2016 оны 03 сарын 03

Наадмын бөхийн сониноос үгүүлж буй цувралаа 1938, 1939 оны наадмаар үргэлжлүүлье. Архивт үнэн зөв баримт нь үлдээгүй 1921 оноос хойших наадмуудын нэг нь эдгээр 1938, 1939 оных юм. Бидэнд одоогоор олдож байгаа баримтаа эхлээд дэлгэе. 1938 оны 7 дугаар сарын 11-17-нд долоон өдөр явагдсан уг наадамд 800 бөх барилдсан бөгөөд энэ тухай тэр үеийн өдөр тутмын сонинуудаас хамтран гаргаж байсан “Улсын баяр наадмын өдрийн мэдээ” хавсралт сонин, “Улаан од” сонинуудад ийнхүү бичжээ.

Монгол ардын үндэсний хувьсгалын 17 жилийн ойн цэргийн хийгээд ардын их баяр наадам нь энэ 7 сарын 11-ний өдөр туйлын өргөн сүрлэгээр эхлэн нээгдэв. Мөн өдрийн оройн 3 цагаас .. бөхийн нэгдүгээр даваа эхэлж Яндаа, Чимэд, Дэлэг, Балсан, Лхагва, Банзар гэх мэтчилэн нэрт арслан, аварга цолтой бөхчүүд зэрэг 124 тооны хүмүүс барилдсаны гадна зүүн талаас эртний их хүчит бөх бөгөөд Их монгол хэмээх Шаравжамц, баруун талаас Аюур арслан нар магнайд тэргүүлэн гарцгаав. … Хоёрдугаар давааны үргэлжлэлийг энэ 16-ны өдрийн өглөөний 8 цагаас эхэлж, үдийн хойд 4 цаг хүртэл барилдуулж дуусгасан учир гуравдугаар давааг эхлүүлсэн. Үүнд хуучин удаагаар бүгд 38 буйр босгож Улсын бага хурлын тэргүүлэгчдийн Шаравжамц аварга, Ардын сайд нарын зөвлөлийн Самдан аварга магнайлан босч, Цэргийн явдлын яамны Балсан арслан, Дотоод явдлын яамны Банзар арслан, Худалдаа, үйлдвэрийн яамны Төмөрбаатар арслан, Үйлдвэр барилгын яамны Лхагва арслан, Мал тариалангийн яамны Дэлэг арслан, Гадаад явдлын яамны Яндаа заан25, Сангийн явдлын яамны Банди заан, Ардын гэгээрүүлэх явдлын яамны Содном заан26, Шүүх явдлын яамны Чоймбол заан, ЗХУ-аас тус улсад суугаа элчин сайдын яамны Гомбо заан, Тува ард улсаас тус улсад суугаа элчин төлөөлөгчийн Цоодол заан27, Нийслэл хотыг захирах яамны Өлзийсайхан заан, Цэргийн ерөнхий сургуулийн Ванчигжав заан, Төв аймгийн яамны Намжилваанчиг заан28, Архангай аймгийн яамны Сандуйжав заан, хязгаарын хоёрдугаар корпусын Сүрэнжав заан, хотын цэргийн гарнизоны ангийн Ванчинсүрэн заан, Дорнод аймгийн яамны Жамьяншарав заан, Хэнтий аймгийн яамны Самдан заан29, Зүүн өмнө хязгаарын цэргийн ангийн Ванчинхүү заан, Завхан аймгийн яамны Дорж заан, Өвөрхангай аймгийн яамны Санжсүрэн заан, Баруун өмнө хязгаарын цэргийн ангийн Рэнцэндорж заан, баруун хязгаарын Пүрэвжав заан, Сэлэнгэ аймгийн яамны Төрбат заан, Хөвсгөл аймгийн яамны Содном заан30, хуягт ангийн Лувсанжамц заан, Цэргийн нисэх ангийн Чойжив заан31 Өмнөговь аймгийн яамны Гомбодагва заан, Булган аймгийн яамны Гонгор заан, Чулуунбаатар заан32, Наваан заан, Содов заан, Жанчив начин нарын зэрэг цолтнууд тус бүр гурав давжээ. Маргааш нь 17-ны өдрийн өглөөний 8 цагаас эхлэн  дөрөвдүгээр давааг эхлэн 10 дугаар давааг дуустал бүх 800 бөхийг барилдуулан дуусгаж, шигшмэл 64 бөхчүүдийг барилдуулан улмаар наадмын шувтлагыг гүйцэтгэх гэнэ. Энэхүү буйр босгосон эрэмбээр цааших даваанууд үргэлжлэх бөгөөд унасан цолтой бөхийн оронд дараагийн бөхийг огшоон бичих замаар үргэлжилж таарна. Харамсалтай нь дараагийн дугаарууд бидэнд олдсонгүй. Спортын ахмад сэтгүүлч Т.Бааваа “Спортын мэдээ” сонины 1971 оны ¹4-т нийтлүүлсэн “Төрбат арслан” тэмдэглэлдээ арсланг зургийн гууны араас “Үнэн” сонины нэгэн дугаар гаргаж миний арслан болсныг бичсэн нь энэ хэмээн үзүүлж байсныг дурьдсан байдаг. Тэр сонинг олдогсон бол үнэн мөн тодорно доо. Дээрх мэдээнээс улбаалаад хэвлэл номд орсон баримтыг түшиглэн шөвгөрсөн бөхчүүдийн нэрийг багцаалдах гэж оролдоё.

