2016 оны 03 сарын 01

Хулгана жилийн Дундговь аймгийн баяр наадамд азарга түрүүлгэж, гурван бага адуу айрагдуулсан аймгийн алдарт уяач Цэрэвийн Содномбаатар удамтай хүлэгч билээ. Энэ хүний өвөг эцэг хуучин цагийн их уяач Банзрагчийн Цэрэв хурдан хүлгээ сойсон уяач, хурц сэргэлэн ухаант лам хүн байв. 1930-аад оны сүүлээр залуу хархүү Цэрэв моринд ид хорхойсч байх цагаар Шанхай чигийн их хурдтай хүн нутагт нь нүүдэллэж иржээ. Шанхайн уяачийн таван насны морь нь нэг наадамд түрүүлж байсан онцгой хурдтай уяач байв. Цэрэв мөнөөх хүнээс удам сайтай ганц гүү худалдаж авъя гэхэд халгаагаагүй юм гэдэг. Харин буцахдаа нуруугүй зээрд гүү нутгийн хүнд зарчихаад явсныг Цэрэв гуай ат морь хоёроор худалдаж авсан сайн халтар мориороо наймаалж авсан байна. Энэ зээрд гүүнээс эр зээрд унага гарч 1942 онд Хулд сумын наадамд түрүүлж, Дундговь аймаг анхны наадмаа Ембүү дэрсэнэ усанд хийхэд Эрдэнэдалайн Дондов унаж түрүүлэв. Соёолон болдог жил нь Луус сумын баяр наадамд Дуламын Жамъяан 16 настай унаж түрүүлгээд хөл нь хугарсан гэлцдэг. Дараа жил нь зээрд үрээний дүү хээр үрээг Хулд сумандаа түрүүлгэж бас хөлөнд нь оржээ. Ингээд хээр үрээгээр азарга тавьж удмын сайн адуутай болов. Энэ адууны удмаар олон жил айраг алдалгүй сайн нааджээ.

Өвөг эцгээ баярлуулав

1986 онд залуу хархүү Содномбаатар сумандаа наадахаар морь уяж байв. Сунгаанд Даваагийн Мятавын адууны хул морь нь их хойгуур ирэхэд нутгийн уяачид “Хүү минь хул морио тавиа. Хүүхэд ангаачихна биз” гэж байсан юм гэдэг. Харин залуу хархүүд өөр бодол байжээ. Уяаг нь үргэлжүүлж хул морио аятайхан эвлүүлж авчээ. Наадмын урд орой таран дээр онцгой сайн хөдөлж байхад нь үеийн нөхөр А.Ганбаатар харчихаад “Чиний хул моринд хий хонго буучих шиг боллоо” хэмээн хэлж байлаа. Ганбаатар гуай тухайн үед үнэхээр мэдсэн, тоглож хэлсний аль нь болох нь одоо таавар юм. Харин наадам дээр зургаан морь тасарч уралдсаар Хулдын нэрт уяач Б.Доржжанцангийн хурдан хээр морь зургаалж, Ц.Содномбаатарын хул морь айрагдахад өвөг эцэг Б.Цэрэвийнхээ нэр дээр цоллуулжээ...

Мөн хонгор халзан даага нь хол түрүүлж өвгөнөө дахин нэг баярлуулав. Б.Цэрэв гуай зээ хүүдээ “Би хорин таван жил энэ довон дээр морь түрүүлгэж үзсэнгүй. Өнөөдөр харин хүүгийнхээ буянд хадаг тэнийлгэлээ” гээд хуучин цагийн сайхан хадаг зүүж өгчээ. Урьд цагт айрагдсан морь бүрт хадаг зүүдэггүй, зөвхөн түрүүлсэн адуундаа зүүдэг байв. Одоо ч тэрхүү хадаг Ц.Содномбаатар уяачийн хусууранд зүүлттэй бий. Хойтон жил нь Мягмарын хонгор халзан гэгч даагыг тухайн үеийн 700 төгрөгөөр худалдаж аван Дэлгэрхангай суманд айрагдуулж мөн өвгөн ааваа дахин магнай тэнийлгэв.

