэн 200 гаруй адууг авчирч сүргийнхээ эх суурийг бий болгосон. Дээрхи адуун дээр спортод ашиглах морьд болон үржлийн чиглэлийн адууг Хэнтий аймгаас худалдаж авсан. Энэ үед малын үзэсгэлэн худалдаанд ЗХУ-ын Дон үүлдрийн Зубрик дуудлагатай зээрд азарга ирснийг авч үржилд оруулж Монгол-Дон адууны нийлмэл цустай адуу бий болж хурдны болон спортын чиглэлд үр дүнгээ өгч эхэлсэн. Үүний үр дүнд улсын их баяр наадамд Зандан хүрэн, Ангир хонгор, Тайван сартай зээрд, Үүлэн саарал, Тайга сартай зээрд морь зэрэг адуунууд бага, их насандаа айраг түрүүнд давхисан. 1966 онд Зөвлөлтийн нөхдүүд “Колизей” хүрэн халзан, “Чирс” хүрэн халзан, “Индекс” хул хээр, “Сбор” зээрд, “Кросс” сартай зээрд, “Рыкошет” зэрэг нутагтаа олон удаагийн уралдаанд амжилттай уралдсан зургаан азаргаа морин тойруулгад бэлэглэн адуун сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулан олон сайхан хурдан адуутай болохыг ерөөгөөд буцсан юм.  1968 оноос байгууллагын адуун сүргээс гүү сонгож авч дурын хээлтүүлэгийн аргаар азаргануудыг хээлтүүлэгт нийлүүлж “Морин тойруулга” шинэ угшлын адууг бий болгосон нь хурдны болон спортын амжилтыг шинэ шатанд гаргасан. Энэ адуунаас Будённый цэвэр цусны эрлийз азаргануудын 1-р үеийн төлүүдээс 1974 оны улсын наадамд “Их салхин” хүрэн халзан соёолон, “Их янзага” хүрэн халзан хязаалан айраг түрүүнд давхиж шинэ сүргийн хурдлах эхийг тавьсан түүхтэй. 1974 оны АХ-ын 53 жилийн ойгоор азарган соёолон айргийн дөрөвт хурдалсан Их салхин бол “Колизей” хэмээх хүрэн халзан азрганы төл бөгөөд төрийн наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан. 1977 онд МУМУ Д.Гарамжав уяж улсад түрүүлгэсэн нь Морин тойруулга адууны анхны түрүү байсан юм.

"Их салхин" хэмээх энэхүү хурдан хүлгээс "Алтан гадас" хэмээх хүрэн халзан азарга, "Солонго" хэмээх цавьдар халзан азарга хоёр гарч их хурдалсан. Алтан гадас нь төрийн наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан бол Солонго нь улсад гурав түрүүлж, дөрөв айрагдсан. Алтан гадасыг тойруулгын хамгийн хурдан азарга байсан гэж олон уяачид ярьцгаадаг. Мөн хамгийн их удамшисан нь Алтан гадас яахын аргагүй мөнөөс мөн. Өөрөө хурдан байгаад зогсохгүй үр төлүүд нь эр, охин хоёр тийшээ салбарлан хэдэн үедээ хурдалж байна.  Энэхүү бичвэр маань ч Алтан гадастай холбоотой.

