2016 оны 01 сарын 15

Төв аймгийн Баяндэлгэр сумаас төрөн гарсан онц хурдан хүлгүүдийн нэг нь бол Л.Энхбаярын зээрд халзан азарга билээ. Энэ азарга бол Төв аймгийн Алдарт уяач Д.Доржийн унаган адуу юм. Түүний эцэг нь Д.Доржийн МНТ-ны 750 жилийн ойд айрагдаж, сумандаа олон түрүүлж айрагдаж байсан хурдан цавьдар азарга бол эх нь Д.Дорж уяачийн унаган хээр гүү байсан гэдэг. Энэ хээр гүү бол Д.Доржийн хадам аав н.Доржпалам гэдэг хүний унаган хонгор азарганы төл бөгөөд Д.Доржийн зээрд халзан гүүний унага байжээ. Харин хурдан цавьдар азарга бол Баяндэлгэрийн хурдуудын эцэг Хүүхдийн халтар гэдэг азарганы төл юм. Энэ халтар азарганы төлүүдээс Г.Даваасүрэнгийн Одон хонгор, Хул морь, Жүрмэдийн хонгор, Д.Доржийн цавьдар, Оодон халтар, н.Дамдингийн хүрэн, буурал, Г.Батбаярын зээрд, Д.Санжаасүрэнгийн хүрэн, В.Батдоржийн бага хонгор, Дөнөн, Сарт, Жигүүр хул, Б.Далайн хонгор, С.Ганзоригийн хүрэн, н.Чимэддоржийн хул, Өнгөгүй хул, Ц.Буянбаатарын хул, С.Ганбаатарын хонгор, Б.Буяннэмэхийн хонгор халзан, Н.Загдрагчаагийн хүрэн зэрэг хурдан хүлгүүд төрөн гарч улс, бүсийн наадамд торгон жолоо өргүүлсээр байгаа билээ.

Д.Доржийн цавьдар азарга, хээр гүү 2-н анхны төл нь хонгор үрээ гарч эмнэгээрээ зарагджээ. Дараагийн төл нь Л.Энхбаярын халзан азарга юм. Энэ тухай Төв аймгийн 80 жилийн ойн наадамд явахдаа хээр гүүг хязаалан байдас унаж явсан Баяндэлгэр сумын уяач Д.Дамдиндорж ярьж байсныг, саяхан Д.Дорж гуайтай уулзахдаа асууж баталгаажуулсан юм. Д.Дамдиндорж бол Д.Доржийн зээ дүү бөгөөд адууг нь маллаж, морийг нь унаж байсан хүн юм.

Цавьдар азарганы төлүүдээс Мөлүү цавьдар, Насаагийн цавьдар гэсэн 2 хурдан азарга гарч сумынхаа наадамд хэд хэд түрүүлж, айрагдаж байлаа. Мөн түүний бас нэгэн төл цавьдар азарга ААУ Г.Батбаяраар дамжин Н.Загдрагчаад очсон бөгөөд энэ цавьдар азарганы төл хонгор үрээ АУ Б.Далайд зарагдаж, 2006 онд Говь-Алтай аймагт болсон Баруун бүсийн даншиг наадамд түрүүлж байв.
Д.Доржийн цавьдарын төлүүдээс хамгийн хурдан нь Л.Энхбаярын зээрд халзан азарга. Халзан азарга 1986 оны унага. Зээрд халзан азаргыг хязаалан үрээ байхад нь Лонжидын Нэргүй агсан худалдан авч байв. Л.Нэргүй агсан бол Д.Ононгийн халзан морины эзэн Лонжид гэдэг хүний хүүхэд юм. Л.Нэргүй халзан азаргаа сайн уяж байсан боловч айрагдаж хараахан чадахгүй, 10 дотор л ордог байв. Тухайлбал, 1995 онд сумынхаа 70 жилийн ойд 8, 1995 онд Багахангайд болсон өвлийн анхны бүсийн наадамд 6-д тус тус хурдлаад байв.

Халзан азаргыг Баяндэлгэр сумын уяач Л.Энхбаяр 1996 онд худалдан авч, Ламын ууланд болдог Цагаан сарын уралдаанд айрагдуулж, улмаар Дэлгэрхаанд болсон бүсийн наадамд 8-д хурдлуулав. Энэ наадамд 500 гаруй азарга уралдсан бөгөөд халзан азарга барианд 6-д орсон боловч 8-д баригдсан юм.

