2016 оны 09 сарын 19

Нээлтийн барилдаанд түрүүлсэн хүчит зааны талаар гурван жилийн өмнө оруулж байсан танилцуулгаа дахин орууллаа.

Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат сумын шилдэг заан Тогтохын Хайдавдорж. Хэдэн жилийн өмнөөс л өөрийгөө түмэнд таниулсан бөх дөө. Аварга биеийн тамирын дээд сургуулийн үндэсний бөхийн ангийг суралцаж төгссөн. Үндэсний бөхийн ангийн анхны төгсөлт нь Б.Сангисүрэнгийн алдарт анги бол хоёрдахь ангийнх нь хүчтэн Хайдав заан юм. 2011-2012 оны улирлын барилдаануудад гялалзсан сайхан барилдаан үзүүлж "Нутгаа дуурсгана" багийн барилдаанд гуравдугаар тойргоос оролцож Булганы багийн дөрвөн бөхийг бүгдийг хаяж гялалзсан барилдаан хийж байсан ч зун нь баяр наадмын өмнө гэмтэл авч наадмыг өнжиж байлаа.

Сумын заанууд шуугисан, ширүүн барилдаан олон гардаг боловч Т.Хайдавдорж, Х.Цогтгэрэл нарын гайхалтай барилдаан одоо хүртэл санаанд тод байдаг. Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын өсөх идэр начин Ц.Сумъяабээс, аймгийн заан Б.Буянмөнх, аймгийн начин А.Хосбаяр, сумын заан П.Өсөхбаатар, аймгийн арслан Б.Бат-Орших гээд олон олон сайчуудыг үзэгчдийн суудалд шилжүүлж явсан энэ хүчит бөх сумын заануудад тогтмол сайн барилддаг. Сумын заанд барилдах бүртээ тав буюу түүнээс дээш давдаг, голдуу түрүү үзүүр шөвгийн бөхөд тахим буулгадаг. Бүр 2010 оны намар л сумын заануудын барилдаанд дөрөв давж Оргодолын Үйтүмэнд унаж байсан бөх. Тэр өвлөө сумын заануудын барилдаанд наймд үлдээд Булганы П.Даваадоржид унаж байв.

2011 оны цагаан сараар тав даваад үзүүр бөх Б.Энх-Очирхуягт, өвөл нь 608 бөхөөс тав давж Булганы Х.Цогтгэрэлтэй тачигнасан барилдаан хийгээд өвдөглөв. 2012 оны цагаан сараар 448 бөхөөс тав даваад эвгүй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор орж байсан Гэлиймаагийн Биндэрьяатай тунаж унажээ. Хавар нь гурван сард сумын заанд одоогийн манлай заан Ховдын Б.Баянмөнхийг амалж хаян зургаа даваад Б.Энхсайхантай тунаж унасан. Мөн жилийнхээ хаалтын барилдаанд дахиад л тав давж Өлгийн Б.Төмөрбаатарт шороодов.

Могой жилийн цагаан сараар дахин тав даваад Төв аймгийн Доржсүрэнгийн Батсүхэд унасан. Батсүх тэр барилдаанд Ховдын хоёртой гуравт үлдсэн. Өнгөрсөн хавар Төрболд, Төмөрхүлэг, Жамбалдорж нарыг дараалан хаяж их шөвгийн дөрөвт шалгарсан Өлгийн У.Берекед унасан юм. 2013 оны сумын заануудын нээлтэд мөн л илүүрхсэн барилдаанууд хийгээд Өвөрхангайн Г.Цэнддоржийг гурван бөхөөс амлаж унав. 2013 оны арваннэгдүгээр сарын барилдаанд зургаа давж Б.Чимэдванданд унасан. Барилдах болгондоо таваас дээш давдаг, үеийхэн дундаа гар сайтайгаараа гайхагддаг энэ залуу сумын заануудын барилдаанд түрүүлчих дайны юмтай л бөх.

Өчигдөр энэ хүчтэн МБӨ-нд мөн л удаан хугацааны дараа гарч ирэн 360 сумын заанаас урамтай сайхан барилдаж түрүүллээ.

Сэтгэгдэлүүд
  • Zaya IP:27.123.214.110 2016 оны 09 сарын 20

    Mundagshde ulam ih amjil husie
Сэтгэгдэл