2016 оны 02 сарын 05

Сүүлийн жилүүдэд хурдан морийг сайн уяж, нутгийн ахынхаа унаган хурдан халзан азаргаар их наадмын дэвжээнээ нэрээ гаргаж яваа залуу уяач болох Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Шаравжамцын Бадамжунайтай ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргие. Тэрээр 2015 онд хурдан халзан азаргаараа бүсийн наадмын нэг түрүү, нэг айраг хүртэж улмаар аймгийнхаа шилдэг уяачаар шалгарсан төдийгүй гарч буй Гал бичин жилийн босгон дээр Аймгийн алдарт уяач хэмээх эрхэм сайхан алдраар энгэрээ мялаалаа.

Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу?
Сайхан өвөлжиж байна аа. Юуны өмнө танай сайтын хуудсаар дамжуулан Арынхангайн зон олондоо энэ өдрийн мэнд хүргэе.

Аймгийн шилдэг уяачаар шалгарч мөн Алдарт болсонд баяр хүргэе.
Баярлалаа. Өнгөрсөн жил халзан азаргаа аймагтаа түрүүлгээд, Дүнжингаравт айрагдуулж, Өндөргэгээний даншиг наадамд түрүүлгэсэн амжилтаараа 2015 оны Архангай аймгийнхаа шилдэг уяачаар шалгарлаа. Мөн саяхан Аймгийн алдарт уяач цол авсан. Энэ бүхэн маань цаашид морио улам сайн уях маш их урам зориг оруулсан. Халзан азарга маань ч гэсэн Монгол улсын чансаа өндөр есөн азарганы нэг болсон гээд хонин жил миний хувьд аз хиймориор дүүрэн сайхан жил болж өнгөрч байна.

Таны удам судраас яриагаа эхэлье. Морь уядаг хүн танай удамд бий юу?
Манай ээжийн өвөө морь сайн уядаг, мундаг уяач байсан гэж ах нараас, нутгийн ахмад уяачдаас сонсож байсан. Тийм болохоор би өөрийгөө уяач удамтай гэж боддог.

Бага насандаа адуу малтай хэр ойр өссөн бэ?
Миний бага нас хөдөөгийн хүүхдүүдийн нэгэн адил л өнгөрсөн. Аав нягтлан, ээж багш болохоор манайх сумын төвд амьдардаг. Тэхдээ би зуны амралтаараа нагац ахындаа очиж амардаг байсан. Зуны гурван сарын морин дэл дээр өнгөрөөнө. Тийм ч учраас би адуунд их дуртай.

Хурдны морь унаж байсан уу?
Уналгүй яахав. Эмээл дээрээ шувуу шиг босоод эрээн цамцаа дэрвүүлэн хийсгээд наадмын морьдоо унадаг байлаа гэж дуунд гардаг шиг л... Ер нь хөдөөний хүүхэд болгон л хурдны морь унадаг шүү дээ. Миний хувьд нагац Баасанхүү ахынхаа морьдыг унадаг байсан.

За тэгвэл хэдэн оноос эхлэн бие даан морь уясан бэ?
Ахынхаа морийг унадаг байснаа сүүлдээ моринд хүнддээд туслах уяач нь болсон. Харин 2008 оноос эхлэн бие даан морь уясан. Морь уяад 8 жил л болж байна.

Анхны айраг түрүүгээ хэдэн он ямар наадмаас хүртэв? Тэр үеийн сэтгэгдэлээ эргээд дурсаач.
2009 онд Өндөр-Улаан сумынхаа наадамд Буурал духт хүрэн азаргаа айрагдуулж магнайгаа хагартал баярлаж байлаа. Тэр наадам яагаад ч юм миний санаанаас гардаггүй. Ёстой л нөгөө дээлэндээ багтахгүй л баярлаж байсан даа. Морь уяад дөнгөж эхэлж байсан болохоор ч тэр үү, хүн болгон ирж баяр хүргээд л...

Мэдээж өөрийг тань нэрд гаргасан адуу бол халзан азарга. Халзан азарганыхаа удам угшлын талаар, анх яаж авсан талаар хуучлаач?
МУТМУяач Ганзориг, Тэмүүлэн ах нарын маань унаган адуу. Хязаалан үрээ бэлгэнд авч байлаа. Энэ хурдан буянгаа харамгүй хайрласан хоёр ахдаа маш их баярлаж явдагаа энэ дашрамд хэлмээр байна. Хоёр ахын минь уясан болгон нь түрүү магнайд хурдалж унага болгон нь босоо төрөх болтугай гэж ерөөе. Миний халзан азарга Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанаас  1 түрүү, 1 айраг хүртээд байгаа. Энэ жил Дүнжингаравт айрагдаад Өндөргэгээний даншигт түрүүлсэн. Архангай аймгийн баяр наадамд 2 жил дараалан түрүүлээд, Эрдэнэ-Мандал, Чулуут сумдын тэгш ой болон “Арын хангайн шигшмэл хурд-3” уралдаанд тус тус түрүүлсэн. Том жижиг наадмаас 20 гаран айраг түрүү хүртээд байгаа хурдан ажнай даа.

Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанд азарга түрүүлгэхэд ямар байв?
Үнэхээр их догдолдог юм билээ. Маш их сандарч байсан. Халзан азарга маань хэдийгээр Дүнжингарат айрагдсан ч гэлээ зуны тэр том уралдаанд олон газрын олон хурдан хүлгүүд ирсэн. Мөн алдар цолтой олон уяачид ирсэн болохоор өөрийн эрхгүй сандардаг юм билээ. Хурдан байсан болохоор нь битүүхэн горьдож л байсан. Тэхдээ түрүүлнэ чинээ бол бодоогүй. Түрүүлээд ирэхээр нь нэг хэсэгтээ өөртөө итгэж чадахгүй байсан. Нутгийн ахынхаа бэлгэнд өгсөн азаргаар бүсийн наадмаас анх удаа түрүү хүртэх, мөн дээрээс нь Их хурдын дэвжээн дээр болсон наадам гэж бодохоор үнэхээр бахархалтай байсан шүү. Тэр үед төрүүлж өсгөсөн ээж аав, нутаг усаараа их бахархсан. Ганзориг ах, Тэмүүлэн ах хоёртоо бас үгээр хэлхийн аргагүй баярласан.

Халзан азарганы уяаны онцлог?
Аятайхан хөнгөрүүлчихвэл ер нь бэлэн давхилтай адуу. Миний уяна ч гэж юу байхав адууныхаа сайнаар л давхиж байгаа байх. Би чинь дөнгөж л морь уях эрдмийг зах зухаас нь сурч эхэлж байгаа залуу хүн шүү дээ. Тийм болохоор халзан азарга маань уяаны алдаа оноог нэг их тоодоггүй, бэлэн давхилтай, хөлийн хурд ихтэй, хэдэн ч азарга уралдсан тархинд гардаг. Гараад нэг уужирчихвал араасаа яаран адуунд баригддаггүй тийм л адуу даа. Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун ах шарга азаргаа улсад зургаа дахиа түрүүлэхэд нь “Шарга азарга маань бурхнаас заяасан хүлэг юм” гэж ярилцлага өгж байсан. Тэрэн шиг би халзан азаргаа бурхнаас заяасан хүлэг гэж боддог.

Хамгийн их сэтгэлд хоногшин үлдсэн наадам?
Анх сумандаа азарга айрагдуулсан тэр наадам байна. Мөн 2012 онд сумынхаа наадмаас 2 түрүү,  2 айраг авчаад их баярлаж байлаа. Ер нь тэгээд наадам болгон л өөр өөрийн дурсамж үлдээдэг дээ. Харин хамгийн их сэтгэл догдлуулсан наадам гэвэл энэ жилийн Өндөр гэгээний даншгийг л хэлэх байх. Над шиг залуу хүнд тэр болгон тохиохгүй ховор аз гэж боддог.

Арынхангайн шигшмэл хурд уралдаанд халзан азаргаа түрүүлгэсэн талаар яриач?
Мэдээж сайхан байлгүй яахав.  Тэр жил ер нь хурдан байсан л даа. Сумандаа болон аймагтаа түрүүлчихсэн байсан. “Арынхангайн шигшмэл хурд” уралдаан бол манай аймгийн чансаа өндөр шигшмэл хүлгүүд уралддаг гэдгээрээ ихээхэн онцлогтой. Нутгийнхаа тэр олон түмэн эхүүдээс халзан азарга маань хол түрүүлээд ирэхийг харах үнэхээр сайхан байсан. Хамгийн гол нь тэр уралдааныг Тэмүүлэн ах маань зохион байгуулдаг шүү дээ. Ахынхаа наадамд өөрийнх нь бэлгэнд өгсөн унаган адууг нь түрүүлгэсэндээ маш их баярласан. Ер нь манай Тэмүүлэх ах чинь нутгийнхаа уяачдын их дэмжинэ. Нутгийнхаа адууны үүлдэр угсааг сайжруулах тал дээр ч маш их анхаардаг. Ахдаа баярлаж явдгаа дахин хэлмээр байна.

Халзан азарганаас өөр ямар ямар адуунууд уяж байна, ямар амжилт гаргаж байна?
Өнөө жил 5 насны 10-аад адуу уясан. Улс бүс, аймаг сум орон нутгийн наадмаас 40 гаран айраг түрүү хүртсэн. Гол амжилт гаргасан адуу нь бол мэдээж халзан азарга. Өнгөрсөн жил халзан азарга, хүрэн даага хоёрынхоо амжилтаар “Аймгийн шилдэг уяач” болсон.

Цаашдын зорилго. Мэдээж залуу хүн тул төрийн наадамд очиж уралдах хүсэл эрмэлзэл байгаа л байлгүй?
Өнөө жилийн хувьд төрийнхөө наадамд явах бодолтой байсанч зун орой болж гантай байсан болохоор амжаагүй. Ирэх жил очиж уралдана аа. Ер нь тэгээд цаашдаа морио л сайн уяхыг хичээж байна даа.

За баярлалаа. Морио сайн уяж, улсын цолтой мундаг уяач болоорой гэж ерөөе.
Баярлалаа. Тэр ерөөл тэгш сайхан орших болтугай.

 

Сэтгэгдэлүүд
  • Н Батдорж IP:202.9.40.94 2016 оны 02 сарын 05

    Мундаг байна да дүү
  • Otgonbaatar IP:27.123.214.118 2016 оны 02 сарын 05

    Duud bayr hurgey, husey!
  • Otgonbaatar IP:27.123.214.118 2016 оны 02 сарын 05

    Amjilt husey
  • Lkhamaa IP:59.153.113.76 2016 оны 02 сарын 06

    Bayar hurgey. Iluu ikh amjiltiig husey
  • Ц.Балбар IP:103.10.21.68 2016 оны 02 сарын 08

    Найз минь үнэхээр сайхан ярилцлага болжээ Аргаггүй Бурханаас заяасан ажнай даа
Сэтгэгдэл