2016 оны 01 сарын 15

Нэг мянга есөн зуун далан нэгэн оны улсын их баяр наадам. Ардын хувьсгалын 50 жилийн ой. Сүхбаатар нутгийн цуут хурдан хүлэг Нийгмийн хонгор Буянт-Ухаад ирж уралдах нь гэсэн яриа тэр жилийн наадмын нэгэн шигтгээ байж. Буянт-Ухаагийн буурал дэнжид Нийгмийн хонгорыг харах гэсэн наадамчин олон ёстой л нэг хөлхөж байсан гэдэг. Зүүн зүгийн босоо хурдан хүлэг ирсэн тэр жилийн наадамд алдар нэрээ дуурсгаж асан алдарт уяачид энэ жилийн наадам Нийгмийн хонгорых болох нээ гэсэн битүүхэн айдас байсан нь гарцаагүй ээ. Тэр үед Нийгмийн хонгор нутагтаа босоо байсан үе. Харамсалтай нь адууны уяа засал мэдэхгүй нутгийн дарга нар тэр жил Нийгмийн хонгорын улсад уралдуулах гэж багахан ший жүжиг тавьсан юм даг уу даа? Харин Буянт-Ухаагийн дэнжид Нийгмийн хонгор яаж ганцаар ирэхийг харах гэсэн наадамчидын ам дамжсан яриа, Нийгмийн хонгороор нэр нүүр олох гэсэн дарга нарын болхидуухан хар хорын хэл үгэнд уяаны эв эвдэгдэж тэр жилийн наадамд Нийгмийн хонгор гавьтайхан давхиагүй гэдэг. Эрдэнийн хүлэг байгаад ч эрдэм засал дутвал амжилт олдогүйн жишээ энэ буюу. Гэхдээ л Буянт-Ухаагийн буурал дэнжид цугласан наадамчид Нийгмийн хонгор гэж ийм сайхан хүлэг байж уу гэсэн сэтгэдэлтэйгээр буцсан нь гарцаагүй. Бүс нутагтаа л босоо байсан Нийгмийн хонгор олон шалтгааны улмаас төрийн наадамд барагтайхан тавхиад буцсан гунигт түүх энэ.

Нэг мянга зуун ерөн нэгэн оны улсын их баяр наадам. Ардын хувьсгалын 70 жилийн ой. Төрийн их баяр наадамд холын аймгийн морь түрүүлж үзээгүй байсан үе. Хөвсгөл нутгаас ирсэн Д.Хишигбатын хонгор морь үсэргээ сунгаанд гойд сайн байж улаан хөлтөнийг урдаа гишгүүлэхгүй хурдан байв. Хүлэг ч гэж хүлэг. Хөвсгөл нутгийн унага төрийн наадамд цахиур хагалаж аз од гийхэд ойрхон байваа. Бөхөг, Түргэн, Буянт-Ухаагаар нутагтай эрдэм төгс уяачид энэ жилийн наадам арай энэ хонгор мориных болчих юм биш биз гэсэн цагаахан атаархал, их айдас байсан нь гарцаагүй. Хонгор морь сунгаанд ганцаараа л ирэх. Хэний хүүгийн магнайд азын од харвах өдөр хоног ойртсоор наадмын өглөөтэй золголоо. Тэр жилийн наадам будилж түрүүлж эргэсэн дийлэнх морьдын түрүү магнайд Д.Хишигбатын хонгор ирэв. Будилсан гээд л хасагдсан. Үнэхээр харамсалтай. Тэр жилийн наадамд их морь будилаагүй байсан бол Хишигбатын хонгор морь түрүүлэх байсан нь гарцаагүй байсан гэдэг. Гэлээ гээд ч яах билээ дээ ёс ёмбогор, төр төмбөгөр хойно. Холын хол Хөвсгөл нутгаас төрийн их баяр наадмыг зорьж ирсэн хонгор морь түрүүлсэн ч цоллуулж чадаагүй Хишигбат өөрөө хонгор морио төв цэнгэлдэх рүү хөтөлж оруулаад өөрөө цоллочихоод гарсан гэдэг. Ард түмэн ч алга ташиж уухайлаад сүйд болсон ч албан ёсоор цоллуулж медаль зүүгээгүй болохоор сэтгэл санаа тэр гэхийн тэмдэггүй гунигтайхан байсан даа гэж хуучилсан нь бий. Хөвсгөл нутгаас ирсэн тэр жилээ гойд хурдан байсан Д.Хишигбатын хонгор морь улсын наадамд цуутайхан уралдаад цулбуургүй буцсан гунигт түүх энэ буюу.

