Адуунд зуны бэлчээр сонгох тухай

6/11/2019 3:45:12 PM

Зуны бэлчээр

Зун адууг өглөө эрт гилж алсын бэлчээрт явуулна. Бэлчээр нь өндөр, сэрүүн, уул толгодын орой хяр бүхий булаг нуур голд ялаархан хорж зогсохгүй, хээрийн бэлчээрт таруун байдлаар идээшлэх газрыг сонгох нь чухал. Зуны цагт бол горхины өлөн ширэг, усархаг ногоо идсэн адууны тарга муу байдаг. Хүч тарга нь бүрэн тогтоогүй үед хүйтэн бороо, шамарга, мөндөр орвол нөмөр нөөцтэй бэлчээрт тогтоон манах хэрэгтэй. Зуны халуун өдөрт уулын хяр, ухаа, нуруу сээр, нугаар ус хужир элбэг, ялаа шумуул, ялангуяа шар хэдгэнэ багатай өтгөн өвс ургамалтай нутагт маллана. Тэгэхдээ бог малын бэлчээрээс алс зайдуу нутагт маллах, ялангуяа өдөр шөнийн цагт идээшлэн өвс тэжээл иддэг онцлогийг харгалзан бэлчээрт ойр нутаглах чухал. Өөрөөр хэлбэл, бэлчээх, гаднаа хурааж ирэхэд их цаг алдаж хол зам туулахгүй байхаар бэлчээр нутгийг сонгон нутаглавал зохино.

            Зун, намрын улиралд адуунд урсгал тунгалаг устай, хуурайвтар хөрстэй нутаг нэн тохиромжтой. Зун ногоонд цадсан адууг хааяа салхины уруу ширүүн тууж хөлөргөхөд амархан тэвээрч цаашдаа сайн таргалдаг. Газрын гарц сайн жил, зуны дунд сард гүйцэд тэнхэрч, гүүний сүү шим сайжирч унага бүрэн махалдаг. Энэ үед гүүгээ барьж, сувай адууг ялган зуны оторт гаргах ашигтай.

Зургийг Бат Амьдралын сан хөмрөгөөс 

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016,  74-р тал 

 


Сэтгэгдэл оруулах