2016 оны 01 сарын 17

Өдгөөгийн жүдо барилдааны шилдэг мастеруудын нэг Миарагчаагийн аав цэргийн арслан, самбо барилдааны ОУХМ Жадамбаагийн Санжаасүрэн 1958 онд Дундговь аймгийн Цогтчандмань буюу одоогийн Эрдэнэдалай суманд төржээ. Ж.Санжаасүрэн 1977 онд цэрэгт татагдаад ХҮЧ нийгэмлэгт хувиарлагдан гавьяат дасгалжуулагч Б.Гэлэгийн шавь болж энэ нийгэмлэгийн олон алдартнуудтай нөхөрлөн барилдаж ялж ялагдаж тэднээс асар их зүйлийг сурч ана мана өрсөлдөж эхэлсэн байна. 1979 онд жүдо бөхийн залуучуудийн улсын аваргад 71 кг-ийн жинд барилдаж алтан медаль, үнэмлэхүй жинд барилдаж мөнгөн медаль хүртэж их спортын гараагаа эхэлжээ. 1981 онд Дундговь аймагтаа зохиогдсон тойргийн барилдаанд 31 давж түрүүлсэн бол дараа жил нь Хүч спорт хорооны аваргаар цэргийн арслан цол хүртсэн. 1991 онд аймгийнхаа 50 жилийн ойгоор 256 бөхөөс Шаравын Дорждамба начинтай үлдэн үзүүрлэсэн гээд үндэсний бөхийн ногоон дэвжээнээ давгүй сайхан амжилттай барилдаж явсан хүчтэн билээ. Их спортоор хичээллэсэн хориод жилийн хугацаандаа олон улс улс бүсийн чанартай тэмцээнүүдээс 25 алт 27 мөнгө 19 хүрэл медаль хүртэж 1987 онд спортын мастер, 1991 онд олон улсын хэмжээний мастер цолыг хүртсэн. Самбо бөхийн спортыг үндэслэгчдийн нэг ОХУ-ын  алдарт бөх Харланпиевын нэрэмжит олон улсын тэмцээнд зургаан удаа оролцож хоёр алт хэд хэдэн мөнгө хүрэл медаль зүүж 1990 онд Москва хотноо болсон самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах барилдаанд бүсээсээ нэгээр шалгарч аваргын төлөө ОХУ-ын бөхтэй 5:5 аар тэнцсэн онооны чанараар ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан түүх бий юм. 1993 оноос өөрийн ихэнх амьдралаа зориулсан ХҮЧ нийгэмлэгтээ жүдо барилдааны дасгалжуулагчаар, 1997 оноос Самбо Жүдо бөхийн хоёулангийнх нь дасгалжуулагчаар ажиллаж байжээ. Энд ажиллаж байх хугацаанд шавь нар нь улсын аваргад багаараа гурван удаа түрүүлж таван удаа мөнгө зүүж, хоёр удаа хүрлийн тавцанд зогсож байжээ. Ж.Санжаасүрэн биеэр бага ч хүнд төдийлөн бярдуулдаггүй, гар урттай, барилдааны арга техник онцгой сайтай бөх байв. Эрдэнэдалай сумын Сангийн далайд төрсөн самбо жүдо барилдаанд гаргасан амжилтаараа одоогийн Дундговь аймгийн тамирчид дотроо манлайд тооцогдох энэ бөх 2006 оны хавар өвчний учир таалал төгсчээ.

Бөх сонин

 

Сэтгэгдэл