2016 оны 01 сарын 19

Хурц арслан Ж.Загдсүрэн Үндэсний бөхийн өсвөр залуучуудын улсын аваргаас амжилтын их гараагаа эхлэсэн аймгийн хурц арслан Жамсранжавын Загдсүрэн 1971 онд одоогийн Налайх дүүрэгт мэндэлжээ. 1986 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд хот хөдөөгөөс шалгарсан ирээдүйн шилдэг ододтой хүч үзэж тэргүүн байрт шалгарч алтан медаль зүүсэн цагаас бөх сонирхогчдын анхаарлын төвд орсон хүчит бөх юм. Тус улсын аваргад Говь-Алтайн Очирхүүгийн Түвшинжаргал мөнгөн медаль хүртэж, Дундговийн Дэмчигийн Ганзориг хүрэл медаль зүүсэн гэдэг. Ганзориг нь хожим цэргийн заан цол хүртсэн өдгөөгийн аймгийн арслан Баяржавхлангийн аав юм. 1988 онд шагналт байрт, 1989 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд дахин хүч үзэж мөнгөн медаль хүртэж, энэ тэмцээний түүхэнд алт мөнгөн медаль ихэрлүүлсэн цөөн бөхийн нэг болсон. 1988 онд самбо жүдо барилдааны өсвөр үеийн улсын аваргад түрүүлсэн. 1991 онд хорин насандаа Багануур дүүргийн баяр наадамд Барсын Даваадорж арсланг хаяж түрүүлсэн цагаас дөрөв түрүүлж довон дээрээ босоо явсан хүчит бөх юм. 1992 онд Юрагийн Батчулууныг орхин дахин түрүүлж, 1993 онд их шөвөгт, 1994 онд үзүүрлэж, 1997 онд дахин түрүүлсэн. Хүчит арслангийн хүү Лувсанбалдан Аварга дээд сургуулийг төгсөж өдгөө сумын заан цолтой хүч үзэж байна.

Сэтгэгдэл