2016 оны 01 сарын 25

Халхын Цэцэн хан аймгийн Ёст бээсийн хошуу нь Баглаа хээр, Зандан хүрэн, Нийгмийн хонгор гээд эрт дээр үеэс түмэнд алдаршсан хурдан хүлэг төрдөг тал хээр нутаг.Тавиад оны эхээр юм санж. Эрдэнэцагааны Чоно голын отряд татан буугдаж цэргийн агтаа худалдаж байна гэсэн сургаар Дарханхаан сумын есдүгээр багийн малчин ард Дансрангийн Жамьян хэрэг болгон очиж бор саарал гүү, эр бор унаганы хамт жаран төгрөгөөр худалдаж авсан байна.

Хол нутгаас авсан юм гээд эр унагаар нь азарга тавьж, бага насанд нь уяж сойж сумын наадамд уралдан айрагдаж байсан гэдэг. Төд удалгүй бор азарганы хөл нь муудсанаас уяж уралдуулахаа больжээ. Харин тэр азарганы эр төл нь бүгд сумын наадамд хурдалж байсан байна.

Улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж байсан тавиад оны сүүлчээр Дарханхаан сумын Мантайн Өлзий-Орших бөгтөр хүрэн гүүгээ “Сүхбаатарын зам” нэгдэлд нийгэмчилсэн нь нөгөөх хөл муутай улаан бор азарганд хураагдаж, жаран оны хавар эр хонгор унага гарсан байна. 1961 онд нэгдлийн адуучин Эвээний Дорж өөрийн адгуулан маллаж байсан адуунаас хонгор даагыг барьж сумын наадамд уясан байна. Наадмын өмнөх их сунгааны өдөр цаг агаар таагүй, бороо орох гээд байсан тул хязаалан, шүдлэн, даагаа хамт сунгахад өнөөх хонгор даага хол тасархай түрүүлж иржээ.

“Даага гүйцэхгүй хязаалан наадамд уралдаад ч яах билээ” гээд зарим уяачид их л урам муутайхан морьдоо хөтлөн буцаж байсныг өндөр настнууд хуучилж сууна. Ингэж Ардын хувьсгалын дөчин жилийн ойгоор хонгор даага сумын наадамд хол тасархай түрүүлсэн байна. Ер нь хурдан болох нь уяачид ажиглагдсан тул дараа жил нь буюу аймаг байгуулагдсаны хорин жилийн ойн баяр наадамд хонгор шүдлэн үрээ түрүүлжээ. Аймаг сумын наадамд тоосоо өргөн түрүүлж хурдан хүлэг болохоо хариуулсан хонгор морь, нэгдлийн түмэн сүргээс олж уяж сойн тодруулсан уяач хоёрын алдар ч төдхөн олонд түгэн тархаж, хонгор морь “Нийгмийн хонгор” нэрийг нутгийн олноосоо анх хүртсэн гэдэг.

