Сайн моринд байх таван шинж

6/12/2019 3:07:23 PM

Сайн моринд байх таван шинж

            Сайн морины нүд ширүүн харцтай уулинхархай, бие нь ерөнхийдөө бөгтөр, шөрмөс сэртгэр, цээж нимгэн хатуу, магнай зузаан, бэрэвхий богино, хойд туурайн моголцог урт, шөрмөс хийтэй далиу, өргөн өндөр аман хүзүү бүдүүн, толгойн мах хатингар, олон ясны уулзуур болон салтай. Гуу сүвээний хавирга матаастай, дэлүү,  ташаа цухал, хас нь дүүрэн, зоо нуруутай бөгтрөгтэй, хөл эрс, хүзүү нарийн урт, сүүл эрчтэй хатуу байх эдгээр шинж цөм бүрдвэл түмэн мянгад төрөх төвөггүй ганцаар түрүүлэх эрхэм сайн морь буй.

            Сайн морь олон адуунд байхад. Тарган цатгаланд нь үзвэл дээр гурван овоо (толгой, мундаа, хондлой) тэгш, доор гэдэс бумба мэт, чих дэлэндээ үл харагдах, хөхөл шингэж нүдэндээ үл хүрэх, доод уруулаас дээд уруул элбэг илүү, хойд туурай урьдахаасаа их, хүнийг угтаж харах юм бол лавтай сайн морь буй.

            Холоос харахад урд хөлөө урагшаа шаасан гадас мэт тун шударга гишгэн зогсож байвал эрхэм сайн морь буй. Их ч, бага ч гэсэн морины хэлбэр нь дөрвөн хөл бөгөөд сайн муухай ч болов хүзүү урт, дөрвөн цөгц сэтэрхий, хоёр сүвээ тулсан, дөрвөн хөлдөө нэвт эргүүлэгтэй, дөрвөн шүд гарсан энэ таван шинж төгссөн бол ойр буй.

            Хүний хэл мэддэг, зүр хүлгийн хэлбэр. Бяцхан толгойтой, шовх дэл хошуутай, дэл сүүл шингэн бол их гуятай бөгөөд ганцаар явахдаа хашин. Ийм морь унаган цагтаа нар шингэтэл хэвтэхгүй буй. Энэ хэсгийн 1-д хурдан, 2.3-д сайн морины тухай нэлээд шуудхан хэлсэн боловч 4.5-д хэлсэн нь төдийлөн ойлгомжгүй юм шиг байдгийг нягталж үзвэл зохилтой.

Зургийг С.Мөнхдэлгэрийн сан хөмрөгөөс

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016, 472-р тал 

 


Сэтгэгдэл оруулах