2016 оны 01 сарын 19

www.MONGOLNAADAM.mn сайтын "Түүхт фото" буланг хурдан морь сонирхогч, цуглуулагч Пүрэвсүрэнгийн Дашдэмбэрэл хөтлөн уншигч та бүхэнд хүргэж байхаар боллоо. Энэ удаад ардын төрийн их баяр цэнгэл наадмын их асрын өмнө найман удаа цоллуулсан Төв аймгийн Баянцагаан сумын уяач Сэрээнямын Банзрагчийн аварга зээрд морины түүхэн гэрэл зургуудаас хүргэж байна.

Богдхан уулын Зогсоол Жаргалантын хошуу  буюу одоогийн Төв аймгийн Баянцагаан сум 20-р зууны ардын хувьсгалын  наадмын цуваанд хамгийн олон морь цоллуулсан Монгол Улсын манлай хурдны нутаг. Мөн зуун жилийн манлай хүлэгч  Д.Даваахүү энэ нутгийн хүн. Хурдны хийморьтой энэ нутагт гурав дахь нэгэн зууны шилмэл хурдан ажнай төрсөн нь ард олондоо аварга зээрд нэрээрээ алдаршсан "Өрнөх амьдрал"  нэгдлийн малчин ард Монгол Улсын  манлай уяач агсан Сэрээнямын Банзрагчийн сартай ухаа морь.  1900-ээд  оны эхэн үеийн халхын сайчуулын нэгэн Өвгөний Батбуян гуай улсын наадамд ирэхдээ уралдсан морьдынхоо байг ачихаар илүү хомтой тэмээ хөтөлж явдаг эрдэм төгс уяач байжээ. Энэ хүний адуун сүрэгт төрсөн сартай ухаа хязааланг 1956 оны зун агтны адуунд  барьж  тоогоор тамгалан  уясан гэдэг. Олон адуунд оосор  дутахын зовлон тулгарч нилээд хэсгийг уясаны дараа зөв талын ташаан толгойныхоо хавтгайд 99 тоо тамгатай хязаалан ухаа үрээ дээсэн ногтоо тасдуулtаад Баянцагаан сумын баруун урд талын Дөрвөлжингийн уулыг даваад явчихжээ. Амь гуйсан амьтны араас явдаггүй  монгол хүний чанар харагдаж тоо бөглөх өөр үрээ өгөөд орхисон аж. Өөрийгөө хэлтэлсэн дээрх сартай үрээ монгол төрийн наадамд гурав түрүүлж тав айрагдсан монголын эрхэм хурдны нэгэн С.Банзрагчийн сартай ухаа морь юм. 1957 оны зун Ө.Батбуянгаас Түгжих Тавхай гэдэг хүн худалдаж аваад сумын наадамд уяж ирхэд өртөгөө гүйцээж өгөөгүй гэсэн шалтгаанаар Ө.Батбуянгийн охин Б.Надмид хазаарыг нь мултлаад хөөжээ. Унаган  эзэндээ ийнхүү буцаж ирээд ухаа морь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын наадамд уяагдаж битүү соёолон морь аман хүзүүнд хурдалсан түүхтэй. 1958 онд хавчиг морь сумын наадамд гуравт  хурдлаад  тар нь танигдаж дүнсгэр долоон насанд нь өнжөөсөн байна.  Есөн  настай  морь Хануулын ард ирж халхын хурднуутай шандас сорьж Хэнтий аймгийн Галшар сумын уугуул Монгол Улсын анхны алдарт уяач Донойн Цэвэгмидийн унаган улсын 30 жилд хязаалан түрүүлсэн Төв аймгийн Баянцогт сумын Самдангийн халзан морийг дийлж түрүүлэн төрийн түмэн эх болон   зард гарсан түүхтэй.

