2016 оны 01 сарын 17

Үндэсний бөхийн домогт засуулуудын нэг Чимэдийн Мягмар 1933 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Эмтэд төржээ. Бага сургуулиа төгсөөд мал маллаж байгаад цэргийн албанд мордсон байна. Автогийн дамжаа төгсөөд жолоо мушгих болж 34 жил тасралтгүй машин барьжээ. 1964 оноос жолоочийн хажуугаар үндэсний бөхийн засуул цоллогчоор ажиллаж Б.Түвдэндорж аваргаас хойшхи бүх аваргын цол гуншинг төрийн наадмын дэвжээнд дуудаж уран сайхан барилдааныг нь засаж, олон даваанд эр зориг бяр хүч уран мэхийн эрч нэмж, улсын шилдэг хүчитнүүдийн түшиг болж явжээ. 
Хэллэг яруу, сонсголон тод, хүчтэй сайхан дуугаар бөхийг цоллодог, ширмэн тогоо ханхийтэл дуулдгаас олон түмэнд "Ган хоолой" хэмээн алдаршсан гэдэг. Түүний энэ алдарыг дархан аварга Жигжидийн Мөнхбат өгсөн гэх яриа ч байдаг. Бүх ард түмний урлагийн спартакиадын удаа дараагийн алт мөнгөн медальт Чимэдийн Мягмар засуул 1999 онд таалал болжээ. Түүний тансаг яруу дуу хоолойг сонсохыг хүсвэл "Тод магнай" монголын уран сайхны киноны төгсгөлд морь цоллож байгаа хэсгийг үзэх хэрэгтэй.

Сэтгэгдэл