Түмэн эхүүдийн удам

1992 оны хавар Ц.Содномбаатар уяач нутгийн Ш.Олзвойгоос хурдан хул азаргыг нь авахаар очсон боловч өгөөгүй юм гэдэг. Харин Ш.Олзвой Чойроос хэд хэдэн хүн дамжин гарч ирсэн хүрэн азаргаа өгсөн байна. Тэр хүрэн азарга 1981 онд улсын их баяр наадамд аман хүзүүдсэн Говьсүмбэрийн Цэндийн Төмөрхуягийн хурдан хээрийн төл байжээ. Авсан жилээ сумандаа уяж тавд давхиулаад 1997 онд 14 насанд нь түрүүлгэв. Энэ азарганы төл 2000 онд Өмнөговь аймагт айрагддаг их хээр морь, даага шүдлэндээ цоорхой хурдалсан бага хүрэн азарга зэрэг хурд гарчээ.

1993 онд Монгол улсын алдарт уяач М.Энэбишээс хонгор халзан азаргыг нь сувай үнээ, сайн эр үхэр, унагатай гүүгээр худалдаж аваад айрагдаж өгөхгүй байсан хүлгийг сумандаа аман хүзүүдүүлсэн байна. Үр төл нь ч сайн давхив. Хэдэн оны хойно халзан азаргыг эргүүлж өгөөд өртөгөнд нь удамтай сайн адуу авахаар тохирчээ. М.Энэбиш “Төл авна гэвэл Иххэтийн унаган шарга азарга байгаа, уяна гэвэл Эрдэнэдалайн Ноовын халиун азарга бий. Хадуураад эгцээрээ явж өгөхгүй юм” гэж байв. Халиун азаргыг аваад хэдэн унагаа бариулж хашираад зургаан даагатай гүү хураалгаж хойтон хавар нь зарсан байна. Туулай жилийн зуднаас мөнөөх зургаан сарвааны гурав нь үлдэж нэг нь У.Жамцанхоролын хээр гээч сайн морь болов. Харин өөрт нь үлдсэн хонгор үрээ дааган цагаасаа гоц хурдалж Дундговийн баруун талд нэр гарсан хурдан азарга болжээ. Энэ хонгор азаргын эх нь Ж.Содномпилийн хүрэнгийн удамтай хул гүү байсан. Ц.Ноовын халиун төрийн түмэн ах Н.Даатамгын хулын төл учир хурдан хонгор төрийн хоёр түмэн эхийн удамтай таримал адуу юм.

1998 онд нутгийн Ш.Бумцэндээс сайн атны өртөгөнд загал халзан байдас авчээ. Шантайн Бумцэнд Өлзийтийн нэрт уяач Дооровын Дашдаваагийн хурдан боруудын удам загал халзан үрээ авч Дундговь аймгийн баяр наадамд түрүүлгээд азарга тавьж төл нь дээрх загал байдас юм. Загал гүүнээс бага насандаа айргийн гадна давхиж үзээгүй хурдан загал морь, төл гүүнээс нь гарсан дээрх хонгор азарганы төл хул үрээ Ардчилал-2012 баяр наадамд түрүүлж УАЗ-469 машины бай гардсан билээ.

