2016 оны 03 сарын 25

Танилц сумын заан булангийн маань зочин хорин настай, үндэсний бөхийн улсын аваргын хошой медальтай Хэнтийн нутгийн залуу зочилж байна.

1996 онд төрсөн. Аравдугаар сараас хойш төрсөн тул 1997 оны насанд гурван жил өсвөрт хүч үзсэн. Ер нь энэ насанд Дорноговийн Батсуурийн Бат-Эрдэнэ босоо чигээрээ дуусгаж, ард нь О.Эрдэнэбат, Д.Эрдэнэтулга, Х.Наранбаяр, Н.Намнансүрэн, Б.Түвшинтөгс нар урд хойноо орон байр эзлэдэг байлаа. Б.Бат-Эрдэнэ гурван алттай, О.Эрдэнэбат мөнгө хүрэл, тавдугаар байртай, Д.Эрдэнэтулга мөнгө, хоёр дөрөвдүгээр байртай, Н.Намнансүрэн хүрэл, дөрөвдүгээр байртай байх жишээний. За ингээд бичээд байвал өсвөрийн улсын аваргын түүх болох тул залуу хүчтэнийхээ талаар өгүүлье.

Осгондаваагийн Эрдэнэбат хурц арслан Доржийн Галсантөмөрийн үүсгэн байгуулсан "Адарган" дэвжээнээс үндэсний бөхийн гараагаа эхэлсэн. Баян-Адарга сумандаа 2013 онд түрүүлж сумын заан цол хүртэж, 2014 онд баталсан. 2015 оны намар Хэнтий аймгаасаа тойргийн харцага цол хүртсэн. Мөн тэрээр нэг жил бөхийн гурван төрлийн улсын аваргаас медаль хүртэж байсан ховор амжилтын эзэн. Сумогийн залуучуудын улсын аваргын мөнгөн медальтай, самбо бөхийн өсвөрийн улсын аваргын хоёр мөнгө нэг хүрэл, жүдо бөхийн өсвөрийн улсын аваргын мөнгөн медаль хүртэж байлаа.

Төрсөн ах О.Мөнх-Очир нь мөн сумын заан цолтой. Өдгөө Шонхор биеийн тамирын дээд сургуулийн оюутан. Улсын начин Шагдарын Зоригт дээр үндэсний бөхийн бэлтгэлээ базааж байгаа. 

Солгой хөлийнх нь шидийг үе тэнгийн олон хүчтэн бахдан ярьдаг. Солгой талдаа наана, этнэ, хавирна, өхийлдөнө. 2015 оны Дорноговь аймагт болсон улсын аваргад мөнгөн медалийн эзэн Хангайн Наранбаяр Б.Бат-Эрдэнэд унаж, О.Эрдэнэбатын зүүн хөлөнд өртөж хоёр унаатай тэмцээнийг дуусгаж байлаа. 

2016 оны гуравдугаар сарын сумын заануудын барилдаанд 480 бөхөөс Сэлэнгийн Сүхбатын Оргилбаатар, Архангайн Будаагийн Батсайхан нарын хоёр бяртай шилдэг заанаар тав давж шөвгөрсөн.

Авьяаслаг уран барилдаант залуу заандаа ирэх зуны наадамд цолоо ахиулахыг хүсье.

Сэтгэгдэл