Монгол адуу

     Монгол Адуу нь хагас зэрлэг, хамгийн эртний бөгөөд удамшлын бүтцэд нь огт хүний оролцоо ороогүй дэлхий дээрх цор ганц адуу юм.[1] Монголчууд эртнээс нааш морио эрхэмлэн дээдэлж, уналга, ачилга, дайн тулаанд ашиглаж ирсэн таван хошуу малын нэг учраас хөгжмийн зэмсгээ мориороо нэрлэн, төрийн сүлдэндээ хүртэл тахин шүтэж иржээ. Монголчууд дэлхийн түүхийг бичилцэж, дэлхийг байлдан дагуулж байсан бүх л үеийг чухам монгол морьгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. 2018 оны эцсийн мал тооллогын дүнгээр нийт 3,9 сая толгой адуу бүртгэгдсэн байгаа нь манай улсын хүн амын тооноос даруй 18 хувиар илүү байгаа юм.

     Mонгол морь нь жижигхэн биетэй адуунд ордог. Mонгол адуу нь жилийн дөрвөн улирлын турш (зуны улиралд дунджаар 30 °С-ээс өвлийн улиралд -40 °С хүртэлх гадны температурт) өөрсдөө өвс тэжээлээ олж идэн бэлчээрлэнэ. Гүүний сүүгээр монгол үндэстний ундаа болох айргийг хийх бол адууны махыг өвлийн идэшинд бас хэрэглэдэг. Сүүлийн жилүүдэд монгол адууны махыг япон, солонгос зэрэг улсуудад гаргаж буйгаас гадна хятад руу удаан хугацаанд нийлүүлэх талаар гэрээ хэлцэл хийж байгаа нь дуулдах болсон.

     Гадаад төрх Харагдах байдлын хувь жижиг давжаа бие, том толгойтой. Тиймээс ч заримдаа зэрлэг адуутай төстэй гэх нь бий. Дэл, сүүл нь маш урт учир адууны дэл, сүүлээр томсон бүтээгдэхүүн их хийх ба ялангуяа сүүлний үсийг дэлхий даяар хийлийн чавxдас хийхэд ашигладаг. Туурай нь ихээхэн бат бөх учраас маш цөөхөн тооны адуунд тах хэрэглэнэ. Биеийн галбир Монгол адуу нь арчилгаа шаарддаггүй, тэсвэртэй бөгөөд бартаат замд алхаа гишгээ найдвартай. Монголын ихэнх адуу сул чөлөөтэй бэлчээрлэх бөгөөд бүх адуугаа уналганд сургах ба нэгэнт сургасан адуу нь монгол хүний найдвартай унаа болдог. Монгол эмээл нь модон хийц бүхий өндөр суудалтай учраас адууны явдалд үзүүлэх хүний нөлөө бараг байхгүй. Тиймээс ямар явдлаар явахаа үндсэндээ адуу өөрөө шийднэ гэсэн үг. Энэ нь нөгөө талаас адуучинд адууны нуруун дээрээс бусад ажлаа (жишээлбэл морь уургалах, мал туух, нум харвах гэх мэт) чөлөөтэй гүйцэтгэх боломжийг олгоно. Ихэнх тохиолдолд монгол адуу өөрсдөө жороолох учир явдалтай моринд ордог.

       Уралдааны морьдыг хүүхдээр унуулан, нэг дор 35 километр хүртэлх зайг сунган давхиулна. Уралдааны морьдын бас нэг онцлог нь баяр наадмын өмнөх сунгаанд олон хоног бэлтгэгдэх учир хүүхэд нь унасан ч бусад уралдаж буй морьдыг даган барианд ортлоо давхих чадвартай байдаг.

        Монгол адууны гарал үүслийг тодорхойлоход ихээхэн бэрхшээлтэй. Манай эриний өмнөх 2000 жилийн өмнө буюу одоогоос 4000 жилийн тэртээгээс Төв Азийн нүүдэлчид адууг уналгад ашиглаж байсан нь баримтаар нотлогдсон. Судалгаагаар монгол морь нь дэлхий дээрх хамгийн олон генетикийн төрөл зүйлтэй болох нь тогтоогдсон ба түүний дараа тува морь ордог аж. Энэ үүднээс нь харвал монгол морь нь маш эртний угсаа гаралтай, түүний үүлдэрт хүний оруулсан нөлөө хамгийн бага адуу юм. Мөн орчин үеийн судалгааны дүнгээс харахад өнөөдөр дэлхий дээр байх морины олон үүлдрүүдээс нэлээд нь монгол адуунаас гаралтай болох нь тогтоогджээ. 

         Викингчүүд Исландад суурьшин амьдарч эхлэхдээ өөрсдийн олзолсон олзны монгол адуугаа тус аралд тэнгис гатлан аваачиж байсан нь өнөөгийн исланд адууны өвөг болсон байна.  Монголын соёл дахь монгол морины нөлөө Монгол морь нь монголчуудын амьдралд маш чухал нөлөөтэй, дан ялангуяа малчдын өдөр тутмын уналганы унаа болон хэрэглэгддэг. Түүнээс гадна хурдан морины уралдаан нь бөхийн дараа орох хоёр дахь чухал уламжлалт спорт юм. Мөн түүнчлэн монгол морины дэлэн дээрээс Монголчууд түүхэндээ олон удаа мандан бадарч явсан ба оргил үедээ буюу 13-р зуунд дэлхийн талыг эзлэхэд чухал нөлөө үзүүлсэн "зэвсэг" байсан юм. 20-р зуунд ч мөн Зөвлөлт Холбоот Улсын хийсэн аугаа их эх орны дайны жилүүдэд Монголчуудаас Оросуудад нийлүүлж байсан тусламжийн хамгийн чухал нь байсан юм. Тийм ч учраас Монголчууд «Морьгүй хүн, далавчгүй шувуутай адил» хэмээн хэлцдэг. Монголчууд морины тухай олон олон үлгэр домог, бүтээл туурвисан байдаг. Үүний дотор "Эрт урьдын цагт Болдоггүй бор өвгөн байж гэнэ. Өвгөн долоон бор хонь, нисдэг бор морь бас нисдэггүй борь морьтой юм гэнэ"  хэмээн эхлэх үлгэрээс эхлээд «Хоёр сайн морь», «Хөхөө Намжил»ын нисдэг хул морь гээд л цааш үргэлжилнэ. Морины дэл нь адууны сүлд хийморь, хүч чадлыг агуулдаг хэмээн үздэг учраас азарганы дэлийг огт хөнддөггүй.