Нийгмийн хонгор морь, Эвээний Дорж уяач хоёрын түүхт фото

“Ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр наадамд Нийгмийн хонгорын уралдсан түүх” - Нийгмийн хонгор уралдсан наадам болгондоо түрүүлж алдар цуу нь мандаж байх үед нутгийн ард олон Нийгмийн хонгорынхоо тоосыг улсын баяр наадамд өргөх хэрэгтэй гэж Э.Дорж уяачид зөвлөжээ. Энэ ч ёсоор Э.Дорж нөхөр Дугаржавын хамт морьдоо уян нутгаасаа гарч Улаанбаатарыг зорьжээ. Энэ үед хонгор морины тухай хэвлэл, радио их ярьж бичиж байсан төдийгүй аймгийн гэрэл зургийн салбар зургийг нь авч нэлээд сүржин тайлбар хийгээд олон хувилж худалджээ. Энэ бүгдээс болоод ард олны дунд Нийгмийн хонгорын тухай домоглон ярилцах болж элдэв цуурхал нэлээд дэгджээ. Дорж Дугаржав хоёрыг Улаанбаатарт дөхөх тусам тосон очиж үзэх , магтан сайшаах улсын тоо улам л олширчээ. Тэр бүх хүмүүсийн ихэнх нь Нийгмийн хонгорыг бус Дугаржавын хонгор морийг үзээд буцаад байж. Энэ нь Нийгмийн хонгорын багадаа өлөн уралдаж олсон уухиа занг нь хөдөлгөхгүй гэсэн Дорж уяачын санаа байжээ.Улс даяар нэрд гарсан энэ эрдэнэт хүлэг морийг ирсэн газар бүрийн ард олон эрхэмлэн хайрлаж байлаа. Гэтэл морь уяах ямарч мэдлэг дадлаггүй том, бага албан тушаалтай , сайн дурын олон эзэн уяач Доржид өөрсдийн саналыг тулган шаардаж байв. Уяач Дорж их сунгаанд Нийгмийн хонгорыг Богд уулын ам бүхэнд цугласан гурав, дөрвөн зуун морьдтой нийлүүлэхгүй, тал газар цөөн морьдтой уралдаж байсан тул олон морьд газрын бартаанд их давхилд нь л нэг нийлүүлье гэж шийджээ. Гэтэл Нийгмийн хонгороор гайхуулахыг гол болгосон нөгөөх олон эзэн сунгаанд олон морьдтой уралдуулахыг шаардав. Дорж үүнийг зөвшөөрөлгүй Дугаржавын хонгортой хоёулахны нь сунгасан боловч Доржийн шийдвэрт дургүйцсэн нөгөөх олон эзэд цөм өөр өөрсдийн машинд суугаад Нийгмийн хонгортой уралдан хажуугаар нь хашхиралдан давхисаар олон морьдтой уралдахаас илүү бэрхшээлийг уул моринд учруулжээ. Ийнхүү нийгмийн хонгорыг морьдтой биш машинтай сунгачихсан юм. Энэ хатуу уралдаанд нийгмийн хонгор сул чулуу гишгэж зөв урагшаа мижилзэж байсан билээ. Ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр наадмын их насны морьд гарах боллоо. Буянт-Ухаад ирсэн наадамчид цөм нэгэн дор цуглан цааш нааш дүүлэн үүлгэрдэх сайхан цагаан хонгор морьтой хүүхдийг даган хошуурах нь хэтрүүлэлгүй хэлэхэд газрын хөрс ийш тийш эргэн хөрвөх шиг болж байлаа.Энэ их дуулианы араар хоёр индрийн хоорондуур арваад морьтон ширүүхэн гарч ирлээ. Араас нь Зим машин дагажээ.Энэ хэсэг морьтны эхэнд тод улаан цамцтай хүүхэд унасан, ахар дэлтэй, хар голтой, улаан хул морь хазаар даран тэмүүлж явсан нь цуут Нийгмийн хонгор байжээ. Дээрх цагаан хонгор морь нь Дугаржавын хонгор морь юм. Хурдан их насны морьд зурхайндаа хүрж уралдааны замд гарахад алдарт Нийгмийн хонгор тэр олон морьдоос сугаран гарч Айдасын даваан дээгүүр айргийн тавд давж иржээ. Харамсалтай нь түүнээс цааш дандаа газрын уруу замд өлөн гэдэс нь зайлагдаад олигтой хурдан давхиж чадалгүй жаран зургаад ирсэн юм. Уг нь тэгж их сүр зар болох хэрэггүй нутагтаа уралдаж дадсан заншил ёсоор уралдсан бол цуут Нийгмийн хонгор улсын наадамдаа сайн давхих байсан байж магадгүй. Нийгмийн хонгор уяа ороод ирэхийн цагт өвс иддэггүй байсан тул өглөө ажуухан бариад , үдээс өмнө ажилыг нь хийж, хөлсийг нь буулгаад тавьдаг байсан бөгөөд наадамын урд шөнө морь эргэх газрын ойролцоо авч хоноод өглөө нь мөн ажуухан бариад мордуулдаг байжээ. Гэдэс нь тогтдоггүй морийг ингэж л уралддаг, өөрөөр хэлбэл аль болохоор бага холхиулдаг. Нийгмийн хонгорыг нутагт нь ингэж л уралдуулж байсан.Эвээний Дорж ингэхээр завдсан боловч өнөөх олон эзэн гайхуулах сайрхах дурандаа хөтлөгдөн түүний санааг эрс няцаажээ. Эргэх газраа хүртэл шогшиж очиход Нийгмийн хонгорын гэдэс зайлагдсан учраас амжилт гаргаж чадаагүй байна. Тэр цагт манай нийгэмд ноёрхож байсан захиргаадах арга барил хурдан морины уралдаанд хүртэл ингэж нөлөөлж байжээ.Нийгмийн хонгорын улсын наадамд уралдсан түүх ийм буюу.

Сэтгэгдэлүүд
  • Sonirhogch IP:202.131.239.158 2016 оны 01 сарын 25

    Saihan tuuh bn. Taash ni Daliu nogoon, Bosoo tavidar ntr-iin talaar bicheerei
  • tiin IP:202.170.80.25 2016 оны 01 сарын 27

    bayrlalaa
  • баттүшиг IP:202.70.46.237 2016 оны 12 сарын 22

    хурдан морь шүү
Сэтгэгдэл