Түгээмэл тохиолдох өвчин эмгэг: Нуруугаа авах

6/10/2019 5:20:57 PM

Нуруугаа авах

Уналгын морийг зохисгүй унаж эдлэх, эмээлийн тохом нимгэдэх мөн хөлстэйд нь нар, салхи, хар чийгт цохиулсан зэргээс болж морь нуруугаа авдаг. Манай малчин ардын үгэнд “зөв сайхан унаваас моринд газар холдохгүй” хэмээдэг. Иймд морины нуруу авахаас сэргийлэх явдал их чухал. Энэ талаар малчид их туршлагатай. Жишээ нь намрын хар хяруунаар морины эмээл авахдаа нуруунд нь үнс цацна. Цагаан хярууны үеэр морины эмээл авахад гэмгүй гэх боловч хөлөрсөн морь мөн л хүйтэнд жин цохиулж болзошгүй учир тохом татаж хонуулдаг. Хаврын улиралд унасан морийг услахын өмнө амьсгааг нь дарж амраагаад, усалсны дараа өвс идүүлнэ. Ингэхгүй бол усан жилбэн болдог гэдэг. Зуны улирлын их халуунд унасан морины эмээлийг үдийн халуун нарнаар эсхүл орой, үдшийн хар чигнээр авах хэрэг тохиолдвол зоо нурууг усаар шавших буюу хуурай үнс цацаж эгшээнэ. Намрын шар нарнаар ширүүн унаснаас болж ядарсан морийг услахын өмнө амраахгүй бол нуруу нь хавдаж задардаг, тосон жилбэн туслаа гэдэг.          

            Хавар, өвлийн цагт адуунаас барьж аваад, хоёр гурав хоног унаагүй морийг малчид “хор гараагүй морь” гэдэг байна. Тийм морийг цасны ус уулгах, цас идүүлэх ахул нуруу задрах, оёг гэм олох талтай. Энэ бүхнийг малчид мал малласан олон зуун жилийн туршалагаасаа олж мэдээд зогсоогүй, өдөр тутмынхаа ажил амьдралд анхаарч ирсэн түүхтэй.

            Олом жирэм сул байснаас эмээл холхиж морины нуруу зүлгэгдэх тал байдаг учир олмоо мордохдоо чангалж, буухдаа сулруулна. Морийг эмээллэхдээ морио салхин өөд харуулан зогсоож үсийг нь сөргөөлгөхгүй эмээллэхийг чухалчилдаг. Эмээлийн хэрэглэлийг тохируулах явдал их чухал. Хэрэв хавтас нарийхан, дотогшоо овон товонтой, уяа зангилаатай, тохом дайртай, нимгэн байвал морины нуруу амархан авна. Моринд хэтэрхий дүүжилж гуйвуулан мордох, явахдаа хоёр хөлөө хэт давирах, биеэ хойш урагшаа займчуулах, мориноос буулгүйгээр өвс идүүлэх зэрэг нь морины нуруунд их халтай гэж үздэг.

            Морины нурууны арьс нь аль нэг хэсэгтээ зүлгэгдэж хөрсгүй болсон байвал тостой хөө, тарваганы тос, түүхий сүүний цөцгийн тос, шар тос зэргийн алт нэгийг түрхэж, эдгэрч хөрс сууж, үсс ургатал нь эмээл тохохгүй байх, хэрэв уг морийг заавал унах хэрэг болвол тохомоо цоолж тохоод эмээллэж болно. Тэрчлэн тохмонд зөөлөн хөлсөвч давхарлаж тохно. Морины нуруунд шинэ сэрэг үүссэн битүү хавдрыг хүйтэн жин тавих, давстай хүйтэн усаар шавших, эмээлийн судас хатгах буюу хойш татах (сүүлний гол, сүүлний уг, зооны судас хатгах) зэрэг арга засал хэрэглэнэ.

            Олон дахин нуруугаа авсан морийг үхмэл нуруутай морь гэж ярьдаг . Ийм морины нуруу битүүрч эдгэрэх боловч эмээл тохуут нуруу, мундаагаараа овойн хавдаж заримдаа цоордог байна. Үхмэл нуруутай морины нурууны үхсэн махыг эрүүл маханд хүртэл өвчиж авна. Үхмэл мах нь  хар хүрэн өнгөтэй, эрүүл мах нь улаан ягаан өнгөтэй байдаг .

Морины үхмэл махтай нурууг задалж эмчлэх арга бий. Үүнд, хонины халуун уушгиар бүтэн өдөр хөхүүлэхэд уушги ногоорч, нурууны мах ягаардаг байна. Үүний дараа үхсэн махыг өвчиж, цагаан мөөгнийн шөл, ханд зэргээр шавшиж тостой хөө хийж эмчилнэ.

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016,  151-р тал 

 


Сэтгэгдэл оруулах