Гүүний хээлтүүлэг

6/13/2019 4:16:44 PM

Гүүний хээлтүүлэг

            Гүү дунджаар 11 сар гаруй буюу 335 хоног хээл тээх боловч үүлдэр, омог, нас, тарга хүч, арчилгаа маллагаа, тэжээл, хээлийн хүйс, нутаг, тухайн адууны онцлогоос шалтгаалан 320-320-49 хоногт хэлбэлзэнэ. Монголчууд үржлийн малыг ихэд хамгаалж, удамших чанар, чадварыг хамгаалахаас гадна хээлтүүлэгийн ашиг шим, бие бялдар, галбирыг харгалзан тавьдаг уламжлал  эдүгээ ч буй.

            Адууг өсгөж үржүүлэхэд сүргийн доторх хээлтэгч, хээлтүүлэгчийг зөв тохируулах явдал чухал ба эрдэмтэд адуун сүргийн 35 хувийг гүү эзэлж байвал хэвийн өсөлтийг хангах боломжтой гэж үздэг байна.

            Гүү хээлтүүлэх аргыг ерөнхийд нь ердийн ба зориудын гэж хоёр ангилах бөгөөд ердийн нийлүүлэгийг  бэлчээрийн чөлөөт, сүрэглэн ялгах, хаших, гардан хээлтүүлэх гэж ялгана.

Гардан хээлтүүлэх арга Үржлийн чанар сайтай азаргаар олон гүү хээлтүүлэх. Ороо нь орсон гүүг гардан хээлтүүлэгт байгаа ашиглаж байгаа азарганд 1-2 удаа гишгүүлээд, сүрэгт нь нийлүүлэн дараагийн өдрүүдэд ороо нь хэвээр үргэлжилбэл өнжөөд дахин гишгүүлнэ. Гардан хээлтүүлэгийн үед нэг азарганд 35-40 гүү ногдуулна.

Ангилан сүрэглэж хээлтүүлэх арга Энэ аргыг хурдан удамтай үржлийн адуунд хэрэглэдэг. Азарга, гүүний анги, удам, угсаа, галбир, хийц, бие цогцос, хэвшил, насны байдлыг харгалзан тохируулна. Гүүг ангилан азарганд хураалгахдаа, тусгай хашаанд нийлүүлэн хашиж, ижилсүүлэн дасгасны дараа сүргээс ялган бэлчээнэ. Ингэж ангилж ялгасан адууг азарга, азаргаар нь тусгай маллаж, саалинд мөн азарга, азаргаар нь оруулна. Энэ аргаар гүү хээлтүүлэхдээ нэг азарганд 20-25 гүү хураалгаж болно. Анх хээлтүүлэгт ашиглаж байгаа азарган үрээ, мөн бүдүүн азарганд 12215 гүү ногдуулна.

Хашаалан хээлтүүлэх арга Үүгээр зөвхөн тохируулан сонгосон азарга гүүг хээлтүүлнэ. Чингэхдээ сонгон авсан гүүг ижил адуутай хамт тусгай хашаанд сонгосон азаргатай нийлүүлнэ. Хэрэв азарга ороотой гүүг олж 1-2 удаа гишгэвэл адууг бэлчээрт гаргана. Шаардлагатай үед үржлийн сүрэгт туршигч азарга тавьж ороотой гүүг илрүүлээд, түүнийг тохируулан сонгосон азарганы хамт хашиж 1-2 удаа гишгүүлэн сүрэгт нийлүүлж болно. Энэ аргаар 1 азаргаар 25-30 гүү хээлтүүлж болно.

Хээлтүүлгийн аль ч аргыг сонгосон азаргыг амраах, сайтар арчилж маллах, сүргээс нь тусгаарлан нэмэгдэл тэжээл өгөх зэргээр онцгой анхааран арчлах хэрэгтэй.

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016, 116-р тал 

 


Сэтгэгдэл оруулах