Аймагтаа урамтай наадав

2008 оны зун түүний морьд гойдын хурдан байлаа. Цогт-Овоо суманд долоон адуутай очиж уралдаад зургааг нь айрагдуулж, гурав нь аман хүзүүдчихээд түрүүлгэж чадаагүйдээ жаахан урам муутай байтал хэдхэн хоногийн өмнө улсын алдарт уяач цол хүртсэн Б.Баярсайхан “Морьд чинь сайн байгаа юм байна. Энэ жил хамтдаа аймагт очиж наадая” гээд Мандалговь хотыг зорьжээ. Тэр жил Дундговь аймаг наадмын шинэ стадионтой болов. Хонгор азарга нь эхний бөөн азарганы ар дээр явсаар үзүүр дээрээ Батчулууны Мөнхбатын хулыг дайрч түрүүлэн баярын магнай тэнийлгэжээ. Алдарт уяач өөрөө “Аймагт азаргаа түрүүлгэчихээд хүүхдээ буулгаад үнсэхэд арьс мах хоёрын голоор ирвэгнээд байх шиг санагдаж байсан шүү. Их баярласных тэр биз. Дөрвөн насны морьтой очиж нэг нь түрүүлж, гурав нь айрагдаж бүгдэд нь хадаг зүүгээд шинэхэн стадион тойроод гарахад юу юунаас илүү сайхан байсан даа” гэж одоо дурсаж сууна.

Аймагтаа сайнтай наадсаны дараа  Дэлгэрхангайн наадамд хол зам туулж очжээ. Боргион дундуур давхиад ачсан морьдод түйрэн буучиж. Дэлгэрхангайн наадмын урьд орой азаргандаа ажил хийж байв. Боргион дундуур явчихсан адууны хөлсийг нь хусахад л улаан шавар буугаад байдаг. Энэ үед Ц.Содномбаатарын цэргийн онжав Дэлгэрхангай сумын уяач Д.Алтансүх ирээд “Шавар хөлс нь гараагүй адуу манай уулын ар дээр мордуулдаггүй юм. Ичээч чи” гэж байна гэнэ. Маргааш нь Ц.Содномбаатарын хонгор, Б.Баярсайханы бор халзан хоёр тасарчээ. Хонгор азарга нь яах ийхийн зуургүй туулаад үзүүр дээрээ бор халзанг дийлж түрүүлсэн байна. Хурдан хонгорыг аймагт түрүүлчихээд ирснийг мэдээгүй онжав нь тэгэхэд амаа барьж байсан юм гэдэг.

Тэргүүнд гүйх морийг хэлдэг эрдэм

Алдарт уяач маань “Хэдий Хэнтий Сүхбаатар явж адуу цуглуулаагүй ч М.Энэбиш гуай маань надад хоёр сайн азарга өгч, тэдний үр удам надад урамтай сайхан хурдалсан шүү. Өвгөн алдартдаа их баярлаж явдаг юм” гэж дурсаад морь таних эрдмийнх нь талаар дараах хоёр явдлыг ярьсан юм.

Өвгөн лут лут. Ирэх морийг ер нь хэлдэг хүн байсан шүү. 2005 оны Хулдын наадмын их нас мордож байлаа. Өвгөн машинтай ирээд зогсож байна. Би хоёр хээр морьтой, өвгөн хоёр сайн хул морьтой. Энэбиш ах “Өнөөдөр манай Л.Жамбалдоржийн шарга их л аятайхан гарлаа даа” гэж байна. Би хариуд нь “Таны хул морийг л тун аштайхан байна гэж бодлоо” гэтэл “Өнөөдөр миний хул морь шаргыг дийлэхгүй байх” гэж байна. Тэгээд үнэхээр шарга морь түрүүлж, хул морь нь аман хүзүүдсэн. 1998 онд Цогт-Овоогийн Д.Энхээгийн хээр азарган соёолон гойд хурдан байв. Манай сумын наадамд Цогт-Овоо сумаас нэг ч хүн айраг уугаагүй байсан юм. Миний их хээр морь соёолон байлаа. Энэбиш ахаас мөн л асуулаа “Энхээгийн хээр ч мөн сайхан байна даа, миний хээр ч дийлэхгүй байхаа” гэтэл тойрч үзээд “Хээр морь чинь хоол нь ч таарах нь таарчээ. Өнөөдөр засаатай засаагүй хоёрын зааг л гарч мэднэ” бусдаар Энхээгийн хээрийг дийлэмгүй байна шүү гэж байлаа. Туган дээр ханилж ирээд морин юм болохоор манай хээр дийлсэн шүү...

 

Сэтгэгдэл