 

Зарим бүтээлд хавчиг морийг 1958 оны Ардын хувьсгалын 37 жилийн ойгоор Улсын наадамд Д.Галын хүрний дараа орж аман хүзүүдсэн гэх ташаа мэдээлэл гарсан байдаг юм. Үүнээс хойш Ардын хувьсгалын  44,45 жилийн ойн наадмуудад түрүүлсний зэрэгцээ мөн ардын хувьсгалын 41, 47, 49 жилийн ойгоор айрагдсан юм. Мөн 1971 оны АХ ын 50 жилийн ойд 19 насандаа айргийн гуравт  хурдалж  улсын наадмын тэгш ойг дамнан 40 жилд түрүү, 50 жилд гуравдугаар байрт шалгарсан нь Монголын талд төрсөн   онц хурдан хүлэг гэдгээ түмэн олонд харуулж ийм амжилт гаргасан гурав морины нэг болсон юм. Нөгөө хурдан буян нь ардын хувьсгалын 30 жилд хязаалан түрүүлээд 40 жилд 14 настайдаа  аман хүзүүдсэн Баянцогтын Самдангийн халзан морь билээ. Энэхүү хурдан буян нь энэ наадмын дараа жил буюу 1972 оны улсын баяр наадмаар 20 насандаа Монгол Улсын алдарт уяач М.Данзанннямын хурдан хээр морины дараа ирж аман хүзүүдсэнээр ард олноо өвгөн зээрд нэрийг хүртсэн юм. Мөн энэ жилийн наадамд  энэ сумын Д.Бүүрээгийн хээр морь гуравт хурдалж нэг сумын гурван их насны морь улсын наадамд дараагаараа орсон ховорхон тохиолдол болсон гэдэг. Ийнхүү төрийн наадамд гурав түрүүлж тав  айрагдсан Монгол төрийн найман медальтай  гуравхан хурдны нэг.

Ухаа морины амжилт үүгээр дууссангүй 1974 оны Баянцагаан сумын 50 жилийн ойгоор 22 насандаа Элдэв-Очирын шарга морины дараа орж аман хүзүүдсэнээр ясны хурдан ажнай гэдгээ дахин батлан харуулсан морь байсаныг нутгийн олон одоо ч гэсэн дурсан ярьцгаадаг юм. Дээрх хурдан ажнайг өнгөрсөн зууны Монгол Улсын манлай хурдан их насны мориор тодорхойлсон ч Богд гэгээний сүргийн түмний их хээр алаг морь долоон хошуу даншигт зургаа түрүүлсэн учир энэ хурдан ажнайг Монголын морин спорт уяачдын холбооноос өргөмжилсөн юм. Энэ нь 1956 -1974 оныг хүртэл 18 жил уралдаж төрийн наадамд гурав түрүүлж тав айрагдсан  хурдан ажнай байсаныг хожмийн өдөр  уяачдад  нотолсон буюу. Монгол Улсын манлай уяач С.Банзрагч гуайг амьд сэрүүн ахуйд нь таны ухаа морь хурдан уу хэмээн асуухад "Тарган уралдуул айрагддаг, эцэнхий уралдвал түрүүлдэг тийм л морь" гэж хариулдаг байсан юм. Энэ нь олон жилийн дээрх жишээгээр нотлогдон батлагдсан юм. Монгол түмний их баяр цэнгэл наадамд хол тасархай уралддаг хурдан буяны гайхамшигт түүх ар араасаа л үргэлжилдэг. 1966 оны үерийн жил төв цэнгэлдэх хүрээлэнд бөх барилдалгүй тавын даваанаас спортын төв ордон руу шилжүүлсэн юм гэдэг. Энэ үед хоёр хоног усан бороо тасралтгүй орж ухаа морь уяан дээрээ бөмбөртөл чичирч зогсохыг харсан уяачид "Энэ наадмаас мултарч дээ" хэмээн таамаглаж байсан гэдэг. Гэтэл ухаа морь тоосгүй жилийн тэрхүү наадамд хол тасархай түрүүлж орж ирсэнийг ахмад уяачид одоо хэр нь дуу алдан ярицгаадаг юм. Эцэнхий ирэн дээрээ уралдаж түрүүлсэн энэ наадмын дараа, гуяных нь зураа гүйцэд гарч гурван овоо нь тэгширвэл энэ ухаа морьтой адуу уралдахгүй гэж халхын уяачид хүлээн зөвшөөрч байсаныг нутгийн олон одоо ч  дурсан ярьсаар л. Чухам л ийм гуурст ажнай Монгол нутагт дахин төрөх болтугай.

1971 он. АХ-ын 50 жилийн ой

1965 оны АХ-ын 44 жилийн ойд түрүүлж байгаа нь

Сэтгэгдэл