Үүний өмнө бас нэгэн мэдээг анхаарах хэрэгтэй. Жич нэгийн даваанд мээтэн Аюур арслан Лхүндэвт, Чимэд арслан Шаравын Дашид унажээ. Мөн Зундуй заан, Пэрэнлэй заан, Сундуй заан, Цэрэн заан нар нэгийн даваанд, Бямба заан Ерөнхий сургуулийн Жамбын Ядамсүрэнд, Шүүх яамны Хорлоо заан Цэргийн яамны Дашид, Дорнод аймгийн яамны /Булганы/ Жадамба заан Өвөрхангайн Дарамбатын Дашдондогт, хотын цэргийн гарнизоны ангийн Данигай хэмээх Дамдин заан Ерөнхий сургуулийн Дадын Цэвэгжав/Цэвэгмид/-т, Мижид начин Гонгорын Банзрагчид, Дорж начин Мижидийн Дэмбэрэлд, Ерөөлт начин Цэгмидийн Санжмятавт, Түдэв начин Далхаагийн Лхамсүрэнд, Дорлиг начин Жамбын Батад, Чүлтэм начин Жамсрангийн Чойжилд мөн Содов заан нар хоёрын даваанд, Лувсанбалдан заан, Баярхүү заан, Дэмбэрэл начин нар гурвын даваанд тус тус унасан хэвлэлийн мэдээ байгаа болно. Энэ мэтээр улсын цолтнууд олноороо учраа бөхдөө өвдөг шороодсон байна.     

1.         10 давж түрүүлсэн: “эрээн хавиргат” хэмээх Баатарын Төрбат заан1, Архангай аймгийн Жаргалант сум        - бардам түрэмгий баатар зоригт арслан цол,

2.         9 давж үзүүрлэсэн: “Арвайхээрийн” хэмээх Цэдэвийн Банди заан2, Өвөрхангай аймгийн Тарагт сум – улсын арслан цол

3.         8 давж дөрөвт үлдсэн: “гулзгай” хэмээх Учралын Дамчаа Дорнод аймгийн Чойбалсан сум - улсын заан цол

4.         8 давж дөрөвт үлдсэн: “гогор” хэмээх Ядамсүрэнгийн Дорлиг3 Завхан аймгийн Ургамал сум – улсын заан цол

5.         Долоо давж 7-д үлдсэн: “пампиан” хэмээх Дарамын Жамьяншарав заан4 Архангай аймгийн Тариат сум

6.         Долоо давсан: “гүйдэг” хэмээх Ширчингийн Даш5 Булган аймгийн Хишиг-Өнөр сум  - улсын заан цол

