2016 оны 05 сарын 06

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат сумын заан Баярын Данзанрагчаа 1994 онд төржээ. Удам сударт нь тодорсон бөхийн удам үгүй гэнэ. Говьсүмбэр аймгийн харьяат аймгийн заан Ш.Наранбаярын удирдлага дор бэлтгэлээ базааж 2012 оны үндэсний бөхийн улсын аваргад хүч үзэж байсан. 2014 онд Дэлгэрхангай сумын баяр наадамд Адаацаг сумын харьяат сумын заан Сумъяагийн Даваасүрэнг орхин түрүүлж заан цол хүртсэн. Одоо Шонхор биеийн тамирын дээд сургуулийн гуравдугаар курсийн оюутан. Шонхор сургуулийн нэг хоёрдугаар курсийн барилдаанд түрүүлсэн бол саяхан болсон Шонхор сургуулийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд жиндээ түрүүлсэн. Өнгөрсөн жил Дарханд болсон үндэсний бөхийн залуучуудын улсын аваргад тун хүнд зооноос мултарсан. Тус зооноос Батсүхийн Зоригтбаатар нэгээр гарч, Булганы Э.Эрдэнэбаяр, Дундговийн Б.Данзанрагчаа, Сүхбаатарын Г.Мөнх-Эрдэнэ, Төв аймгийн И.Мандах, Өвөрхангайн Б.Гүнсумъяа нар биесээ тойрч даван даваа тэнцэж нэмэлт барилдаан хийсэн. Идэрийн Мандах нэг унаатай хагас шигшээд шалгарч байлаа. И.Мандах Шонхор сургуулийн оюутан Баярын Данзанрагчаад цавчиж мордуулан унаж, бусад бүх өрсөлдөгчдөө хаяж байсан билээ. Б.Данзанрагчаа нэмэлт барилдааны хоёрдугаар тойрогт Булганы Э.Эрдэнэбаяртай хамаг юмаа дуустал барилдаад дараагийн тойргуудад унаж байсныг бичигч миний бие сайн санаж байна. Харин МБӨ-нд болсон үндэсний бөхийн оюутны багийн тэмцээнд Шонхор сургууль ялагдалгүй тэргүүлэхэд Б.Данзанрагчаа шийдвэрлэх даваануудыг авчирсан юм. 

Өнөө жил Дундговь аймагт болсон аймгийн аварга шалгаруулах барилдаанд гуравдугаар байрт шалгарч тойргийн начин цол хүртсэн. МБӨ-нд болдог сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн арваннэгдүгээр сарын барилдаанд Өвөрхангайн М.Ууганбаатар, Н.Даваадорж нарыг орхиж тавын даваанд Г.Цэнддоржид унасан. Арванхоёрдугаар сарын барилдаанд дөрвийн даваанд өнөө жил шилдэг од Га.Бат-Эрдэнэд унасан. Нэгдүгээр сарын барилдаанд дахин дөрвийн даваанд Р.Бэхбатад унажээ. Гуравдугаар сарын ээлжит барилдаанд тавын даваанд Увсын Э.Лхамхүүтэй тунаж унасан. Сумын заануудын барилдаанд шөвгөрөх даваанд хоёронтоо гарч хүч үзсэн дуу хуурын өлгий нутгийн шилдэг заандаа амжилт хүсье.

Өнөө жилийн сумын заануудын нээлтийн барилдаан дээр. Гэрэл зургийг зохиогч

Сэтгэгдэлүүд
  • sain IP:59.153.85.66 2016 оны 05 сарын 07

    mundag zaluu bn sain barildarai nutgiin duu
  • lus IP:88.235.37.246 2016 оны 05 сарын 08

    ondor tsolond hvreerei amjilt hvsie
Сэтгэгдэл