Хоёр мянга нэг он. Ардын хувьсгалын 80 жилийн ой. Тэгш ойн улсын их баяр цэнгэл өргөн дэлгэр боллоо. 2000 онд баруун аймгуудад тэр тусмаа Баянхонгор, Говь-Алтай аймгуудад харын зуд нүүрлээд мал цөөрсөн гундуухан он жилүүд. Тэр үед түрүү жилийн зуднаас амьд үлдэж дараа жилийн хавартай тарчигдуухан золгосон хурдан хонгор морио улсын наадамд тоосыг нь өргүүлмээр Бээжин уяачид хааяа хааяа бодогдох болов. Энэ тухайгаа найз нөхөд, ойр дотны хүмүүстэй хэлэхэд тэд бараг л чи галзуураагүй биз хэмээцгээнэ. Зудны дараа жил тэгээд ч цагаан өвсний олигтойхон үе суугаагүй амьтаныг чи тэр хол газар тэр том дэвжээн дээр уралдуулна гэж яаж санаанд чинь багтаж байна аа гэж зэмлэх. Тийн зэмлэж буруутгаж байгаа хүмүүсээс би ер нь явахаар шийдсэн санхүү энээ тэрээ туслах боломж байна уу? гэж асуух нь амны гарз байв. Хоёр жил дараалсан ган зудны дараа жилийн зун 6 сарын 21-нд нэгэнд шар үснээсээ ч олигтойхон салаагүй хонгор морио дагуул ганц үрээтэй аавынхаа Зил 130 машиныг хөлслөөд төрийн наадмын зүг сэтгэл шулуудан хөдөлвөө. Баруун аймгаас нутгийн унаган морь барагтайхан л бол ирж уралддаггүй байсан тэр үед Бээжинг хонгор морио ачаад нааш хөдлөхөд нутгийнхан нь харин даапаалангүй үлдсэн гэдэг. Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр Бээжин бид хоёр хонгор морьтойгоо улсын наадамд уралдана гэдэг ч хол хэвтэх байлгүй гэсэн шүү. Говь-Алтайн Эрдэнээс гарсан сонирхолтой аялал үргэлжилсээр наадам тулгуухан хотод ирлээ. Таньж мэдэх, бараадах хүн байхгүй юм чинь хонгор морио Зил 130 машиныхаа сүүдэрт уячихна. Өөрсдөө машиныхаа кабинд болгож байв. Хонгор мориныхоо ажлыг хэр тааруулж хийсээр тэгж байтал их сунгаа болов. Их сунгаанд Бээжингийн хонгор аман хүзүүнд ирэх нь тэрээ.

Их сунгаанд сайн давхисан жижигхэн хонгор морь хүмүүсийн анхаарлыг татаж эхлэв. Хаанаас ирсэн хэний хүлэг болохыг хүмүүс дор бүрнээ сурагласаар их сунгааны орой тэдний Зил 130 машин дээр нэгэн жип давхиж ирсэн нь Мандал алтай компаний захирал С.Балдандорж байв. Тэр "За Алтай нутгаас ирсэн хүмүүс юм биз дээ. Манай уяан дээр оч"  хэмээх нь тэр. Бээжин нутгийн ахын уяанд хонгор морио хөтлөөд очив. Тэдний уяа гэдэг өнөр өтгөн сүрдмээр том уяа байлаа. Их сунгаанд сайн давхисан болохоор хүмүүс хонгор морийг ихэд сонжих. Жижиг Сүхбат аварга, Ононгийн хээр түрүүлдэг тэр жилийн тэгш ойн наадам ойрын хэдэн жилдээ болоогүй том наадам болсон юм. Зөвхөн их нас л гэхэд 800 гарч уралдсан нь тэр наадмын царааг илтгэнэ. Энэ наадамд холын хол Алтай нутгаас зорин ирсэн жижигхэн хонгор морь 71 ирсэн нь чамгүй амжилт. Хол газрын халгамаар урт замд уяа засал ч олигтойхон авч чадалгүй уралдаад тэгж давхиж байна гэдэг аргагүй л шөрмөстэйнх.

