2016 оны 01 сарын 17

1996 оны хөвгүүд идэрчүүдийн улсын аварга шалгаруулах барилдаан Улаанбаатар хотод болжээ. Тус тэмцээнд оролцохоор Хөвсгөл нутгаа төлөөлж ирсэн том цээжтэй хүүг аймаг бүрээс шавиа сойж ирсэн  багш нар “Бөхийн дараагийн нэгэн алдартан байна, сайхан бие хаатай, барилдаантай хүү” хэмээн өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг өгч байв. Нүдтэй багш нарын таавар ч зөрсөнгүй. Тус тэмцээнд Хангарьдын Н.Бүрэнбаатар түрүүлж, УБДС-ийн Д.Азжаргал мөнгөн медаль хүртэж, Хөвсгөлийн мөнөөх хүү хүрэл медалиар энгэрээ мялаав. Магваны Дугаржанцан ингэж бөх сонирхогчдын хараанд өртөж эхэлсэн байна. 1998 оны үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга Улаанбаатар хотод болоход Хангарьдын Н.Бүрэнбаатар хоёрдахиа түрүүлж, Өвөрхангай аймгийн харьяат О.Сугаррагчаа мөнгө зүүжээ. Угтаалын Н.Гантулга хүрэл медалийн болзол хангав. Дөрөвт бидний өгүүлэн буй Бөхийн үндэсний дээд сургуулийн оюутан М.Дугаржанцан шалгарсан юм. Ингэж улсын аваргаас эхний удаа медаль зүүж, дараагийн удаад нь медалийн оосроос атгаад алдсан байна. 2000 онд аймгийнхаа баяр наадамд зодоглож тавын даваанд улсын хүчит арслан Х.Мөнхбаатартай тунаж зайлж хавирах мэхэнд нь унаад (Х.Мөнхбаатар урд даваанд нь Б.Баянмөнхтэй мөн тунаж давсан энэ наадамд аймгийн арслан болсон), дараа жил нь аймгийнхаа 70 жилийн ойгоор гурвын даваанд улсын начин Б.Баянмөнхтэй мөн тунаж шороодсон байна.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат эрэмгий сайхан барилдаантай энэ залуу НИК клубт Зэвэгийн Ойдов гуай дээр бэлтгэл хийж улмаар Шонхор биеийн тамирын дээд сургуульд суралцаж олон хүний итгэл хүлээж байхдаа мөрний бэртэл авч, үндэсний бөхөөсөө хөндийрч, идэр залуу насандаа хорвоог орхисон юм. Түүний аав Даржаагийн Магван 1975 онд сумандаа түрүүлж заан цол хүртсэн, Их-Уул суманд түрүүлж цолоо батлан 1968, 1973, 1976 онуудад сумандаа үзүүрлэж хэд шөвгөрсөн, аймагтаа дөрөв давсан шилдэг хүчтэн байжээ.

Түүний талаар улсын начин Б.Баянмөнх “Бид хоёр нас чацуу. Садангийн улс л даа. Үндэсний бөхөөр өсвөр үеийн улсын аваргын хүрэлтэй, нэг дөрөвдүгээр байртай. Чөлөөт барилдааны залуучуудын улсын аварга, самбогийн улсын аваргын хүрэлтэй. 1996 онд үндсээр бага насанд хүрэл медаль хүртсэн, 1998 онд том насанд дөрөвдүгээр байрт шалгарсан. Н.Бүрэнбаатар, О.Сугаррагчаа, Х.Оргилсайхан, Д.Азжаргал, Б.Сайнбаяр, Б.Сэр-Од, Т.Мөнгөнцоож, Н.Гантулга, Өмнөговийн Цэвээний Гантулга нартай л барилдаж явсан даа. Аав нь миний ээжийн ойрын хамаатан Магван гэж мундаг сайхан бөх байлаа. Магван ах аймагт хэд хэд дөрөв давсан гэдэг. Дугаржанцангийн ээж нь Цагаан-Уул чигийн хүн. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн төрсөн эгчийн хүүхэд шүү дээ. 2000 онд аймгийн наадамд тав дээр тунаад уначихсан. 2001 онд намайг аймгийн начин болдгийн жил гурвын даваанд надтай тунаж унасан. Ер нь түүнээс хойш барилдаагүй байхаа, мөр нь ч мултраад байдаг болсон. Одоо харж байхад улсын харцага Ө.Бат-Орших л их төстэй барилдаантай даа. Шуудагнаас сайн барилддаг, морддог хутгадаг бяртай залуу байсан. Ам бол аатай шүү. Мөр зүгээр бол манай Хөвсгөлөөс нэлээд дээгүүр үзэх улсын цолтой сайн бөх болох байсан болов уу төсөөлдөг” хэмээн дурссан юм.

Харин улсын харцага Т.Өсөх-Ирээдүй "Барилдахыг нь харж л байсан. Өргөн цээжтэй сайхан шар залуу байсан" гэж байв.

Эр бяраа гүйцтэл барилдаагүй эр бор харцагын талаар товчхон өгүүлэхэд л ийм юм. Сонирхуулахад 1998 онд улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн жүдо, самбо барилдааны өсвөр үеийн улсын хошой аварга Оюуннэмэхийн Сугаррагчаа үндэсний бөхийг эрт орхисон бөгөөд ажил амьдралаа хөөж жолооч болсон байна. Гуравдугаар байрт шалгарсан Н.Гантулга нь өдгөө бидний сайн мэдэх Угтаалцайдам сумын засаг дарга Нэргүйн Гантулга арслан юм. Есөнтугийн Гантулгыг үеийнхэн нь гуя Гантулга хэмээдэг шүү дээ

Сэтгэгдэлүүд
  • gh IP:103.229.123.69 2016 оны 01 сарын 18

    saihan niitlel bn
Сэтгэгдэл