МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААН УЯАЧДЫН ХОЛБОО
2019 оны 04 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордны Их танхимд, 797 төлөөлөгчтэйгээр Анхдугаар Их Хурлаа амжилттай хийж, Үндэсний холбоо байгуулагдсан. Анхдугаар Их хурлаар Үндэсний холбоон дүрэм хэлэлцэж баталж, Анхны Ерөнхийлөгчөөр АИХ дарга асан, Монгол Адуу нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, Жамбын Гомбожав 98,1%-ийн саналаар сонгогдсон.
“Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбоо” нь Үндэсний их баяр наадам, Монгол наадам, Монгол адуу, үндэсний соёлын өвөө хамгаалах үндсэн зорилготой бөгөөд нийт уяачдын 90 гаруй хувийг бүрдүүлж буй хөдөөний малчин уяачдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалахаар ажиллаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэсний дагуу Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр бөгөөд төрийн хамгаалалтад байх ёстой.
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Хүн төрөлхтний Төлөөллийн жагсаалтад Монгол Наадам соёлын биет бус өвийг 2010 онд бүртгүүлэхдээ “Эсгий туургатны нийгэм төрийн их баяр. Эрийн гурван наадамд бөх, хурдан морины уралдаан, сурын харваа багтана. Энэхүү баяр наадам нь нэн эрт үеэс эх үүсгэлтэй бөгөөд аян дайнд мордох, дайн байлдаанд ялах, хаан өргөмжлөх, эр цэргээ бүртгэх, тэнгэр хангайг тахих зэрэг ёслолыг үйлдэхэд эрийн гурван наадмыг дагалдуулан хийдэг байсан. Улмаар эрийн гурван наадам нь улс нийгмийн чанартай төрийн их баяр ёслол болсон бөгөөд хурдан морины уралдааныг азрага, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьдыг уралдуулдаг” гэж бүртгэсэн. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь Монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гээд “Монголын түүх, хэл соёл, шашин, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авах...... биет бус соёлын өвийг хамгаалан хөгжүүлэх.....” зэрэг нь соёл иргэншлийн аюулгүй байдлаа хамгаалах үндэс болохыг заасан байдаг.
Манай Үндэсний холбооны гол үзэл баримтлал бол Улсын баяр наадам, /улс, аймаг, сум/ бүх түвшинд, Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдаж байгаа улсын бүсийн наадамд хурдан морины уралдаанд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу Монгол адуугаараа уралдах, нийт малчин уяачдад тэгш шударга наадах боломжийг бүрдүүлэх, үндэсний уламжлалт соёлын өвөө хамгаалах явдал юм. Үндэсний холбооны зорилтууд:
Нэгдүгээрт, Үндэсний их баяр наадам, үндэсний холбооноос зохион байгуулж буй баяр наадам, хурдан морины уралдаанд уралдах морьдыг наадмаас өмнө урьдчилан үүлдэрлэг байдлыг тогтоох, удам зүйн бүртгэлийн гэрчилгээ олгох, ил тод, нээлттэй бүртгэлжүүлэх, хөндлөнгийн мэдээлэл тулгуурлан дахин магадлах, байнгын ажиллагаатай байгууллага байгуулах
Хоёрдугаарт, Унаач хүүхдийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд уяач, наадам зохион байгуулагчид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлж, эрх зүйн орчныг сайжруулахад санал гаргах, төсөл боловсруулах, хариуцлага хүлээлгэх механизм байнгын ажиллагаатай байх, бүтэц бүрдүүлэх
Гуравдугаарт, Хууль тогтоомжийн өөрчлөлтөд саналаа гаргаж, батлуулах үйл явцад нөлөөлж, батлуулах, улмаар үндэсний уламжлалт, соёлын өв, ахуй, үнэт зүйлээ хамгаалах, хойч үедээ өвлүүлэхэд анхаарах
Дөрөвдүгээрт, Үндэсний их баяр наадам буюу улс, аймаг, сум, дүүргийн баяр наадмаар зөвхөн Монгол адуугаа уралдуулах, маргаангүй ялгах зорилгоор одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Малын генетик нөөцийн тухай хуулийн дагуу төр Монгол малын генетик нөөцийг бүрдүүлснээр, цаашид удам зүйн төвшинд бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлэх
Тавдугаарт, Хурдан адууны фермэр байгуулж, эрлийз адуу үржүүлэгчдийг хүндэтгэх, хурдан морины уралдааны төрөл, ангиллыг нэмэгдүүлэхийг дэмжих, шударга өрсөлдөх, наадах боломжийг эрэлхийлэх