Их нас уралдаж ирсэн 11 орой тэдний Зил 130 машин дээр бас нэгэн жип давхиж ирсэн нь ерөнхий сайд асан П.Жасрай гуай байлаа. Тэрээр  "За манай нутгаас анх удаа шахам морь ирж уралдаад бас ч гэж чамгүй сайн давхилаа" гээд Бээжин уяачтай зураг хөргөө хамт авхуулж хэсэг хууч хөөрч байгаад буцсан гэдэг. Бас л сайхан дурсамж шүү. Харин уяач энэ тухай дурсахдаа "Жасрай гуай ирээд буцах үнэхээр сайхан байсан даа. Аян замын хамаг ядаргаа тэгэхэд л арилах шиг болсон. Бас ч чамгүй урамшсан шүү" гэж хуучилсансан. Харин тэр том сайд хүнийг манайд орьё гэж машины кабин луу дагуулаад оролтой биш гадаа жаахан хууч хөөрч байгаад буцаасан тэр л жаахан тиймхэн байсан шүү гэж санаашрах. Ай даа сайхан хүлэг сайхан дурсамж үлдээдэгийн нэгэн цадиг энэ.

Алтай нутгаас даруухан ирж хайр хүндлэл хүлээгээд буцсан хонгор морины сайхан түүх үүгээр дууссангүй ээ...

Дэнж дүүрэн монгол наадам өндөрлөж Бээжин нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Баянхонгор өнгөрөөд явж байхдаа зэрэгцээд Баянцагаан сумын 70 жилийн ойн наадмын сураг сонсогдох. Бээжинд Баянцагааны ойд нэг үзээд алддаг юм билүү гэсэн бодол төрнө. Энэ тухайгаа аавдаа хэлж үзсэн боловч халгаах янзгүй. Тэгж амьтан тамлаад яах вэ? гэсэн аяс хандлагатай байв. Хүүгээ дагаж, хүүгийнхээ хурдан буянг төрийн наадамд тоосыг нь өргүүлээд буцаж яваа Сандагдорж гуай аян замын уртад аяншиж ядарсан ч хамгийн гол нь нутагтаа хурдхан шиг очиж моридоо амраах гэсэн чин хүсэлтэй. Бээжин морио харж өрөвдөж, наадам бодож сэтгэл догдолж явах. Яадаг юм Баянцагааны 70 жилд уралдаад үзье тэгээд л муу морио амраанаа энэ тухайгаа дөхөж очоод л аавдаа тулгана даа гэсэн бодолтой.

Баянцагааны нутагт орж ирээд энэ тухайгаа аавдаа хэллээ. Хонгор морио энэ наадамд л нэг уралдуулаад үзчихмээр байна гэсэнд Сандагдорж гуай: - Тэгж амьтан тамлаад яахав гэнэ. Ингээд аав, хүү хоёр зөрж, хонгор морийг уралдуулна, уралдуулахгүй гэсэн маргаан эцэстэй тангараг таших шахуу юм болж аав нь хүүдээ "Чи юмаа мэд, би юмаа мэдье" гэж хэлээд Бор үзүүрийн талд хүүгээ хонгор морьтой үлдээгээд давхиснаар өндөрлөсөн гэдэг. Нутаг хаяанд, эр хүн танилтай байхад болгоноо. Тэр үед наадам цөөхөн сумын ой бол үнэхээр нүсэр болдог байсан цаг. Баянцагааны наадам дөхсөөр...