7.         Долоо давсан: “даран цагаан” хэмээх Дарьзавын Ванчинсүрэн заан6, Архангай аймгийн Чулуут сум

8.         Зургаа давж 13-т үлдсэн: босоо хэмээх Ганжууржавын Самдан аварга7, Хэнтий аймгийн Баянхутаг сум

9.         “жижиг” хэмээх Шаравын Ванчинхүү заан8, Ховд аймгийн Буянт сум

10.      “хадагт хар” хэмээх Дангаагийн Рэнцэндорж заан9, Ховд аймгийн Дарви сум

11.      “монхор” хэмээх Түндэвдаваагийн Самдан10, Өвөрхангай аймгийн Төгрөг сум – улсын начин цол шинээр авсан.

12.      “товцог” хэмээх Бямбын Пүрэвжав заан, Булган аймгийн Баян-Агт сум

13.      “дэлдэн гулиа” хэмээх Лувсанбалдан заан11, Хэнтий аймгийн Галшар сум

14.      “босоо” хэмээх Баясахын Банзар арслан12, Архангай аймгийн Өлзийт сум 

15.      Тав давж шөвгөрсөн /12 бөх/: “Дэлээгийн” хэмээх Дэлгэрийн Содном заан13, Булган аймгийн Сайхан сум

16.      цэргийн Цэнджавын Чой/Чойжамц/14, Булган аймгийн Сайхан сумын харьяат – улсын начин цол

17.      цэргийн Дандарын Баясгалан15, Дундговь аймгийн Өндөршил сум – улсын начин цол

18.      Тэрбишийн Сүрэнжав16, Архангай аймгийн Хашаат сум – улсын начин цол

19.      Гомбожавын Төмөрсэрээ17, Архангай аймгийн Ихтамир сум – улсын начин цол

20.      Ендонгийн/Цэдэнгийн/ Галсан18, Булган аймгийн Могод сум – улсын начин цол

21.      Содномын Пунцаг19, Архангай аймгийн Эрдэнэмандал сум – улсын начин цол

22.      “гүйдэг” хэмээх Лувсангийн Сүрэнжав заан20, Дорноговь аймгийн Сайхандулаан сум

23.      “хужаа” хэмээх Өлзийтийн Чүлтэмсүрэн начин21, Хөвсгөл аймгийн Түнэл сум

24.      “цахлайтын” хэмээх Ширнэнгийн Бяруузана заан, Хэнтий аймгийн Биндэр сум

25.      “боохой” хэмээх Дамдинсүрэнгийн Данзан арслан22, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум

26.      Хасын Өлзийсайхан заан23, Дорнод аймгийн Халхгол сум

27.      “Хөнхөр” хэмээх Магсарын Гомбодорж начин24, Булган аймгийн Орхон сум 

Судлаачдын олж үзээгүй, ямар нэгэн баримт олдохгүй байгаа 1933 оноос хойших бараг ганц наадам нь энэ юм. Бөх судлаач Ц.Бат-Очир гуай “Үндэсний бөх 70 жилд” бүтээлдээ Ч.Мижид зааныг Чимэд арслангаар 7 давж заан болсон хэмээн бичсэн боловч дээрх хэвлэлийн мэдээнээс үзвэл Чимэд арслан, Мижид начин нар нэг, хоёрын даваанд унажээ. Төв аймгийн Баянцогт сумын Очирын Лхамсүрэн 1954 онд цолгүй бөх барилдаж, тавын даваанд унасан, Өвөрхангай аймгийн тэр үеийн Зүүн-Өлзийт сумын харьяат Онолтын Банди 1954 онд улсын начин цол авсан, Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Сэнгийн Намжаа нь 1946 онд зургаа давж, цолгүй бөхөөс улсын заан цол авсан байх тул энэ онд шөвгөрсөн гэж үзэх үндэсгүй байна. Харин 6 давсан гэж үзэж байгаа бөхчүүдээс Банзар арслан, Лувсанбалдан нарын нэг нь, 5 давсан бөхчүүдээс Ш.Бяруузана, Д.Данзан, Х.Өлзийсайхан М.Гомбодорж нараас хоёр нь шөвгөрсөн байж таарна. Учир нь 25 бөх шөвгөрөх ёстойгоос 6 давсан 6 бөх, 5 давсан 12 бөх байх ёстой. Ямар боловч бидэнд үлдсэн аман баримтаас үзэхэд их шөвгийн 4 бөх баараггүй болов уу. Б.Төрбатын түрүүлж арслан цол авсан үнэмлэхийн хуулбар энд байна.   

