2016 оны 01 сарын 18

Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул "Нялга боржигоны хурд" галын уяач Бат-Очирын Саранхүү. Монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан Нэрюүгийн Доноодойн удмын хүн. Өвөө аав нь улсын их баяр наадамд шүдлэн үрээ түрүүлгэж байсан 1933 онд. Удам залгасан түүний хувьд 2012 оны Дүнжингаравт хонгор халзан соёолонгоо айрагдуулж Өмнөговийн хаврын бүс болон улсын их баяр наадамд зургаад хурдлуулсан. Баянжаргалангийн Баярсайханы унаган хээр морио өнгөрсөн жил төвийн бүсийн даншигт айрагдуулж, Дэлхийн адууны баяр, Генниссийн уралдааны төвийн бүсэд мөн айрагдуулсан. Сая дүнжингаравт 11-ээр хурдлана лээ. Үүнээс гадна Саранхүү уяач 2009 оны Ламын гэгээний даншигт хязаалан хүрэн үрээгээ айргийн дөрөвт хурдлуулж байсан. Тэр бол түүний том наадмын анхны айраг. Хүрэн үрээний эх нь Архустын Бямбажавын унаган,  эцэг нь Архустын Д.Эрдэнбатын унаган адуу. Бүр тодруулбал Бөөрөлжүүтийн голд тэнцсэн унага. Дааган цагаасаа хойш магнайдаа тоос хүргээгүй гэхэд бараг болно 12 удаа түрүүлж, 1 удаа аман хүзүүдэж, 1 удаа айргийн дөрөвт хурдалсан. Даагандаа дөрөвхөн хоногийн дотор гурван сумын наадамд түрүүлсэн байдаг. Эрхэм уншигч та бүхэндээ энэхүү гайхалтай хурдан хүлгийн амжилтыг сийрүүлэн хүргэе.

2007 он даага 
- Архуст сумын наадмын түрүү /2007.07.07/
- Баяндэлгэр сумын наадмын түрүү /2007.07.08/
- Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын түрүү /2007.07.11/
- Улаанбаатар Багахангай дүүргийн наадмын  түрүү /2007.09.01/
- Төв аймгийн Эрдэнэ суманд түрүү /2007.09.11/

2008 он шүдлэн 
- XIII зуун жуулчны баазын наадамд хязаалантай уралдаж түрүүлсэн
- Баянжаргалан сумын наадмын түрүү 
- Багануур бага хэнтийн бүсийн уралдаанд түрүү
- Баяндэлгэрийн Шувуун саарал наадамд түрүү

2009 он хязаалан
- Архустад шинийн 8-ны уралдаанд түрүү 
- Архуст сумын 50 жилийн ойн наадамд түрүү
- Архангай аймгийн төрийн тахилгат Суварга хайрханы наадмын түрүү
- Баянхонгор аймгийн Ламын гэгээн 370 жилийн ойн, Хангайн бүсд даншигт айргийн дөрөв
- Төв аймагт Авто замын 80 жилийн ойн уралдаанд аман хүзүүдсэн

Саранхүүгийн сартай хүрэн үрээний дээрх амжилтуудаас Авто замын 80 жилийн ойн уралдааныг онцлон дурсая. Тухайн үед эрлийз монгол гэж ялгадаггүй байлаа. 2010 оны Дүнжингаравт соёолон түрүүлдэг МУМУ Д.Чулуунбатын зээрэн зээрдийг морины хорхойтнууд андахгүй байх , бага дөрвөн насандаа гоц хурдан байсан адуу. Тэр уралдаанд зээрэн хол гараад хөтөлчихсөн. Ар дээр нь Тод манлай уяач Л.Цандэлэгийн сартай зээрд /улс бүсийн наадамд 1 түрүүлж, 4 айрагдсан. Айргийн араар гурван ч удаа хурдлаад байгаа энэ цагийн шилдэг эрлийзүүдийн нэг/, Саранхүүгийн хүрэн үрээ хоёр холбоотой. Хязаалан барианд ороход Чулуунбатын зээрэн хол түрүүлж, Саранхүүгийн сартай хүрэн аман хүзүүдээд Цандэлэгийн сартай зээрд гуравт хурдалсан юм. Ингэж л эрлийзүүдтэй энэ тэнцүүхэн уралдсан цөөхөн Монгол адууны нэг. Энэ уралдааны өмнө Ламын гэгээний даншигт айрагдахад нь Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн сөнгө зээрд /улс бүсийн наадамд 2 түрүүлж, 7 айрагдаад байгаа/, Манлай уяач Б.Мөнхтөрийн хар бор /бага гурван насандаа улсад айрагдаад бүсийн наадамд 3 айрагдсан/, Баянхонгорын Д.Жаргалсайханы бор /бага гурван насандаа баруун бүсийн даншигт айрагдаад өнгөрсөн жил Их хурдад айрагдсан/ зэрэг энэ цагийн цуут хурдан хүлгүүд өмнө нь ирж, харин Саранхүүгийн хүрний ард Тод манлай уяач А.Батсүхийн хишиг хүрэн /бүсэд тав айрагдаад байгаа/ орж байсан түүхтэй. Хүрэн азарга одоо 9 настай. Хязаалангаасаа хойш нэг их уягдсангүй, бага зэргийн хөлний бэртлээс болоод.

Халхын хурдан хүлгүүдийг хөтөлж уралдан шагшуулсан хурдан хүрний түүхийг товчхон өгүүлэхэд ийм буюу...

www.mongolnaadam.mn Б.Ганпүрэв

Сэтгэгдэлүүд
  • avarga IP:122.201.21.122 2016 оны 11 сарын 27

    ali n saranhuu ve ene shar tsamtstai haltar batsaan ih tom bolson bna lee sayhan Duuya manlain tuslah hiigeed hoorhon batsaan yavj bsan evdersen bna lee dee..yadaj 8 togschihgui hairan saihan mongol zaluu
Сэтгэгдэл