Бээжингийн хонгор улсад уралдаад мултраад ирсэн юм гэсэн яриа Бээжингийн чихэнд хүрэлгүй яахав. Наадмын урд өдөр нутаг нутгийн алдартай уяачид, шинжээчид Бээжингийн уяан дээр ирэв. Амтай зарим нь улсад уралдаж үзсэн морийг үзэх гэж ирлээ гэсэн шүү юс ярьна. Харин бүгд л хонгор морь ч мултарчээ гэсэн ганц зүйлийг хэлнэ Мултарсан үгүйг шалгаад өгөх дэвжээ гэж байнаа...

Маргааш нь наадам болж Бээжингийн хонгор морь холхон түрүүлж ирэв. Бээжингийн уяагаар хөл тасрахгүй ингэх гээд байсан юм аа гээд урд өдөр нь өөр юм ярьж байсан хүмүүс хөөрөлдөж суух. Хонгор морь түрүүлсэн сургаар Бээжингийн аав Сандагдорж гуай нутгаасаа давхиад ирж. Хэдхэн хоногийн өмнө хонгор морийг уралдуулахгүй хэмээн хүүтэйгээ гүн муудаж асан өвгөний гомдлыг хонгор морь ийн тайлав. Ийнхүү урт удаан явдлын дараа нутагтаа очиход Бээжингийнхээр орсон гарсан нутгийн зарим нэгэн чи явах байсан бол бидэнд хэлэхгүй дээ гэж саймшрах. Тэр үед Бээжин сумаасаа 2 сая төгрөгний зарлага гаргасан гэдэг.  Бээжин уяачийн тухай цааш хуучлахад 2000 оны дундуур Баянхонгор, Говь-Алтайд хэдэн жил дараалан гандуу зун, зутруу өвөл болж мал хуй их цөөрсөн. Ер нь нийтлэг тийм байв. Сарлаг. адуу хоёр цоохортож байдаг Гичгэний хяр минь бодгүй болоод цэнхэртээд л хоцорсон доо. Хөдөө тал минь малгүй болоод ирэхээрээ хөггүй болоод ирдэг юм байна лээ. Тэр хүнд үед Бээжин ч хайртай хонгор мориноосоо, адуунаасаа салж хот суурингийн зүг бараадсан. Энд ирээд яаж зүгээр байхав. Партизанд хүний морь уяж, сайн давхиулж уяачийн эрдмийг гаргаж л явна.

Бээжин уяачийн тухай нутгийн хэдэн залуус ийн хуучлах: - Бээжин ах Партизанд хүний морь уяж байгаа гэж сонсоод нутгийн хэдэн залуус бид наадам үзэхээр очив. Наадам өтгөрч хамгийн сүүлд баян ходоодны даага цоллуулахад баян ходоодны даагыг нөгөө Бээжин хөтөлсөөр гарч ирж. 70 гариу дааганаас 11-т ирсэнийг Баян ходоод гэж цоллож. Тэгээд морь цоллооч "Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Бээжингийн ..." гээд л талбай дүүрэн цангинуулахад нь нутгийн залуус ичих нэг нь ичиж, зарим нэг нь миний муу Бээжин ах арай ч ингэж яваагүй юм шүү гэж аньсага чийгтэж зогссон гэдэг. Тэгээд нөгөө уулзах гэж очсон ахаасаа ичээд уулзалгүй буцсан даа бид нар гэж Бээжингийн морийг унадаг байсан Батзаяа хуучлах бид ч хүүхэд байж хожмоо энэ тухайгаа Бээжин ахад хэлж бөөн инээдэм болсон доо гэхийг нь сонсоод монгол наадам, хурдан хүлэг, эрдэмт уяачидаараа бахархах сэтгэл төрнө. Бээжингийн хонгор морь хэмээх домогт нэгэн хүлгийн тухай өгүүлэхэд ийм буюу.

Тод: Хонгор морины зураг олдоогүй тул Бээжин уяачийн зургийг орууллаа.

Эх сурвалж: Хурдан морь сонирхогчдын хийморь групп. СҮХБОЛД ДАМИРАН

Сэтгэгдэл