            Ингээд та бүхнийг энэ наадмын талаар бидэнтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцахыг хүсье.

            Одоо 1939 оны улсын наадмын талаар товч үгүүлж, саналаа бас хуваалцая. Эл 1939 оны 7 дугаар сарын 11-16-нд болсон наадамд 512 бөх барилдсанаас сүүлийн 8 бөхийн нэрс бидэнд тодорхой байна.

1.         9 давж түрүүлсэн цэргийн Сэрээнэнгийн(Бадамдоригийн) Түвдэндорж33, Булган аймгийн Хангал сум – улсын арслан цол шинээр авсан.

2.         8 давж үзүүрлэсэн: “урт гарт” хэмээх Маамын Лхагва арслан34, Завхан аймгийн Идэр сум

3.         7 давж дөрөвт үлдсэн: “эрээн хавиргат” хэмээх Баатарын Төрбат арслан, Архангай аймгийн Жаргалант сум

4.         7 давж дөрөвт үлдсэн: “гулзгай” хэмээх Учралын Дамчаа заан, Дорнод аймгийн Чойбалсан сум

5.         6 давж наймд үлдсэн: “боохой” хэмээх Дамдинсүрэнгийн Данзан арслан, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум

6.         Мөн “хумбан хар” хэмээх Лхамжавын Балсан арслан, Дорнод аймгийн Чойбалсан сум

7.         Мөн “махан толгой” хэмээх Гончигийн Сундуй заан, Булган аймгийн Авзага, одоогийн Гурванбулаг сум,

8.         Мөн “мундаг” хэмээх Гонгорын Наваан заан, Булган аймгийн Авзага, одоогийн Хишиг-Өндөр сум

 

Тухайн үеийн “Үнэн” сонины 7-р сарын 24-ний ¹89-ийг үндэслэн бөх судлаач Ц.Бат-Очир гуай “Үндэсний бөх 70 жилд” бүтээлдээ оруулсан байдаг. Сонирхуулахад 16-ны өглөөний 10 цагаас 6-9-ийн давааг барилдуулж дуусгаад мөн өдрийн оройн 2 цагаас шигшмэл 64 бөхийг барилдуулахад Завханы Дорлиг заан түрүүлж Дорнодын Өлзийсайхан заан үзүүрлэсэн тухай мөн тэнд үгүүлжээ.

Харин одоо 5 давж шөвгөрсөн бусад 8 бөхийг үнэн зөвөөр тодруулах ёстой.

