2016 оны 01 сарын 20

Аймгийн хурц арслан Лувсансодовын Чимэд-Очир 1941 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын “Баруун гол”  гэдэг газар төржээ. 1961 онд 20 настайдаа сумынхаа наадамд барилдан сумын заан Чойжамцтай үлдэж түрүүлэн сумын заан цол хүртэж 1964 онд цэрэгт байхдаа Сүхбаатар аймгийн баяр наадамд барилдсан 128 бөхөөс улсын начин Дашдаваатай үлдэж түрүүлэн аймгийн арслан цол авсан юм. Архангай аймгийн баяр наадамд 1965, 1967, 1971, 1974 онуудад аймгийн хурц арслан Ч.Шар, С.Цэндхүү, С.Чулуунбаатар (хүн эмнэлэгийн техникумын багш), Т.Болд нартай үлдэж 4 удаа түрүүлэн нийтдээ аймгийн баяр наадамд 5 удаа  түрүүлж, чин зоригт, үнэн  хүчит, улам нэмэх, хурдан  шаламгай, хуурнин шуугигч, уран мэхт хурц  арслан цол авчээ. 
Мөн Архангай аймгийн баяр наадамд 1968, 1972, 1973, 1977 онуудад МУИС-н залуу бөх Л.Рэнцэндорж /сүүлд Улсын начин/, НАХ-н хэтсийн залуу бөх Г.Чойсүрэнжав, цэргийн заан Ч.Гочоосүрэн /сүүлд Улсын заан/,  улсын начин Л.Рэнцэндорж  нартай үлдэж 4 удаа үзүүрлэжээ.  1969, 1970, 1975, 1976  онуудад 4-т үлдэн шөвгөрч, аймгийнхаа баяр наадамд 12 жил барилдаж 8 удаа үзүүр түрүү булаалдаж, 4 дахин шөвгөрч, тогтмол сайн барилдсан бөгөөд Архангай аймгийн бөхийн түүхэнд хурц арслан Чимэд-Очир шиг олон жил дээгүүр барилдсан амжилтыг эвдсэн бөх одоогоор гараагүй байна. (С.Ням-Очир “Арын хангайн бөхчүүд 1990 он” номноос ишлэл авав) 
Улсын баяр наадамд 1962 онд гурвын даваанд улсын заан Булганы Б.Бадамд 1963 онд 4-ийн даваанд улсын арслан Л.Сосорбарам нарт тус тус унажээ. Мөн 1966 оны үерийн жил улсад 3 давсан боловч дөрвийн даваанд барилдалгүй нутаг буцаж байв.  Барилдаж эхэлсэн цагаас сум орон нутгийн чанартай баяр наадамд 20 гаруй удаа барилдаж 10 гаруй удаа үзүүр түрүүнд хүрч байсан. Хав сэрвүү аль ч барьцнаас барилддаг ачих,  тонгорох, хавсрах, суйлах, тахимдах, дамжин орж өргөх мэхүүдийг даацтай хийдгээс гадна хараа сайтай, учраа бөхийн мэхийг чадамгай хариулдаг, хурдан шаламгай  барилдлагаатай  уран мэхт сайн арслангийн нэг. Хурц арслан Л.Чимэд-Очир нь аймгийнхаа самбо бөхийн аврага шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож улмаар улсын бүсийн тэмцээнд оролцож байсан. Арслангийн гараа  дэвэлт, хувцаслалт нь нэн тохиромжтой  төлөв даруу, үнэнч шударга барилддаг бөх гэж үзэгч олон зүй ёсоор үнэлэн хайрлаж байдаг юм. Архангай аймгийн Батцэнгэл суманд 1965 оноос 1990 он хүртэл жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ суусан. Энэ хугацаанд сумын хэд хэдэн удаагийн хөдөлмөрийн аварга болж байснаас гадна Y , YI таван жилийн гавшгайч цолоор шагнагдаж байсан байна. Одоо 2005 оноос хойш үр хүүхэд гэр бүлийнхнийхээ хамт Улаанбаатар хотод энх тунх амьдарч байна. 2012 онд Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гарган Үндэсний бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасан байна.

Онууд     Бөхийн тоо     Түрүүлсэн     Үзүүрлэсэн    Шөвгөрсөн    Аймаг
1964    128    Л.Чимэд-Очир   Л.Дашдаваа (улсын начин)        Сүхбаатар
1965    128    Л.Чимэд-Очир (аймгийн арслан)    Ч.Шар (аймгийн хурц арслан)        Архангай
1967     128   Л.Чимэд-Очир (аймгийн хурц арслан)    С.Цэндхүү (аймгийн арслан)        Архангай
1968    128    Л.Рэнцэндорж (сумын заан)    Л.Чимэд-Очир (аймгийн хурц арслан)        Архангай 
1969    128    Т.Болд     Г.Чулуунбариул    Л.Чимэд-Очир (аймгийн хурц арслан)    Архангай
1970    128    М.Цэрэннадмид (аймгийн начин)    Намжилмаа (аймгийн заан)    Л.Чимэд-Очир (аймгийн хурц арслан)    Архангай
1971    256    Л.Чимэд-Очир (аймгийн хурц арслан)    С.Чулуунбаатар         Архангай
1972    128    Г.Чойсүрэнжав (цэргийн заан)    Л.Чимэд-Очир (аймгийн хурц арслан)        Архангай
1973    256    Ч.Гочоосүрэн (цэргийн заан)    Л.Чимэд-Очир (аймгийн хурц арслан)        Архангай
1974    64    Л.Чимэд-Очир (аймгийн хурц арслан)    Т.Болд (аймгийн арслан)        Архангай
1975    128    Т.Болд (аймгийн хурц арслан)    Ц.Чойжамба (аймгийн арслан)    Л.Чимэд-Очир (аймгийн хурц арслан)    Архангай
1976    128    Л.Мягмар (аймгийн арслан)    Л.Рэнцэндорж (улсын начин)    Л.Чимэд-Очир (аймгийн хурц арслан)    Архангай
1977    128    Л.Рэнцэндорж (улсын начин)    Л.Чимэд-Очир (аймгийн хурц арслан)        Архангай

Сэтгэгдэлүүд
  • ганболд IP:112.72.6.86 2016 оны 01 сарын 21

    мөн сайн ,сайхан хурц арсландаа. Эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе
  • migaa IP:112.72.12.20 2016 оны 02 сарын 20

    hurts arslan daa urt naslahg hvsen erooe
Сэтгэгдэл