Азарга шинжихдээ юуг анхаарах вэ

6/11/2019 4:34:20 PM

Монголчууд сайн азаргыг эхлээд удам угсаа, биеийн галбир, уналга эдэлгээний болон хурдлах чадвар, үр төлийн чанар зэргээр шинждэг. Эртний нэгэн сударт “... эцэг, эх хэрэгтэй, эцэг эх хоёр сайн нь хэрэгтэй билээ. Үлгэрлэвэл: Эцэг цутгах эдтэй адил. Мөнгөөр цутгавал мөнгө больюу. Тугалгаар цутгавал тугалга больюу. Эх нь тарианы газар больюу. Тарианы газар муу бол тариа муу болох. Эцэг эх хоёр муу бол хөвгүүн сайн үл болохоор ухагдах болой” хэмээжээ. Сайн азарганы шинж нь толгой хатингардуу, магнай тэнэгэр, чих урт, хамрын нүх уужим, зовхи зузаан сормуус урт, цээж өргөн, мундаа сэрвээ өндөр, хавирганы матаас сайн, нуруу шулуун, зоогоороо ялимгүй бөгтрөгтэй, ташаа өргөн, үс шигүү бөгөөд олон эргүүлэгтэй, хөлийн гишгэдэлт зөв, тэгш, туурай хомбон хэлбэртэй, хурц ирмэгтэй, өсгий зузаан, борви тэнүүн, сагаг босоо, шилбэ бүдүүвтэр, гэдэс хэвлий тавиун байх нь зохистой хэмээдэг. Адууны шинжийн нэгэн сударт: сайн азарга нь “Хөмсөг, их зовхины дотор 56 сахал ургах, омруу нь тэлүү, өвдгийн нүд бөөрөнхий, таваг их, цөгц нь өтгөн, нимгэн, хойт таваг их, бөгс нь хөөнгө, шүдлэн насандаа чанга, гуядахад шарвана, чих нь богино, дэл хүзүү, дух цонхны дунд эргүүлэгтэй. Дэл нь хоёр тийшээ унасан, хөхөл нь богино, сүүл нь шингэн, ахар чихтэй, гэдэс нь их, хоёр суганд нэвт эргүүлэгтэй, нүд нь гахай, өгзөг нь бөгтөр, ганцаар явахад бүдрэмтгий, дуу нь их, бөгс нь хатингар, бүхэл бие нь бөгтөр, салтаа агуу, ботгон борвитой, ойрхон хурдан ам хатуутай байдаг. Энэ цагийн сайн азарга гэгч бүх бие төгс болоод бие нь агуу цээл, дэл сүүлийн хялгас бүдүүн эрчтэй, хариг насандаа сайн унага төрүүлнэ. Сайн азарга гэгч дэл, сүүл өтгөн, бие нь дөрвөлжин хэвтэй, хоолой өөд  нар зөв олон эргүүлэгтэй, биед есөн өнгөтэй” хэмээжээ. Монголчууд удам судрыг мэдэхгүй азарганд гүү байдсаа нийлүүлэх, тийм үрээгээх азарга тавихаас ихэд болгоомжилдог. “Азаргаараа олон оролдвол адуугүй болохын шинж” гэдэг үг бий.

 

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016,  108-р тал

 

 


Сэтгэгдэл оруулах




[66.181.161.126] 9/7/2019 6:25:29 PM

Zarhuu

[112.72.11.118] 6/15/2019 10:47:14 PM

Zarhuu 88225891

Jargalhkuu [202.126.88.154] 6/14/2019 7:02:10 PM

Azarga shinjih