Бөх судлаач Ц.Бат-Очир гуай, буур Н.Жамьян аварга, нахиу Гонгор заан, “Бөхийн хөгжилт” номоос иш татаж Я.Дорлиг заан, Дэ.Содном заан нарыг шөвгөрснөөр бичжээ. Учир нь Жамьян аварга, “гулзгай” Дамчаад 1939, 1940 онд дараалан унаж, 1942 онд давсан гэх, “нахиу” Гонгор долоод М.Лхагваад унасан,  Дорлиг тав даваад зургаад түрүү бөх Б.Түвдэндоржид унасан гэх, Дэлээгийн Содном Төв аймгийн “мойл” хэмээх Э.Зундуй начин(заан)-аар тав даваад зургаад унасан гэх аман сурвалжуудыг баримталсан байна. Үүн дээр би Өвөрхангайн Ш.Жанцандорж тавын даваанд “хадагт хар” Рэнцэндорж зааныг давж улсын начин болоод Балсан арсланд унасан гэх аман сурвалж, 1940 оны наадамд Өвөрхангайн Жанцандорж начин 3 давсан гэдэг Үндэсний төв архивын баримт (ҮТА, Х-7, Д-2, ХН-373)-ыг үндэслэн, мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Дарамжавын Төмөр-Очир (1948 оны улсын наадмын бөхийн бүртгэлийг үндэслэж, 1940 онд тав давж улсын начин болсон цэргийн Төмөр нь өөр бөх гэж үзэн) нарыг нэмж оруулав. Түүнчлэн бөх судлаач Б.Ерэнтэй, 1938 онд дор даваанд унаснаас хойш хэдэн жил дараалан шөвгөрснөө ярьсан Л.Чимэд арслан болон улсын наадамд тав шөвгөрсний нэг нь алга хэмээн бичсэн (”Монгол бөхийн хөгжилт” бүтээлээс үз) “нахиу” хэмээх Ш.Санжсүрэн заан (арслан) нарыг энд шөвгөрсөн гэх таамаг дэвшүүлсэн байна лээ. Энэ мэтээр аль болох баримт түшиж мэтгэлцэхийг хүснэ.

Ингээд дээрхээс үндэслэн уг наадмын оноолтыг хийж үзвэл зургаагийн даваанд зүүний магнай Н.Жамьян аварга “гулзгай” У.Дамчаа зааныг, барууны магнай М.Лхагваа арслан “нахиу” Д.Гонгор зааныг, Төрбат арслан Дэ.Содномыг, Л.Балсан арслан Ш.Жанцандоржийг, Д.Данзан арслан Д.Төмөр-Очирыг амлаж, Я.Дорлиг заан Б.Түвдэндоржтой тунажээ. Харин долоогийн даваанд М.Лхагва арслан Л.Балсан арсланг, Д.Данзан арслан Б.Түвдэндоржийг, Б.Төрбат арслан “махан” Г.Сундуй зааныг амлаж, “мундаг” Г.Наваан заан У.Дамчаа заан нар тунасан гэж үзэх үндэстэй. Наймын даваанд М.Лхагваа У.Дамчааг амлаж, Б.Төрбат Б.Түвдэндорж нар тунаж, улмаар Б.Түвдэндорж түрүүлэн М.Лхагваа үзүүрлэсэн нь хэвлэлийн мэдээнээс илт байна. 

 

Тайлбар:

1.         Б.Төрбат арслан түрүүлэхдээ тавын даваанд Д.Гомбодагва зааныг, зургаад “хужаа” Ө.Чүлтэмсүрэнг, долоод “монхор” Самданг, наймд Д.Жамьяншарав зааныг, есөд “гулзгай” У.Дамчааг, аравт Ц.Банди зааныг тус тус давж түрүүлсэн гэж ярьсан байдаг.

2.         Арвайхээрийн Ц.Банди, Я.Дорлигийг наймын даваанд хаясан гэдэг нь энэ онд байж таарна.

3.         Дорлиг гуай Завханаас ирж барилдаад наймд Ц.Банди гуайд булхайдуулж /хууртагдаж/ унаснаа ярьсан байдаг.

4.         Жамьяншарав урьд жил нь найм давсан болохоор сайн барилдсан мэдээж, Ванчинхүү гуай түүнд долоогийн даваанд унаснаа дурссан нь бий.

5.         Цэргийн албан хаагч, “гүйдэг” Даш долоо давж заан болсон гэдэг. Тэрээр хоёрын даваанд Хорлоо зааныг, гурвын даваанд Булганы О.Жадамба зааныг, дөрөвт Н.Жамьян аварга, тавын даваанд Ховдын Лувсанчимэд, зургаад Чимэд арсланг, долоод Г.Самдан аваргыг давснаа ярьсан байдаг боловч зарим нь зөрдөг юм. Лав Н.Жамьян аварга энэ наадамд барилдаагүй бол Л.Чимэд өөр Даш /Архангайн Шаравын Даш/ -д унасан байж магадгүй.

