2016 оны 02 сарын 03

Гарчиг харангуут танд бөх үзэхээрээ л орилж хашгирч цамнадаг, бөх тасралтгүй үздэг, аль эсвэл хэн нэгэн бөхийг байнга дагаж явдаг хүн гэж төсөөлөгдөх байх. Миний бичих гээд байгаа хүн бол тийм биш. Гэхдээ тэр улаан фэн мөн. Түүнийг Гэндэнсүрэнгийн Ёндонцог гэнэ. Хөвсгөл нутгийн Хотгойд. Хэлэх үгээ хэнээс ч айлгүй хэлдэг, шударга нэгэн. Сумын заануудын барилдааныг сүүлийн дөрөв, таван жил алгасахгүй үзсэн байх. Тасална гэж гонж. Сумын заантай өдөр л бөхийн өргөө рүү мөрөө гаргана. Харин улсын цолтнуудын барилдааныг ирж үздэггүй юм билээ. Чи хөө "Залуучуудын талаар ийм сайн судалгаатай байж, яагаад улс, аймгийн цолтнуудын барилдаан дээр ирдэггүй юм бэ" гэхээр "Юуг нь үзэх вэ, ноололдоод, сонгоо хүлээгээд зогсчих юм. Тэгээд ч сонирхол татах юм бага шүү дээ..." гэнэ. Ингэж хэлж байгаа хүний өөдөөс юу ч гэх билээ. Томчуудын барилдааныг тоож үздэггүй мөртлөө тодорч байгаа залуусыг тогтож хардаг тийм л нэгэн жирийн үзэгч. Бүр жинхэнэ бөхийг мэдэрч үзнэ. Сумын заанд гарч байгаа таван зуун залуугийн гурван зууг нь нэрлэнэ дээ. Энэ ийм талтай, тийм барилдаантай гээд нарийн ширийн зүйлийг ч хэлнэ. Залуу бөхчүүдийн барилдааны арга маягийн талаар ийм судалгаатай судлаач хэд билээ, бөх ч хэд билээ. "Энэ жижигхэн Өөлд шар эвгүй шүү...", "....Үегүй барилдах юмаа, хаях аргатай ч унаа ойр юм..." гэсэн маягийн юм ярина. Ер нь бөхийн барилдааныг олон удаа зөв тааж байхыг нь харсан. Таах ч гэж мэдэрсэн л байх.

Аль нэг бөх давж унаснаас болоод бухимдахаа ард орхисон үзэгч. Дэмжиж байгаа бөх нь унангуут уурлаж цамнаж, бусдыг элдвээр хэлж харааж зүхдэг "улаан фен"-үүдээс их өөр л дөө. Дэмждэг бөх ч гэж түүнд байхгүй байх. Харин монгол бөхөд хор хөнөөлтэй, муу зүйл гарч ирвэл аргагүй бухимдана. Талбай дээрх барилдааны будлиантай шүүлт өчнөөн л гардаг. Дараа нь хэд хоног цахим ертөнцийн хэрүүлийн бай болдгийг та бид юу эс андахав. Тэр бүхэнтэйгээ эвлэрээд хувиа бодоод довоо шарлуулаад суудаг үзэгч харин биш. Өнгөрсөн жил сумын заануудын барилдаан дээр Х.Энхчулуун Э.Өлзийсайхан нарын хооронд өрнөсөн барилдааныг хараад тэсэлгүй талбайд гарч ирж, хөлийн цэц, зохион байгуулагчидтай маргаж байсан хүн. Үндэснийхээ бөхөд хайртай учраас л тэр тийм алхам хийсэн. Барилдааны шүүлтэд сэтгэл дундуур үлдсэн тэрээр "Дахиж ч бөхийн өргөөнд ирээд хэрэггүй болж дээ. Ганц үздэг барилдаан маань ийм болчих гэж..." байсан билээ.

Сэтгэгдэлүүд
  • G. Yondontsog IP:202.131.226.194 2016 оны 02 сарын 03

    Барилдаан үзье гэвэл сумын заан үз....Бөх үзье гэвэл бусдыг нь үз...
Сэтгэгдэл