Тэр зунаа Галуутайд уягдсан халзан азарга тун хурдан байсан боловч сунгаа, давхилуудад Д.Сажаасүрэнгийн хүрэн азаргыг дийлэхгүй л байв. Д.Сажаасүрэнгийн хүрэн азарга бол Мөнх төрийн мөнгөн магнай З.Давааннэрэнгийн халзан азарганы төл эцэгтэй, Хүүхдийн халтрын төл эхтэй онц хурдан азарга байсан бөгөөд 1995 онд сумынхаа 70 жилийн ойд түрүүлж, бусад олон наадамд түрүүлж, айрагдсан хурдан буян байлаа. Хүрэн азарга 90-д оны дундуур Галуутайн сунгаануудад урдаа адуу гаргаж үзээгүй хурдан буян бөгөөд ард нь Л.Энхбаярын халзан, Н.Загдрагчаагийн хонгор халзан азарганууд ордог байв. Н.Загдрагчаагийн хонгор халзан азарга бол 1998 онд Баянцагаан суманд болсон бүсийн наадам, Архуст суманд болсон Г.Пунцагбалжир агсаны наадамд тус тус айрагдсан хурдан хүлэг билээ.
Халзан азаргыг шинэхэн эзэн нь тун сайн уяж 1996 онд сумынхаа наадамд түрүүлгэж, азарганыхаа наамдын өмийг нээж, өөрийнхөө Багануур Бага Хэнтийн бүсийн алдарт уяач цолонд хүрэх эхлэлийг тавьсан юм. Тэр жилийн наадмын азарганы уралдаан тун сонирхолтой болж, наадмын өмнөх 3 сунгаанд адуутай уралдахгүй хурдан байсан Д.Санжаасүрэнгийн хүрэн азаргыг Хэнтийн Жаргалтхаанаас ирсэн Ар-Үрийн хээр гэж азарга барьж уралдсаар барианы өмнөхөн 2-уулаа сууж айргаас мултарч байв. Энэ наадамд Л.Энхбаярын халзан түрүүлж, Н.Загдрагчаагийн хонгор халзан азарга аман хүзүүдэж байлаа.

Л.Энхбаяр уяач халзан азарганыхаа уяанд тун сайн гаршиж, дараа жил нь буюу 1997 оны хаврын бүсийн Г.Пунцагбалжир агсаны нэрэмжит “Эрдэнэт Хүлэг 97” уралдаанд айргийн гуравт хурдлуулав. Энэ наадам бол одоогийн Дүнжингарав уралдаан билээ. Тэр зунаа сумандаа Д.Санжаасүрэнгийн хүрэн, Н.Загдрагчаагийн хонгор халзан азаргануудыг дахин дийлж түрүүлэв.

Дараа жил нь Г.Пунцагбалжир агсаны нэрэмжит “Эрдэнэт Хүлэг 98” уралдаанд мөн л айргийн гуравт хурлав. Зун нь сумынхаа наадамд идэрхэн гарч ирж байгаа 2 хавчиг азаргыг дийлэлгүй айргийн гуравт хурдлав. Энэ наадамд тухайн үедээ дархлаад шахуу байсан Л.Энхбаярын зээрд халзан, Д.Санжаасүрэнгийн хүрэн, Н.Загдрагчаагийн хонгор халзан азаргануудыг Василийн Батдоржийн аварга хонгор азарга хавчиг насандаа дийлэн түрүүлж амжилтын гараагаа эхэлж байлаа.

Халзан азарга 1999 онд сумандаа айрагдаж, Багануурын наадамд түрүүлэв. Дараа жил нь мөн л сумандаа айрагдаж, хамгийн сүүлд 2002 онд сумынхаа наадамд 17 настайдаа түрүүлж байлаа. Тэрээр сум орон нутагтаа болдог байсан өвөл, хаврын уралдаануудад тогтмол түрүү, айрагт хурдалж байв.

Халзан азарга нь дунд зэргийн биетэй, арьс хөрс нимгэнтэй, тун ч гоёмсог цэвэрхэн азарга байлаа. Л.Энхбаяр уяач халзан азарга сайн мэдэрч, тун өвөрмөц уядаг байв. Тухайлбал өглөө эрт барьж ажлыг нь хийчихээд үдээс хойш адуунд нь тавьчихдаг байсан юм. Энэ уяа нь ч таарч ихэд хурдалсан билээ.

Одоогийн бүсийн наадамд 2 айрагдаж, Баяндэлгэр, Багануурын наадамд 4 түрүүлж, олон айрагдсан нэгэн үеийн аварга хүлгүүдийн нэг халзан азарганы үр төлүүдийг Л.Энхбаяр уяачийн хүүхдүүд нь сайн уяж сум, орон нутагтаа амжилттай уралдсаар байгаа билээ.

Баяндэлгэр сум Г.Дашзэвэг

Сэтгэгдэл