6.         Ванчинсүрэн зааны “довцог” Пүрэвжав заантай долоо, наймын даваанд олон тунаж хаяж унаж явснаа, ямар мундаг бөх байсныг дурссан яриа байдаг бөгөөд тэр нь энэ наадамд байх магадлалтай Тэгэхээр Ванчинсүрэн заан долоо давсан бол Пүрэвжав заан зургаа, хэрэв тэрээр зургаа давсан бол Довцогпүрэв тав давсан байж таарах гээд байна.

7.         Түрүүлснээсээ хойш тун цөөхөн ирж барилдсан “босоо” Самдан аварга тавын даваанаас зүүнийг магнайлсан болохоор шөвгөрсөн байх магадлал өндөр. Тэгээд ч Даш зааны дурсамж бас байна.

8.         Ш.Ванчинхүү гуай зургаа даваад долоод Жамьяншарав заанд унаснаа өөрийн номдоо бичсэн буй.

9.         Г.Төмөрсэрээ улсын начин болоод зургаад хадагт Рэнцэндоржид унасан гэж “Зуун бөхийн намтар” номд буй.

10.      Ах дүү хоёр Самдангийн нэг энэ жил 5 юм уу 6 давж начин цолд хүрсэн байх магадлалтай. Зарим  ном хэвлэлд заан гэж бичсэн үзэгддэг ч шинээр 6 давсан хүнд шууд заан цол өгөөгүй байх. Бас 7-д барилдсан Төрбат арслангийн дурсамж ч бий.

11.      Дэлдэн гулиа хэмээх Д.Лувсанбалданг энэ онд 6 давж заан болсон гэж нэлээд ном хэвлэлд бичсэний дотор Ц.Бат-Очир гуай, Б.Батсүх гуай нар бас багтаж байгаа юм. Гэхдээ би үүнд эргэлздэг.

12.      Д.Баясгалан начин цол аваад “босоо” Банзар арсланд унасан тухай аман сурвалж буй.

13.      Дэ.Содном заан болсныхоо дараа жил тавын даваанд Ц.Содов арсланг хаяж (зургаад Я.Дорлигт унасан байх) шөвгөрснөө дурссан байдаг нь “Монгол бөхийн хөгжилт” бүтээлд буй.

14.      Булганы харьяат Чой хэмээх Чойжамц дэгээдэх мэхийг гаргуун хийдэг бөгөөд тавын даванд Балсан арсланг дэгээдэж хаясан тухай Ванчинхүү арслан “Монгол бөхийн зарим мэх” бүтээлдээ тодорхой дурьдсан байна.

15.      1945 оны улсын наадамд 1938 онд начин болсон хэмээн бүртгүүлэн барилдсан байдаг Дандарын Баясгалан нь Зүүнбаян дахь цэргийн ангиас Булганы хоёр цэрэг Даш, Чой нартай улаагаар олон хоног явж ирж барилдан гурвуулаа улсын цолонд хүрч байсан тухай дурсамж яриа байдаг.

16.      Т.Сүрэнжав нь Фрунзийн цэргийн академид сурч байгаад дуудагдан ирсэн М.Лхагва арслангаар тав давж улсын начин болсон тухай “Зуун бөхийн намтар”, “Арын хангайн бөхчүүд” бүтээлдээ С.Ням-Осор тэмдэглэсэн байна.

17.      Г.Төмөрсэрээ мөн Өвөрхангайн Га.Цоодол заанаар тав давж улсын начин цол аваад “хадагт хар” Рэнцэндорж заанд унасан гэдэг.

18.      Могод сум нь тухайн үед Булган аймагт биш Архангай аймагт харьяалагдаж байсан учраас Архангайнх хэмээн бичиж ирсэн бөгөөд Булган аймгийн Могод сумын харьяат, улсын начин цолтой, нэртэй уяач хүн байсныг нутгийнхан нь гэрчилдэг.

19.      С.Пунцагийг 1946 оны бүртгэлийг үндэслэн 1938 оны начин гэж Бат-Очир гуай “Үндэсний бөх 70 жилд” бүтээлдээ бичсэн бий.