Будённый цэвэр цусны “Колизей” хүрэн халзан азарганы төл улсад нэг түрүүлж, хоёр айрагдсан "Их салхин" хүрэн халзан азарга. Түүний төл улсад мөн нэг түрүүлж, хоёр айрагдсан "Алтан гадас" хүрэн халзан азарга. Энэ цуваа цааш хэрхэн үргэлжилснийг уншигч таньд одоо хүргэх гэж байна. Алтан гадасаас олон хурдан төл гарч төрийн наадмын айраг, түрүүнд хурдалсан байдаг. Сарт, тойруулгын хоёр халзан морь зэрэг зартай хурдан хүлгүүд бий... Эдгээрээс сарт нь 1990 оны МНТ-ны 750 жилийн ойд соёолон үрээ хол түрүүлээд хойтон жил нь хавчиг азарга АХ-ын 70 жилийн ойгоор Хөхийн Сүрэнхорын босоо хээрийн ард орж аман хүзүүдсэн. 1993 онд найман настай азарга айргийн гуравт хурдалсан. Сартын үр "Шонхор" хэмээх зээрд азарга гарсан. Энэ зээрд азарга төрийн наадамд айрагдаж түрүүлээгүй ч онцгой хурдан адуу байсныг олон уяачид ярьдаг. Г.Батчулуун манлай соёолонд нь уяж улсын наадмын гурван сунгааг "нэвтэлсэн" ч их наадмаар уралдаж чадаагүй гэдэг. Азарга болоод хурдан хар морьтой "НИК"-ийн Энэрэлт агснаар дамжин Д.Онон манлайд ирсэн. Онон гуай наймтайд нь уяж өвлийн уралдаанд нэг түрүүлгэж, хоёр ч айрагдуулсан гэдэг.

Данзанням гуайн хүрний удмаас Хөх цавьдар гэж хурдан азарга төрсөнч том наадамд айрагдаж чадалгүй хөл муудсан байдаг. Шонхор зээрдийн хувьд яг л түүн шиг гарцаагүй хурдан адуу байсан ч том наадамд айрагдаж чадалгүй хөл муудсан юм гэнэ лээ. Харин шонхор зээрдийн төл "Янзага" гэж хурдан зээрд адуу гарсан. Морин тойруулгын “Их салхин” хүрэн халзан азарганы эр охин төлүүд хоёр тийш салбарлаж байгаад эцгийн 4 дэхь үе, эхийн 3 дахь үеийн төлүүд нийлж гарсан адуу бол Тод манлай уяач Д.Ононгийн янзага зээрд. Өөрөөр хэлбэл уяач хүний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, нарийн бодлогоор төрлийн үржүүлэг хийн эргэж цусанд нь оруулсан адуу юм. Энэ бол биологийн хууль...

Янзага зээрд 2006 оны Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой болон Эрдэнэт хотын 30 жилийн ойд шүдлэн үрээ тус тус аман хүзүүлж, хязаалан Говь шанх болон, Завхан аймгийн Яруу суманд болсон МУАУ Б.Нагааранзын халзан морины нэрэмжит наадамд тус тус түрүүлж, Өвөрхангай аймагт болсон морины их шүтээний тахилга наадамд соёолонтой уралдаж түрүүлсэн. Харамсалтай нь азарган соёолон төрийн наадамд тоосоо өргөөд эндчихсэн гэдэг. Гэвч түүнийг залгах ганц эр төл үлдсэн нь өнөө жилийн Дүнжингаравын хурдад айргийн гуравт хурдалж, АХ-ын 93 жилийн ойгоор аравт хурдалсан Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, ААУ Цэрэндоржийн Мөнгөнхуягийн "Янзага" хэмээх зээрд азарга билээ. Ийнхүү морин тойруулгын "Их салхин" хүрэн халзан азарганы үр удам зургаа дахь үедээ төр улсын болоод Засгийн газрын тогтоолтой бүсийн наадамд айраг түрүүнд хурдалж байгаа нь энэ.

Их салхин, Алтан гадас, Сарт, Шонхор зээрд .... гээд бас дахиад салбарлана. Учир нь өнгөрсөн жил Төв аймгийн 90 жилийн ойд айрагдаад өнөө жил улс болон зүүн бүсийн даншигт тус тус айрагдсан Ононгийн Батбилэгийн "Янзага" зээрд хязаалан бол Шонхор зээрдийн үр. Мөн энэ жилийн төрийн их баяр наадамд айргийн тавд хурдалсан Г.Эрдэнэбилэгийн хээр үрээ ч гэсэн Шонхор зээрдийн төл. Өөрөөр хэлбэл Шонхор зээрдийн нас чацуу хоёр төл нь АХ-ын 93 жилийн ойд айрагдсан юм. Энэ цуваа ахиад цааш үргэлжлэх нь дамжиггүй...

Сэтгэгдэл