20.      “Дэрэн бор” Самданжигмэд гуай “гүйдэг” Сүрэнжав заанд шөвгөрөх даваанд унаснаа дурссан байдаг нь энэ жилийн наадам байх.

21.      “Хужаа” Чүлтэмсүрэн гуай энэ онд тав даваад түрүү бөх Төрбатад унаснаа ярьсныг “Бөх” сонины саяхны дугаараас та бүхэн уншсан байх. Мөн Ц.Бат-Очир гуай “Спортын мэдээ” сонины 1989 он дугаараас иш татаж бүтээлдээ бичсэн буй.  

22.      Эдгээр он жилүүдэд тасралтгүй шөвгөрч байсан Данзан арсланг 1938 онд тав давсан гэж “Монгол бөхийн хөгжилт” бүтээлд бичсэн байдаг.

23.      Мөн Х.Өлзийсайхан заан (арслан)-ыг тав давж шөвгөрсөн хэмээн Л.Ням-Осор, Б.Батсүх нарын “Монгол бөхийн хөгжилт” бүтээлд тэмдэглэсэн буй.

24.      “Хөнхөр” Гомбодоржийг бас улсын заан гэж зарим ном хэвлэлд бичсэн байдаг бөгөөд энэ онд тав юм уу зургаа давсан байх магадлалтай. 1991 оны “Монголын спорт” сонины сурвалжлагчид заан цол авсан хэмээн ярьсан байдаг ч эргэлзээтэй.

25.      28. Яндаа, Намжилваанчиг нар нь арслан цолтой барилдсан баймаар, гэтэл заан гэж боссон байх юм. Үүний учрыг олсонгүй.

26.      Энэ бол цагдаа Содном заан

27.      Энэ бөх Өвөрхангайн Галсанвандангийн Цоодол заан бөгөөд тавын даваанд унасан гэдэг.

29.      Энэ нь “ягаан” хэмээх Самдан заан бөгөөд Ширчингийн Дашид унасан гэх аман сурвалж байдаг.

30.      Энэ нь Булганы Дэлгэрийн Содном заан бололтой.

31.      Чойжив заан гэж хойшид дуулдаагүйг бодоход Сэлэнгэ аймгийн харьяат Д.Чойжив начин байж болзошгүй.

32.      Архангай аймгийн харьяат энэ бөх хэдийд заан цол авсан нь тодорхойгүй. Эсвэл Ц.Бат-Очир гуайн хэллэгээр орон нутгийн цолтой бөх байх.

33.      Түвдэндорж аварга анх түрүүлэхдээ дөрвийн даваанд “пампиан” Жамъяншарав зааныг, тавд “хужаа” Чүлтэмсүрэн начинг, зургаад Я.Дорлиг зааныг, долоод Д.Данзан арсланг, наймд Б.Төрбат арсланг, есөд М.Лхагва арсланг тус тус давсныг ном хэвлэлд олонтаа бичиж иржээ.

34.      Лхагваа арслан Төрбат арсланд хандан “би зүүн тийшээ харж барилдана, чи баруун тийшээ харж барилд тэгээд хоёул үлдэе” хэмээсэн яриа байдаг. Тэгээд зургаагийн даваанд “нахиу” Гонгор заан, долоод Л.Балсан арсланг, наймд У.Дамчаа зааныг амлаж, дандаа Дорнодын бөхчүүдтэй барилдсаар үзүүрт хүрсэн нь энэ. 

Сэтгэгдэлүүд
  • ganzo IP:103.229.123.144 2016 оны 03 сарын 03

    Arhangain gd bga u.z vanchinsuren zawhani shiluustei otgon taliin hvn bsn bha
  • Цогтбаатар IP:202.180.220.76 2016 оны 03 сарын 04

    Тэр өөр Ванчинсүрэн шүү.
  • Лхагваа арслан 1939 оны наадамд түвдэндоржийг хаяж IP:85.117.107.153 2018 оны 02 сарын 09

    Шоронд орсон
Сэтгэгдэл